Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Макс групп"-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар Хөдөлмөрийн баатар шагнал хүртлээ. Энэ үеэр тэрбээр хэлэхдээ " Өнөөдөр Монголын төр баялаг бүтээгчдээ их урам өглөө. Энэ бол манай хамт олны амжилт. Бид 30 гаруй жил Монголын хөгжлийн төлөө олон ажлуудыг хийсэн. Цаашид хийх зүйлс ч их байна. Аав, ээж минь биднийг ажил хөдөлмөрт дуртай зөв хүмүүжүүлсэнд их баярладаг.
"Макс групп"-ийн хувьд 100 гаруй мянган метр квадрат орон сууц, бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Дэлхийд дээр бид 100 гаруй түрүү, аман хүзүү авч Монголынхоо нэрийг гаргасан. Мөн 600 километр замын бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Мэдээж энэхүү "Хөдөлмөрийн баатар" гэдэг цолондоо эзэн байж, ойрын гурван жилийн хугацаанд манай групп багадаа 300 ажлын байр нэмж бий болгохоор ажиллаж байна.
Цаашид баялаг бүтээгчидтэйгээ хамтраад илүү сайхан Монголыг бүтээхийн төлөө ихийг хийнэ гэдгээ амлаж байна" гэв. Мөн тэрбээр баруун аймгийг холбосон Байдраг болон Говь-Алтай чиглэлийн зам аравдугаар сарын 9,10-нд нээнэ гэдгийг онцлон хэллээ.