Хэнтий аймгийн Батноров сумын харьяа Бэрх тосгонд Кэмбрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх, 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль барьжээ. Орон нутгийн сурагчид олон улсын жишигт нийцсэн сургуульд суралцана гэдэг нь сайн хэрэг. Гэвч яагаад 2000 гаруйхан хүн амтай Бэрхэд ийм сургуулийг барив гэдэг асуулт олон хүнийг гайхшируулав. Хариулт олох гээд үзье. Бэрх нь Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сурч боловсорч, ажиллаж амьдарч байсан нутаг учраас уу. Тэрбээр төрийн дээд албан тушаал хаших болсноор өөрийн нутагтаа багагүй хөрөнгө оруулалт татаж, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь энэ юм. Үүнийг олон улсын сургалттай “Бэрх” сургууль гэж нэрлэжээ.
Бэрх тосгонд олон улсын стандарт хангасан сургуулийн барилга барихад улсын төсвөөс 4.9 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах тухай тендерийн урилгыг 2020 оны долдугаар сарын 2-нд www.tender.gov.mn цахим хуудсанд байршуулжээ. Захиалагч нь Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар бөгөөд гүйцэтгэгчээр нь “Хүрэл ордон” гэх компани шалгарсан байна. Улмаар барилгыг хэдийн барьж, ирэх хичээлийн жил гэхэд ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Холбогдох албаныхан нь “Олон улсын сургалттай “Бэрх” сургууль нь зөвхөн тосгоныхоо хүүхдүүдийг сургах биш, зүүн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж тайлбарлаж байна. Хэдий тийм байлаа ч Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ та зөвхөн Бэрхийн бус, Монгол Улсын Ерөнхий сайд гэдгээ мартах учиргүй санагдана. “Эхлээд нутаг орноо нүхэн жорлонгоос нь салгачихаад Кэмбриж гэж яриасай” гэж шүүмжлэх хүн цахим орчинд бишгүй.
Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, олон хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл нийслэлээс 400 км алслагдсан, буйдхан газарт өндөр өртгөөр ганц сургууль барьсныг олон нийт шүүмжилсээр байна. “Бэрх 1000-хан хүнтэй байж 640 хүүхдийн багтаамжтай сургууль барьжээ. Тэдний 40 нь багшлах бол үлдсэн хүмүүс нь хөгшин, залуу, хүүхэд гэхгүй тэр сургуульдаа сурах нь дээ” гэсэн онигоо шиг яриа ч гарав. Түүгээр зогсохгүй, хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийг хүнгүй газарт “түгжлээ” гэсэн шүүмжлэл Ерөнхий сайдыг чиглэж буй. Энэ нь ч үнэний ортой. Өөрөөр хэлбэл, маш цөөн хүн амтай, алслагдсан газарт олон улсын гэх тодотголтой сургууль барьсан нь нүдээ олоогүй шийдэл юм. Үүний оронд Хэнтий аймгийн төв Чингис хот, эсвэл 10 мянга орчим хүн амтай, хөгжлөөрөө Бэрхээс хавь илүү Бор-Өндөр сумд барьсан бол илүү оновчтой байх нь мэдээж. Түүнчлэн Улаанбаатарын аль ч хэсэгт сургууль хүрэлцээгүй байгаа шүү дээ.
Бэрх тосгон нь 540 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуультай. Гэтэл дахиад 640 хүүхдийн сургуультай болох нь. Олон улсын сургалттай “Бэрх” сургуулийн захирлаар Л.Оюунгэрэл гэж хүнийг томилсон аж. Түүнийг одоогийн сургуулийн захирлаар ажиллаж байсан гэх албан бус мэдээлэл бий. Сургуулийн барилгын ажлын явц, шинэ хичээлийн жилд сурагчдаа хүлээн авахад бэлэн, эсэхийг Л.Оюунгэрэлээс тодруулахаар гар утсаар нь холбогдсон боловч “Мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариуллаа. Мөн БШУЯ-наас зарим зүйлийг тодруулахыг хүссэн ч хариуцсан дарга нь амарсан тул мэдээлэл өгөх хүн байхгүй гэв. Харин Бэрх тосгоны Засаг дарга Ч.Энхжавхлан орон нутгийнхаа талаар ийнхүү ярилаа. Тэрбээр “Манайх албан тоогоор 2340 хүнтэй. Зуны энэ цагт, бүтээн байгуулалттай холбоотойгоор хүн амын тоо 2800-д хүрээд байна. Бэрх нь уул уурхайд түшиглэсэн тул олон аймаг, сумаас иргэд шилжин ирдэг онцлогтой. Халх, казах, буриад зэрэг үндэстэн ястнаас бүрдсэн. Төвдөө жонш олборлоогүй ч орон нутаг тойрсон бичил уурхайнуудтай. Мөн бөднө шувууны үйлдвэртэй. “Бэрх уул” компани болон хувийн аж ахуйнууд үйл ажиллагаа явуулдаг. Орон нутагт минь сайхан сургууль барьж байна. Мөн 150 хүүхдийн дотуур байр барьсан. Олон улсын сургалттай сургуулиа есдүгээр сарын 1-нд албан ёсоор нээнэ. 640 хүүхдийн багтаамжтай сургуулийнхаа анхны элсэгчдийг бүртгэлээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотоос суралцах хүсэлтэй хүүхдүүдийн дунд элсэлтийн шалгалт явуулж, тэнцсэнд нь батламж гардуулсан. Манай сургуульд сурах хүсэлтэй хүүхэд олон бий. Нийт 30 орчим багшийг Улаанбаатар хотоос урьж, гэрээгээр ажиллуулах юм” гэв. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр тус сургууль нь ердөө хоёр бүлэгтэй байх бөгөөд нийт 200 орчим сурагч л сурах гэнэ. Уг нь хүчин чадал нь 640 хүүхдийн багтаамжтай. Өөрөөр хэлбэл, тус сургуулийн нэг ангид 20 хүрэхгүй хүүхэд, ээлжгүйгээр хичээллэх нь. Гэтэл Улаанбаатар хотын ихэнх сургууль 2-3 ээлжээр хичээллэж, нэг ангид 50 орчим хүүхэд сурдаг нь ч бий билээ. Ялангуяа Баянхошуу, Хайлааст дахь гэр хорооллын сургуулиудын гуравдугаар ээлжийн хүүхдүүд харанхуй гудамжинд нохой шуугиулан, айж эмээн байж арайхийн гэртээ харьдгийг шийдвэр гаргагчид мэддэггүй бололтой.
“Бэрх” олон улсын сургууль нь VI ангид 50, VII ангид 49, VIII ангид 51, IX ангид 52 сурагч элсүүлэхээр шалгалт зохион байгуулжээ. Энэхүү тогтоосон квотод суралцагчид нь хүрээгүй гэх сураг байна. Сургуулийн захиргааны зүгээс ч батламж аваагүй үлдсэн, шалгалт өгсөн нийт сурагчийг онооны дарааллаар эрэмбэлж элсүүлэх болсон гэнэ. Харин үүнийг тосгоны Засаг дарга нь үгүйсгэж, харин ч суралцах хүсэлтэй хүүхэд олон байгааг хэлэв. Мэдээж эцэг, эхчүүд хүүхдээ чанартай сургалттай сургууль оруулахыг хүсэх нь ойлгомжтой. Улаанбаатар хотод Кэмбрижийн хөтөлбөртэй төрийн өмчийн гурван сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван сургууль бий бөгөөд тэдний туршлагыг “Бэрх”-д нэвтрүүлэх гэнэ.
2006 оны байдлаар Бэрх тосгонд 2000 гаруй хүн амьдарч байж. Түүнээс хойш 16 жил өнгөрсөн ч хүн ам нь төдийлөн нэмэгдээгүй, арайхийн 2300-д хүрчээ. Энэ нь тус тосгонд ажлын байр байхгүй, хүмүүсийн амьдрах орчин хангалтгүйг илтгэнэ. Бэрхийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарынх нь олонх ч өөр газар луу шилжсэн гэдэг. Хүнээ татах гойд зүйлгүй байхад олон улсын сургалттай сургуульд ажиллах мэргэжилтнүүд ирэх үү гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.