- Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр хэргийг нь сэргээн шалгаж эхлэв –
Эрчим хүчний дэд сайд, Төв аймгийн АН-ын дарга зэрэг албан тушаал хашиж байсан Д.Доржпүрэв тэргүүтэй хүмүүсийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан 2016 оны есдүгээр сараас шалгаж, цагдан хорьж байсан билээ. 2012-2014 оны хооронд дэд сайдын албан тушаал хашиж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд зарцуулах “Чингис” бондын хөрөнгө болох 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан гэх хэрэгт түүнийг холбогдуулсан юм.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны тогтоолоор дээрх цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөхөд зориулж 35 сая ам.доллар зарцуулан БНХАУ-ын “Hu¬nan industrial equipment installation” гэх компанитай шууд гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлэхээр болсон аж. Уг 35 сая ам.долларыг “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр болсон бөгөөд дээрх төслийн ажлын хэсгийн даргаар нь тухайн үеийн Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв томилогдсон байна. Ингээд олон улсад дээрх бондыг гаргаж, “ДЦС-3” компанийн Төрийн сан дахь дансанд эхний шатны санхүүжилт болох 28 сая ам.доллар оруулсныг арилжааны банкаар дамжуулан “Hunan industrial equipment installation”-д олгожээ. Дараа нь 2013 оны аравдугаар сарын 24-нд хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг Монголбанкнаас АНУ-ын банкуудаар дамжуулан уг компани руу шилжүүлсэн гэнэ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхны хамтарсан шалгалтын явцад “Hunan industrial equipment installation”-аас манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэй лун жан хуа нян минерал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ван Либао, түүнтэй хамтран бизнес эрхэлдэг “Шижиа инвестмент” компанийн захирал Жин Шиху нарын дөрвөн хүний данс руу удаа дараагийн гүйлгээгээр их хэмжээний ам.доллар шилжүүлсэн нь тогтоогджээ. Уг мөнгөнөөс Д.Доржпүрэвийн үүсгэн байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын “Голомт” банк дахь данс руу нь тус бүр 500 000 ам.доллар хоёр удаа шилжүүлсэн байна. Нарийвчилбал, Ван Либаогаас 2013 оны арваннэгдүгээр сарын 13, 14-нд тус бүр 250 000, үүнээс өмнө “Шижиа инвестмент” компаниас 500 000 ам.доллар “Фин сервис”-ийн данс руу илгээснийг шалгалтын явцад баталгаажуулж, улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц их хэмжээгээр эд хөрөнгө завшсан, 166.1.1.2 дахь хэсгийн “Онц их хэмжээгээр мөнгө угаасан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Эл шалгалтын явцдаа хууль сахиулах байгууллагын ажлын хэсгийнхэн дээрх банк бус санхүүгийн байгууллагын дансаар авсан нэг сая ам.доллароороо Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хорооны нутагт тансаг зэрэглэлийн амины орон сууцын хотхон барихдаа зарцуулсныг ч баталсан билээ.
Гэвч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн уг хэргийг хариуцаж байсан мөрдөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгох санал прокурорт гаргаснаар 2019 оны тавдугаар сард хэрэгсэхгүй болгох тогтоол прокурор баталсан байдаг. Ингэхдээ “БНХАУ-ын “Hunan industrial equipment installation”-ХХК-ийн дансны хуулгыг Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу өмнөд хөршийн талаас авахаар хүсэлт тавьсан ч ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хаах санал мөрдөгч гаргасныг прокурор баталгаажуулсан байдаг. Эрчим хүчний дэд сайд асан, эл хэргийн холбогдогч Д.Доржпүрэв өнгөрсөн гуравдугаар сард өгсөн нэг ярилцлагадаа “2016 оны сонгуулийн дараагаар буюу орон нутгийн сонгуулийн өмнөхөн л хэрэг үүсгэж шалгасан. Тэр үед төрийн зүгээс шаардсан бүхий л бичиг баримтуудыг гаргаж өгч, шалгуулсан. Шалгасны эцэст хохирсон хүн, хуулийн этгээд байхгүй юм байна гэж үзээд 2019 оны тавдугаар сард хэргийг хаасан. Энэ талаарх шийдвэрийг надад бичгээр ирүүлсэн” хэмээсэн байдаг.
Тэгвэл энэ хэргийг НПГ-аас сэргээн шалгах тогтоол баталснаар өдгөө мөрдөн шалгах ажиллагааг хууль сахиулагчид үргэлжлүүлэн хийж буй гэнэ. Ийнхүү шалгах болсон үндэслэл нь энэ оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын нэлээд хэргийг сэргээн шалгаж эхэлсэнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 10-нд баталсан дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дэх хэсэгт заасан “2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгана” гэснийг үндэслэн сэргээгээд буй гэнэ.
Хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд “Хэргийг сэргээн шалгаж байгаа нь үнэн. Энэ хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн нутаг дахь тансаг зэрэглэлийн орон сууцын хорооллынх нь 10 тэрбумын үнэлгээтэй объект болон барилгын материалууд, хотын төвийн “Дипломат цамхаг” дахь үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг дэх орон сууц, “Ланд круйзер” маркийн хоёр автомашиныг нь улсад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулах үүднээс битүүмжилсэн. Мөн энэ хэргийг шалгах явцад “Чингис” бондын 35 сая ам.долларын хөрөнгөөс “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансанд 3.5 сая нь ороогүйг ч баталсан” хэмээн мэдээллээ.
Юутай ч Д.Доржпүрэвт холбогдох хэргийг сэргээн шалгаад, гэм буруутай, эсэхийг тогтоож, эрүүгийн хариуцлага ногдуулах, үгүй нь шүүхийн шийдвэрлэх асуудал бөгөөд хууль сахиулагчид Авлигын эсрэг олон улсын конвенцын дагуу түүний үйлдлийн улмаас улсад хохирол учирсан байж болзошгүй гэж үзэн хөрөнгийг нь битүүмжилчихээд байна. Гэм буруутай гэж шүүх үзвэл битүүмжилсэн хөрөнгүүдийг нь төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хураах бололтой.
Бэлтгэсэн: Г.Равжаа