Түүхийн нууцад нэвтрэхийг зорьж, “Сэнгүр горхины өглөө”, ”Түгшүүрт аялал”, ”Саран зэв” зэрэг түүх, адал явдалт туужаараа уншигчдын танил болсон түүхч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Мандирыг “Хоймор”-тоо урилаа.
-Та Улаанбаатарын унаган хүү юм билээ. Харин аав, ээж тань аль нутгийнх вэ?
-Миний аав Р.Тангад Ховд аймгийн Мянгад сум, ээж Баянхонгорынх. Аж үйлдвэрийн комбинатад ажиллаж байхдаа танилцсан гэдэг.
-Айлын ганц хүү гэл үү, Та?
-Би хүний ганц хүү. Аавынхаа 37-ны жил дээр гарсан юм. Миний дээр хоёр ч хүү төрөөд хүн болж чадаагүй юм гэсэн. Төрснийхөө дараа би буцах гэж их зовоосон гэдэг. 1950-иад онд хутагт, хувилгаадын тухай ярих хамгийн хориотой байсан үе. Аав, ээжийн минь гэр бүлийн найзууд “Нэг хүн бий. Шоронгоос гарч ирээд удаагүй. Тэр хүнээр л аргалуул. Гэхдээ хэрэгт хийчихэв” гэж захиж захиж, Ширчин гэх хүнийг танилцуулсан юм билээ.
Манайх тэр үед Комбинатын гэх байшинд байсан гэсэн. Нөгөө хүнээс “Юу бэлдэх вэ” гэтэл “Хоёр шил архи” гэж. Тэгээд залжээ. Нас сүүдэр нь аавтай минь үеийн шахам хүн байж. Манайд ирэнгүүтээ эхний шил архиа хоёр аяганд хувааж хийгээд л уучихсан гэнэ. Аавыг “Мод бэлтгэ” гэж. Тэгээд том өрөөний шалан дээр модоо өрж тавиад л архи дусаагаад асаачихаж. Аав минь “За, энэ хүүхэд ч өнгөрч. Одоо бүр орон гэргүй болох нь.
Байшингаа шатаачихаад Комбинатын захиргаанд шийтгүүлэх нь” гэж бодсоноо бүр хожим надад дурссан. Хуурай мод дүрэлзээд асахад “Хүүгээ аваад ир” гээд намайг өлгийнөөс задалж, нүцгэнээр нь гал дээр хоёр эргүүлээд, ор луу шидчихсэн байна. Ээж уйлж хайлаад л гүйгээд очтол түлэгдэх битгий хэл улайгаа ч үгүй байсан гэдэг.
Ширчин гуай галын цучлыг гараараа тарааснаа “Одоо хамж ав” гээд ааваар цэвэрлүүлжээ. “Гэрийн шалан дээр гал түлсэн ул мөр битгий хэл тортог ч болоогүй” гээд аав минь гайхдаг байж билээ. Тэгээд үлдсэн шил архиа уучихаад “Хүүгийнхээ нэрийг Мандир болгож соль” гэчихээд явсан гэдэг.
-Өмнө нь таныг хэн гэж нэрлэсэн байсан юм бэ?
-Намайг орос эмч эх барьсан юм билээ. Тэр хүн Витер гэж нэрлэсэн гэсэн. Хуягт гэсэн үг шүү дээ.
-Мандир гэж юу гэсэн утгатай бол?
-1960-аад оны үед Ширчин гуай надад “Мандир гэж санскритаар эхийн зүрх гэсэн утгатай юм шүү” гэж тайлбарлаж өгсөн. Илүү нарийн асууж чадаагүй. Хүүхэд байсан болохоор сонирхоогүй байх.
-Амийг тань аварсан тэр хүнтэй байнга холбоотой байсан уу?
-Ширчин гуайг комбинатынхан андахгүй. Уг гарал нь Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. 16 настайдаа Тонхилын хүрээнд хувилгаанаар залагдсан ч хэлмэгдэн, олон жил шоронгоор явсан хүн. Манайд нэг ирэхээрээ сар шахам байна. Тэгж байтал хар машин ирээд л аваад явчихдаг.
Аавын, хуучуулын яриаг сонсох нь ээ, их л шидтэй хүн байсан гэдэг. 1966 оны их үерийн өмнөхөн 10 гаруй настай байхад намайг эрлэгээс дахин “булаасан” гэдэг. Намайг Иргэний хамгаалалтын батальонд дөрвөн жил цэргийн алба хаагаад ирсний дараахан өөд болсон доо, зайлуул.
-Барилгын техникумыг барилгын материалын технологич мэргэжлээр төгссөн хүн хэзээнээс түүх сонирхож, судалж эхлэв?
-Төмөр, бетоны техникч, технологич мэргэжил эзэмшсэн. Ганцхан жил мэргэжлээрээ ажиллаад л цэрэгт явсан. Багадаа зурах “өвчтэй” хүү байлаа. Сурах бичгүүд, Хятадын зурагт номууд дээр тамхины цаас тавиад л гэрэлтүүлж зурдаг сан. Томрох тусам гар зүгширч, овоо дориун зурдаг болсон. Ингээд 18 дугаар сургуульд орж, IV анги төгсөх хүртлээ Баасанжав гэж сайхан багшийн гар дээр хүмүүжсэн дээ.
Таван онцын эзэн болох шахаад л, мундаг сурагч байв. Жаахан томроод номоос салахаа больсон. Ямар сайндаа хамар хашааныхан “Ээ дээ, энэ томроод яаж амь зууна даа. Нэг бол зураад суучихна, үгүй бол ном шагайчих юм” гэж ярилцдаг байсан гэдэг юм. “Монголын нууц товчоо”-г уншиж байхдаа Ш.Гаадамба гуайн судалгааны өгүүллүүд, бусад судлаачийн бүтээлүүдийг үздэг. Тэгж яваад л түүхэд дурлачихсан. Түрүүн ганц жил мэргэжлээрээ ажилласан гэсэн дээ.
Тэр үед Төмөр, бетон заводын бетончоор ганц найз Нянтайтайгаа хамт ажилладаг байв. Намайг ажлын бараа харчихлаа гээд аав нутаг руу явсан. Тэр хойгуур нь үе үе ажлаа тасалдаг боллоо. Гэхдээ ажлаа таслахаараа гадуур тэнэдэггүй. Улсын төв номын санд үнэмлэх нээлгэчихсэн болохоор тэнд өнжинө. Сүүлдээ сар шахам ажлаа таслаад номын санд л “амьдардаг” болов. Эхэндээ аар саархан зүйл уншдаг байв.
Яваандаа “Юань улсын нууц түүх”, “Юань улсын судар” гээд нарийн зүйлс уншдаг боллоо. Гэтэл олон хоног ажил тасалсан, эмчийн магадлагаа хуурамчаар үйлдсэн гээд хэрэг мандлаа. Дархижав дарга “Ажил таслаад юу хийв” гэхээр нь номын санд суудаг байсан гээд үнэнээ хэлтэл итгэсэнгүй. Маргааш нь Дархижав гуай Улсын төв номын санд очиж шалгаж л дээ. Тэгтэл “Тус номын санд үнэмлэхтэй, уншсан, захиалсан номынх нь жагсаалт энэ” гээд үзүүлж.
Хэд хоногийн дараа хариуцлагын зөвлөгөөнөөр намайг оруулсан ч арга хэмжээ аваагүй, бүр албан тушаал ахиулчихсан. Сохорсон биш завшив гэгчээр бетончоосоо эд шалгагч болов. Эд шалгагч болоод лабораторид суудаг боллоо. Эрхлэгч нь Батмөнх гэж өндөр шар залуу байх. Байнга дуу аялж явдаг байж билээ. Дуучин Б.Сарантуяагийн аав шүү дээ. Намайг цэрэгт татагдахад буцаж ирээрэй гэхгүй, “Албаа сайн хаагаад, амьдралаа шинээр зохиогоорой” гээд 25 төгрөг өгч билээ. Тэр лабораторид ажиллаж байхдаа “Догшин Добуу” анхны романыхаа эхийг бичсэн.
-Та офицер байсан юм уу. Түрүүн дөрвөн жил алба хаасан гэсэн.
-Хугацаат цэргийн албаа хааж дуусахад ангийн дарга офицер болгоно гээд үлдээлээ. Намайг улс төрийн ажилтан болгохоор гурван сар курст сургаж байлаа. Яагаад ч цэргийн хүн болохгүй гэдгээ ойлгоод, зүтгэсээр байж 1975 оны зургадугаар сард халагдаж, ааваараа тэжээлгээд хэсэг амарсан.
-Ажилд ор гэж шавдуулаагүй юу?
-Аав намайг “Ажилд ор” гэж шахаагүй. Өөрөө учраа олчихно гэж найддаг байсан биз. Нэг өглөө аавыг ажилдаа явсны дараа радиогоор “Гэсэр” сүмд ажилчин авна” гэсэн зар сонслоо. Гарын уртайдаа эрдээд давхиад очтол авчихав. Эхний өдөр Чойжин ламын сүмээс самосвал дүүрэн засварын хаягдал ачсан. “Хог зөөх нь” гээд сэтгэлээр уналаа. Маргааш нь зүмбэр будгийн бригадад оруулсан. Ингээд зүмбэрчин болов.
Сар гаруй ажиллаад бригадын дарга боллоо. Манай бригад зураач М.Цэмбэлдорж гуайн удирдлагад ажилладаг байв. Тэнд хоёр жил ажиллахдаа Чин ван Ханддоржийн байшингийн дүүжин тааз, Богд хааны ордон музейн сангийн тасалгааны таазыг зүмбэрдсэн. Өвөрхангайд бас нэг дуганы дотор чимэглэл, гадна дам нурууны чимэглэл хийж байлаа. 20-иод хоногийн өмнө тэрүүгээр явахдаа орж харлаа. Юу ч үгүй элэгджээ.
1980 онд намайг “Хөдөлмөр” сонинд ажиллаж байхад М.Цэмбэлдорж гуай анхны үзэсгэлэнгээ гаргасан юм. Би тэр үед “Товч шиг жаахан дэлхий минь” гарчигтай ярилцлага бичсэн. Ярилцлага хэвлэгдсэний дараа түүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгосон.
Хоёр жилийн дараа дахин үзэсгэлэн гаргахад нь би нийтлэлдээ “М.Цэмбэлдорж гуайд бүтээлээ туурвих урлан ч байхгүй” гэдгийг нь хавчуулаад биччихсэн. Гэтэл сарын дараа түүнд Төрийн шагнал олгож, гурван өрөө байр өгсөн. Сүүлд таарахад “Чамтай танилцсан нь “Гэсэр” сүмийн буян” гэж билээ.
-“Хөдөлмөр” сонинтой амьдралаа хэрхэн холбов?
-1977 онд зүмбэрчдийн үнэлгээ унаж, Дашчойлин хийдэд засвар хийлээ. Удалгүй ажлаасаа гарсан. Гэтэл ажилгүй удахаар хөдөлмөрийн дэвтэр хийдчих гээд болдоггүй. Л.Галмандах найз минь Ажилчдын раойны 60 дугаар сургуульд пионерын удирдагч байв. Тэр миний хөдөлмөрийн дэвтрийг тус сургуулийн лаборант гэж бөглүүлж, зургаан сар аргаллаа.
Тэгж байтал бас нэг найз минь Барилгын үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний институтэд туслах ажилтнаар оруулж өгөв. Тэндээс л миний амьдралын сонирхолтой түүх эхэлсэн юм. Л.Галмандах намайг хөгжмийн зохиолч Б.Цогоо ахтай танилцуулсан. “Туждаа хамт явах юм сан” гэж дууг зохиосон хүн шүү дээ. Тэр хүн “Эрдэнэт, багш, эмч нарын тухай гурван зураг зураадах” гэлээ. Би ч зурчихлаа. Нөгөөдүүлийг минь аваад, намайг дагуулаад Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Үйлдвэрчний төв зөвлөлөөр орж зургуудыг минь өгсөн.
Тэгэхэд Үйлдвэрчний төв зөвлөлөөр ороход биднийг нэг хүн хүлээн авч уулзсан юм. Тэр нь “Хөдөлмөр” сонины нарийн бичгийн дарга Ч.Алагсай. Б.Цогоо “Энэ хүн чамайг удахгүй дуудах байх шүү” гэж байна. Нээрэн, л удалгүй намайг Л.Галмандахаар дамжуулан дуудсан. Ингэж Ч.Алагсай гуайтай танилцаж, “Сэтэрт тэхийн тууж” номынх нь зургийг зурахаар боллоо. Тэгж явсаар “Хөдөлмөр” сониноос шог зургууд зуруулахаар захиалдаг болов.
Тэр үед би үгийн сүлжээ зохиох дуртай байлаа. “Уран сайхны ертөнцөөр” гэж зурагт үгийн сүлжээ хийгээд Ч.Алагсай гуайд үзүүлтэл их баярлаж билээ. Тухайн үед “Хөдөлмөр” сонины зураач нь Чойжиндорж гэж мундаг хүн байсан. Гэтэл тэр хүн ажлаасаа халагдаж, оронд нь зураач авахаар болж намайг дуудсан. Сонины шинэ эрхлэгч Н.Мягмар гуай ч багаа шинээр бүрдүүлэх гэж байсан нь тэгж таарсан юм билээ. Ингэж тус сонинтой амьдралаа холбож, 1995 он хүртэл ажилласан.
-Хамгийн сүүлд сониныхоо редакцаар хэзээ оров?
-Оны дараахан сонины 90 жилийн ой тэмдэглэсэн. Үе үе ороод гардаг л юм.
-Таны ээж их багад тань бурхан болсон гэсэн. Аав, хүү хоёрт барьц алдах үе бишгүй тохиолдсон байх даа.
-Ээж минь намайг есөн настайд 44-хөн насандаа бурхан болсон. 1960 оны арваннэгдүгээр сар байсан юм даг. Тэрнээс хойш аав минь эхнэр аваагүй. Хүүдээ хойт эхийн гар харуулахгүй гээд миний төлөө амьдарсан даа. Уг нь би өргөмөл эгчтэй юм. Ээжийг нас барсны дараа төрсөн эцэг, эх нь аваад явсан. Аав ч “Охин хүүхэд өсгөж чадахгүй нь” гэж хэлсэн юм шиг байна лээ. Хүний ганц хүү гээд эрхэлж явсангүй.
-Ээжийнхээ төрхийг санадаг уу?
-Саналгүй яах вэ. Маш тод санадаг.
-Нээрэн, Та надад аавынхаа гар бичмэлийг үзүүлнэ гэсэн. Авчирсан уу?
-Авчирсан. Энэ дэвтэр 1966 оны үерээр ч алга болоогүй, 2001 онд манайх түймэрт өртөхөд ч шатаагүй. Аав тухайн цаг үеийн байдал, эрхэлж байсан ажил, тэр ч бүү хэл ээжтэй минь анх яаж танилцсанаа бичсэн. Хадгалж байгаад бүр сүүлд 1990-ээд онд энэ дэвтрийг уншсан. Кириллээр хөрвүүлээд буулгачихсан. Дурсамж номдоо оруулах юм.
“Балбартай хамт айлд бага зэрэг архи уув. Нөгөө бүсгүйн талаар Балбараас лавлан асуув. Балбар “Нэр П.Бямба, гутлын фабрикт нормчин, ердийн байдал төлөв, гэрийн амь зуулгаар зүгээр” гэж хариу хэлэхэд 34 хүртэл насалж байгаа надад тохирмоор санагдаж, дотно нөхөртөө “Би энэ бүсгүйг эргүүлье” гэлээ. Нөхөр ч “Зүгээр. Санаатай байгаа бол би яриулж болно” гэв. Тэр өдрийн маргааш орой нь өчүүхэн зүйлийг бичиж, танилцах тухай зурвасыг Балбараар өгүүлсэнд дамжуулж чадалгүй хоёр хоног өвөртөө авч явсанд, түүнтэй айл амьдардаг Лхамжав гэх бүсгүйгээр дамжуулж өгүүлэв” (уншив).
Ээж минь миний аавын ханилсан хоёр дахь бүсгүй. Цэргийн дарга байхдаа Дорнодын Лхамцоо гэж бүсгүйтэй ханилсан гэдэг. Суугаад хэдхэн сар болж байхад нь аав минь баригдан, шоронд орсон гэсэн. Шоронд байхад нь тэр бүсгүй хэд хэдэн удаа эргэж ирсэн ч аав “Хүний охин үрийн амьдралыг үрээд яах вэ” гэж бодон, аашилсаар байгаад өөрөөсөө холдуулсан юм билээ. Их үерийн өмнөх жил аав минь намайг дагуулаад Улсын их дэлгүүрийн зүүн урд талын арктай байранд байх нэг айлд очлоо. Нөгөө айл хоол, цай бэлдчихсэн байхыг бодвол хэл авалцсан бололтой. Сайхан ааштай бор хүн, нэг авгай тослоо. Яриаг нь сонсох нь ээ, “Нөгөө хүү чинь үү. Том болжээ. Бүжиглэдэг үү” гэх зэргээр миний тухай ярилцаж байна. Нөгөө бор хүн ардын бүжиг бүжиглээд л. Гарч явахдаа ааваас асуутал анх ханилсан Лхамцоо нь байсан аж. Тэр эмэгтэй Ц.Сэвжид гуайтай ханилсан нь тэр байж.
-Аавыгаа бурхан болохоос өмнө ачийнх нь зулайг үнэрлүүлж амжсан уу?
-1984 онд хоёр ачаа үзээд бурхан болсон. Манай том хүүхэд 1976, удаах нь 1978, бага нь 1981 оных. Дунд нь 1980 онд нэг хүүхдээ алдсан юм. Миний хань насаараа цэцэрлэгийн багш хийсэн. 1975 оны наадмаар гэрлэлтээ батлуулж байлаа. 44 жил ханилжээ. 30 жилийн ойгоо дотнын найзуудтай тэмдэглэсэн. Өвөр түрийдээ орж өссөн найзууд минь байхгүй болоод дуусаж дээ.
-Хэчнээн ач, зээгийн өвөө болов?
-Одоо зургаан ач, зээтэй.
-Хүн хүүхдийнхээ хүүхдийг илүү хайрладаг гэдэг. Үнэн байна уу?
-Үнэн юм. Одоо хөгшин бид хоёр бага хүүгийнхээ хоёр охиныг хардаг юм. Хоёртой, зургаатай. Том нь эмээтэйгээ, бага нь надтай унтана. Заавал толгой дээр хөлөө тавьж унтана. Хөлийг нь авчихаар л уурлана. Тийм л хүнд дээрэлхүүлээд сууж байна шүү дээ. Илжиг модон хударгандаа гэгчээр ирэхгүй хэд хонохоор нь их санах юм.
-Нас ахиж, ойр дотнын хүмүүс хорвоогоос буцахад юу бодогдох юм?
-Жам юм даа гэж бодно. Арай л эрт гэдэг үг сэтгэлд торно.
-Бичих, зурахын алинд нь та илүү өөрийнхөөрөө байдаг вэ. Онгодыг та юу гэж тайлбарлах вэ?
-Аль алинд нь. Би онгод гэдгийг урам гэж ойлгодог. Энэ золигийн аргыг олж, аргадахгүй бол болохгүй. Их амархан үргэчихдэг, эмзэг.
-Ингэхэд та “Чингис хааны бүрэн цадиг”-аа хэрхэн бүтээсэн юм бэ?
-Монголын радиод ажилладаг Д.Шагдарсүрэн найз минь хөдөө гадаа их явдаг байлаа. 1992 онд Өвөрхангай аймгийн Сант сумд очиж л дээ. Овоон дээр гарахаар явж байгаад настайвтар хүнтэй таарч. Ярилцтал “Т.Мандир гэж хүн таних уу” гэхээр нь “Өө, миний найз шүү дээ” гэж. Нөгөө хүн ч гэртээ урьж, дэрэн доороосоо миний “Хорин нэгэн хөрөг” номыг гаргаад ирж. Хавтас ч үгүй, нэлээд удаан хадгалсан байдалтай.
“Би энэ номыг их уншдаг юм. Тэгээд нэг санаа олсон” гээд зургийн зохиомж үзүүлсэн байна. Тэрийг нь Шагдарсүрэн надад авчирч, би “Чингис хааны бүрэн цадиг” бүтээлээ зурсан юм. Тэр хүн тус аймгийн нэгдлийн орлогч дарга Дамбажанцан байсан. 60х80 см-ийн хэмжээтэй зурсан эл бүтээлийн минь эх хувийг 36 дугаар дунд сургуульд анх залсан. Даавуу, ватум цаас гээд төрөл бүрийн материал дээр 50-иад хувь зурсан.
1995 бил үү, 1996 онд “Минжинсор” хэвлэлийн компанийнхан эхийг нь худалдан авч, хэвлээд худалдаанд гаргасан санагдана. Дараа нь шавь нар минь авч хэвлэсэн. Монгол туургатан улсуудад бас нэлээд тарсан л сурагтай байдаг юм. Арга барилын хувьд яг тэр гэж хэлэх аргагүй. Би чинь мэргэжлийн зураач биш шүү дээ.
-“Хорин нэгэн хөрөг”-ийн талаар асуулгүй өнгөрсөн боломгүй. Ер нь Та хаад, хатдын хэчнээн хөрөг бүтээсэн бол?
-Хаад, хатдын хөрөг нэлээд олон болсон шүү. Язгуурын таван их хаан, Алтан ургийн 37 хаан, Алтан ордны хаадаас Бэрх, Батын хөргийг бүтээсэн. Тайванийн музейд хадгалагдаж буй Монголын хаад, хатдын хөргийг буулгасан хуулбарын эх нь Үндэсний төв номын санд бий. “Хорин нэгэн хөрөг”-ийн буянаар олон сайхан хүнтэй нөхөрлөж, түүхийн олон эх сурвалж уншиж, харсан. Марко Пологийн аяны тэмдэглэлийг их зохиолч Д.Нацагдоржийн хуучин бичигт буулгаснаар уншиж байлаа. Эх хувиар нь гэсэн үг. Их олон хүн барьж үзээгүй л байх.
“Хорин нэгэн хөрөг”-өө бичихдээ түүхчдээс л эмээж байлаа. Тийм ч болохоор мундаг түүхчидтэй уулзаж, бичсэнээ уншуулж, харуулж байж гаргасан. 1988 онд “Хөдөлмөр” сониндоо гаргах гэсэн боловч “Цаг нь болоогүй” гээд нийтлээгүй. Ингээд удалгүй “Улаан өд” сонинд гаргасан. Уншдаг орос сэтгүүлүүдээ авахаар Төв шуудангаар ортол бөөн хүмүүс гадаа нь дугаарлачихаж.
Гайхаад асуутал “Улаан өд” сонин авах гэж байгаа, Т.Мандир гэж хүний “Хорин нэгэн зул” гэж нийтлэл гарсан байна” гэдэг юм. Миний ичсэн гэж. Нэг удаа утас дуугарлаа. Автал “Мандир гуайтай ярья” гэнэ. “Би байна” гэтэл өөдөөс “Битгий худлаа яриад бай. Нэлээд настай хүн байх учиртай” гэдэг байгаа. Хүмүүс их л настай хүн гэж бодсон шиг байгаа юм. Зарим хүн “Мандирын ард настайвтар мундаг хүн бий. Тэр хүний бүтээлийг мань эр өөрийнхөө нэрээр гаргаад байна” гэж ч харддаг байв.
-Чингис хааныг олон уран бүтээлч өөр өөрөөр дүрсэлсэн нь бий. Аль нь хамгийн дөхүү юм бол?
-2000-гаад онд ӨМӨЗО-д “Чингис хааны хөргүүд” үзэсгэлэн гарсан. 60 шахам хөрөг байсан санагдана. Одоо бүр ч замаа алдах шиг боллоо. Миний бодлоор Хори Хасуны бүтээсэн эш хөргийг л баримталбал илүү дээр байх. Би Чингис хааныг дүрслэхдээ эш хөргийг барьсан.
-Нас явахаар нүдний хараа, гарын хурд буурч байгаа байх. Тархи, бие нь зөрчилдөхөөр бухимдах юм уу?
-Санаа нь саранд, сачий нь сандалд гэдэг шиг л болох юм. Гэхдээ би хэзээний л залхуу. Уран бүтээлээ адгаж биш, тааваараа туурвидаг. Тэр муу зан минь одоо л авууштай чанар болоод байна.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-1995 оноос хойш л “нухаж” буй “Хаш эрхи”-ээ одоо ч дуусгаж чадаагүй л байна. Зүгээр сууж чаддаггүй хүн шүү дээ. Эхэлсэн, хийж буй олон л зүйл бий.