Хоолой аргаж, гурил шиг нунтаг шороо пургин, салхигүй байхад ч цагаан тоос манарсан орчин бол Хан-Уул дүүргийн XIII хороо
буюу Туул тосгоны дүр зураг. Нийслэлээс 40 орчим км зайтай эл тосгон руу явах замд тэвшнээсээ алд хэрийн өндөр ачаа ачин, түүнийгээ нийлэг эдээр бүтээсэн ачааны том оврын автомашинууд зөрсөөр байв. 5000 гаруй хүн амьдардаг уг тосгоныг мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хөгжүүлэх бодлогоор төлөвлөн, зохион байгуулжээ. Тиймээс ч тэнд амьдрах малчин, хүлэмжийн аж ахуй эрхлэгчийн тоо олширсон. Тэд нийслэлийн хүн амын мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, нарийн ногооны хэрэгцээний 30 орчим хувийг нийлүүлэх боломж бүрдүүлэн, аж ахуйгаа тогтвортой хөгжүүлсээр ирсэн байна. Харин Туул тосгоныхны өөр нэг “баялаг” нь хайрга, элс.
Баялаг гэхээсээ “барцад” дагуулсан бүтээгдэхүүн буюу түгээмэл тархацтай ашигт малтмалаас үүдсэн “түмэн” зовлон тасарсангүй. Юуны түрүүнд энэ ашигт малтмалыг олборлодог аж ахуйн нэгжүүд тухайн хорооны иргэд амьдарч буй суурьшлын бүс рүү хэт түрж, айлуудтай зэрэгцээ шахам газарт үйл ажиллагаа явуулах болсон аж. Бараг л жилийн дөрвөн улиралд газар ухаж, хөрс сэндийчэн, элс, чулуу шигшсэнээр орчноо тоосжуулж, амьд амьтан амьсгалах аргагүй болгосоор буй. Мөн тэр орчмын бүх карьераас хот руу чиглэсэн зам Туул тосгоноор дайрдаг нь том оврын автомашины “хөл”-өөр хөрс суларч, өдөр, шөнөгүй цагаан тоос манарах болсоор олон жил боллоо. Энэ мэт олон зүйлээс шалтгаалан ундны усных нь нөөц хомсдон, хөрс нь элэгдэж, оршин суугчид нь тоосноос үүдэлтэй өвчин, харшилд нэрвэгдэх болсныг хэлэх хүн олон байв.
Эл байдлаа холбогдох байгууллагуудад нь удаа дараа мэдүүлдгээ ч дуулгасан. Туул тосгоны захирагч А.Одбаяр “Суурьшлын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлуулах нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үнэлж барамгүй сөрөг нөлөөтэй. Энгийн жишээ хэлэхэд, манай үүгээр урсдаг, Туул голыг тэтгэдэг Бөхөг, Түргэний гол татарсаар, хур багатай үед горхи төдий л болсон. Энэ нь 10 орчим жил эндхийн хайрга, элсийг зөөсөнтэй холбоотой. Мөн манай хорооныхон гүний худгаас усан хангамжаа шийддэг. 2-3 жилийн өмнө 20 тоннын хэмжээтэй ус нөөцлөх савыг дүүргэхэд хоёр цаг зарцуулдаг байсан бол одоо 4-5 цаг шаардлагатай болсон.
Айлуудын хашаанд байдаг “гар” худгийн усны түвшин доошлон, маш их булингартсан нь усны эх үүсвэрийн ойр орчмоос хайрга олборлож буйтай холбоотой. Туул тосгон мал болон гахай, тахиа зэрэг тэжээмэл амьтан ихтэй атал газар ухаж, карьер ажиллууснаар бэлчээргүй боллоо. Их хэмжээний талбайг ашигт малтмал олборлодог компаниудад 20-30 жилээр эзэмшүүлчихсэн. Байгаль орчны байдал, оршин суугчдынхаа эрүүл мэндийг харгалзан тэдэнтэй яаж ч тэмцээд үр дүнгүй. 2017 онд 90 гаруй компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан ч энд үйл ажиллагаа эрхлэгчийн тоо төдийлөн цөөрсөнгүй. Зарим нь нэрээ өөрчилж, өөр нэг ашиглалтын газраа түрээслүүлж, үлдсэн хэсэг нь холбогдох албадтай эвлэрлийн гэрээ байгуулсан гэсэн шалтгаанаар зогсолтгүй ажилласаар байна. Үр дүнд хүрсэн ганц ажил нь зам дагуу чулуу, шороо асгардгаас сэргийлэн том тэрэгнүүдийн тэвшийг бүтээлгэсэн” гэлээ.
Нийслэл орчимд 250-300 аж ахуйн нэгж 6050 гаруй га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй. Тэдний 40-50 хувь нь Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Алтанбулаг сумд харьяалалтай юм байна. Алтанбулаг сум, Туул тосгон хоёр нь зэргэлдээ тул компаниудын талбайг ялгаж салгах аргагүй. Аль ч аж ахуйн нэгж хот руу тээвэр хийхдээ Туул тосгоны нутгаар дайрдаг тул тухайн бүсийг ийнхүү талхлагдахад хүргэжээ. Энэ өвөл төдийлөн хүйтрээгүй учраас хайрга, элсний борлуулалт тасраагүй, тээвэр үргэлжилсээр байжээ. Мөн Туул голын эрэг рүү түрсэн, тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрсэн шалтгаанаар 2017 онд зөвшөөрлөө цуцлуулсан олон компанийн ажил зогсоогүй гэнэ. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сар хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байсныг XIII хорооны байгаль орчин хариуцсан гэрээт ажилчин Ж.Үүрийнжин ярьж байна.
Тэрбээр “Энэ хавьд ашигт малтмал олборлох нь эх захаа алдсан. Туул голын эрэг орчимд олборлолт хийж байгаад зөвшөөрлөө цуцлуулсан “Бат-Адар”, “Төгс эхлэл”, “Үүртээл”, “Эх дэлгэрмөрөн” зэрэг компанийн ажил зогсоогүй. Манай хорооны айлуудтай хаяа залган байрласан, мөн л зөвшөөрлөө цуцлуулсан “Батшил”, “Дабльмөнх” компани ч ажилласаар байгаа. Түүнчлэн “Боржигоны тал” компанийнхан айлын хашаа худалдан аваад олборлолт хийсэн бол Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн сэргээлтийн зөвшөөрөл авсан гэх “Тэргүүн тээвэр” компани ганц ч мод, бут тариагүй хэрнээ хайрга, элс олборлосон” хэмээв. Үүнээс гадна “Дабльмөнх” компанийн хайрга тээвэрлэдэг машин хотоос ирэхдээ барилгын хог ачин ирж асгадаг гэдгийг дуулган, карьеруудын зарим нүхэнд их хэмжээний хог хаясныг харууллаа.
Хавар болж бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцэн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох ажил идэвхжиж эхэлсэн. Тиймээс тусгай зөвшөөрлөө цуцлуулсан цөөнгүй компанийнхан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай эвлэрлийн гэрээ байгуулсан төдийгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдгээ дээрх хорооныхонд мэдэгдсэн байна. Зарим компанийг нь тухайн оршин суугчдын зөвшөөрлийг авч ир гэж явуулдаг бололтой, “Та бүхэн гарын үсгээ зурна уу” хэмээн саналын хуудас “аялуулж” айлуудад гурил, будаа тараасан нь ч бий гэнэ. Үүнээс гадна карьерын гүн нүхэнд мал унаж үхсэн, зам дагуу унагасан хайрганууд хөдөлгөөний явцад үсэрч, иргэдийн автомашины цонх хагалсан тохиолдол олон аж. Сэндийлж хаясан зарим талбайд өнгөрсөн өвөл хулгайнх болов уу гэмээр малын гэдэс, толгой их хэмжээгээр авчирч хаяжээ. Одоо дулаарч тэр хавиас өмхий үнэртэх болсныг ч дуулган, биднийг сэг зэм үнэртсэн, шороо овоолсон, тоос манарсан талбайгаар дагуулж явсан юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхнаас дээрх асуудалд ямар хариулт өгөхийг нь бид сонирхлоо. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Байгаль орчны хяналт хариуцсан мэргэжилтэн О.Батзолбоо “Юуны түрүүнд суурьшлын бүс гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Ялангуяа хотын захын дүүргүүдэд иргэд дураараа хашаа хатган, амьдарснаар тэнд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй “тулдаг”. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг тухайн орон нутгийн Засаг дарга олгодог. Нийслэлд уг зөвшөөрлийг 2017 оноос хойш нэг ч аж ахуйн нэгжид өгөөгүй. Одоо ажиллаж буй хэд нь 30 хүртэлх жил ашиглах эрхтэй гэсэн үг. Бид эрх бүхий байгууллагуудынх нь дүгнэлтийг үндэслэн талбайдаа гурав хүртэлх жил үйл ажиллагаа явуулаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй, татвар төлөөгүй зэрэг шалтгаантай аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан. Мөн тусгай хамгаалалтын бүсүүдэд нэвтэрсэн цөөнгүй компанийн ажиллагааг зогсоосноор байдал нэлээд цэгцэрсэн. Тэгээд ч өдийд хайрга, элсний “улирал” эхлээгүй, тавдугаар сарын 1-н хүртэл том оврын автомашины (10 тонноос дээш даацтай) хөдөлгөөнийг хязгаарласан тул тэр хавьд (Хан-Уул дүүрэг XIII хороо) олборлолт явуулах, тээвэр хийх боломжгүй” гэв. Мөн тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд эвлэрлийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа сэргээлгэх боломжтой, эсэхийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгж мэднэ гэснээр бидний яриа өндөрлөв.
Харин Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлд хамгийн ойрхон байдаг уул уурхай гэж болох орчин бол түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын талбай юм. Үүнийг тойрсон асуудал их бий. Бид тухайн дүүргүүдийнх нь Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд үндэслэн тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. 2017 онд зөвшөөрлөө цуцлуулсан 90 гаруй аж ахуйн нэгж бараг бүгд шүүхэд хандсан. Учир нь ашиглалтын талбайд нь шалгалт хийхдээ урьдчилан мэдэгдээгүй, нөхөн сэргээлтийн ажлынх нь үр дүнг дутуу үнэлсэн болон тухайн талбайг шинээр эзэмшин үйл ажиллагаа эрхлэгчдийн эрхийг зөрчсөн зэрэг олон шалтгаан бий. Үүнийг харгалзан 2018 онд 20 орчим компанийн зөвшөөрлийг сэргээх боломж олгон, эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ нь шууд үйл ажиллагаагаа явуулах эрх өгсөн хэрэг биш. Зургаан сарын хугацаанд дутагдлаа арилган, шалгуулсны дараа цаашид ажиллах, эсэхээ шийдүүлнэ гэсэн үг. Харин зөрчлөө арилгаагүй бол үл маргах журмаар тусгай зөвшөөрлөө бүрмөсөн цуцлуулах юм. Энэ хугацаанд ашиглалт явуулахгүй бөгөөд албаныхан зөвшөөрсөн тохиолдолд урьд нь бэлтгэсэн бэлдцээ тээвэрлэн, борлуулах боломжтой” гэсэн юм.
Үүнээс гадна нэгэнт тухайн орчинд олон жил үйл ажиллагаа явуулах эрх авсан, зөрчил дутагдлаа арилган, үйл ажиллагаагаа сайжруулж буй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг бүрмөсөн цуцлан, талбайгаас нь хөөх боломжгүй аж. Нөгөөтээгүүр, хайрга, элс, дайрга бэлтгэн нийлүүлэгчдийн тоо цөөрснөөр энэ төрлийн бүтээгдэхүүний хомсдол үүсэн, үнэ нь өссөн тохиолдол ч цөөнгүй гарчээ. Тиймээс эл салбарынхны ашиглах боломжтой талбайг нарийвчлан тогтоон, нийслэлээс багадаа 150 км-ын эргэн тойронд ажиллуулахгүй байх, иргэдийн суурьшлын бүсээс холдуулах, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулахад дорвитой анхаарахгүй бол 10 гаруй жил ярьсан асуудлаа цаашид хэдэн жилд ч шийдэж чадахгүйд хүрэх вий.