Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга И.Баатархүү, нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар төв талбайд жагсаал хийж буй иргэдтэй уулзаж байна. Улмаар суулт хийж буй иргэдэд гэр барих зөвшөөрөл өглөө. Гэхдээ тухайн хоёр гэрийг Сүхбаатарын талбайн үл хамаарах хэсэг буюу авто зогсоол дээр гэрээ барь гэлээ. Тэгвэл эл шийдвэрийг иргэд эсэргүүцэж байна. Тэд "Ард иргэд туйлдаж, сайн хууль баталж, зөв тогтолцоо бүрдүүлэхийг шаардаж буй. Нүүрсний хулгайч нараа зарлахыг мөн шаардаж буй. Өмнө нь Сүхбаатарын талбайд өчнөөн удаа гэр барьж байсан. Бид яагаад алгын чинээ гэр бариад шаардлагын хариугаа хүлээж болохгүй юм" хэмээн бухимдлаа илэрхийлэв. Харин НЗДТГ-аас Жагсаалын тухай хуульд төв талбайд гэр барихыг хориглосон хуультай. Авто зогсоолд гэрээ барьвал тог цахилгаанаар хангана хэмээлээ. НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан” хэмээв.