Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг ил тод нээлттэй болгосныг “Эрдэнэс Монгол” компаниас өчигдөр мэдээллээ. Тус компани нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км урттай, хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг. Тиймээс тус зам дагуу хоёр байршилд өнгөрсөн аравдугаар сарын эхэнд автомашины дугаар танигч бүхий ухаалаг камер суурилуулан, хөндлөнгийн хяналтыг сайжруулсан байна. Ингэснээр нүүрс тээврийн автомашинууд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах, том болон жижиг оврын тээврийн хэрэгслийг сольж бүртгэх, заримыг нь бүртгэлгүй, хураамжгүй нэвтрүүлэх явдлыг халсан аж. Цаашилбал энэ нь хууль бус нүүрс тээврийн зөрчлийг арилгахад дөхөм болохыг дээрх компаниас дурдлаа. Иргэд, аж ахуйн нэгжүүд дээрх авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг erdenesmongol.mn цахим хуудаснаас харж болох нь.