“Эрүүл шүд Эрүүл хүүхэд” уриан дор 1000 хүүхдэд амны хөндийн үзлэг хийхээр санаачилсан Ш.Анхмаа зөвлөхдөө “Шүдний өвчлөл нь маш олон өвчний эх үүсвэр болдог. Тэгэхээр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад бид хамгийн түрүүнд шүднээс нь эхлэх ёстой юм. Миний бие энэ ажлыг санаачлан өөрийн сонгогдсон тойрог болох БГД-ийн 16, 17, 18, 19-р хорооны цэрэрлэгийн насны болон сургуулийн бага ангийн хүүхдүүдийн амны хөндийн үзлэг хийж, шүдний өвчлөлийг оношлогоонд хамруулж байна. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхдэд үзлэг хийхэд 100 хүүхэд тутамд гурван хүүхэд л цоо эрүүл шүдтэй байна. Бидний анхааралдаа авах чухал асуудлын нэг болсон гэдгийг энэ судалгаа харуулж байна” хэмээлээ.
ДЭМБ-аас 2000 онд шүд цоорох өвчнийг олон шалтгаант халдварт өвчин хэмээн халдварт өвчний ангилалд оруулсан байна. “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 2011 оны байдлаар 65-96 хувьтай байжээ. Өнөөдөр ч энэ тоо буураагүй болох нь 2018 онд 1190 хүүхдийн дунд явуулсан судалгаанаас харагдаж байна. Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 86.2 хувьтай, шүд цоорох өвчний эрчим 6.2 цла/ш буюу ДЭМБ-ын байгууллагын шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд өндөр түвшинд байна.
Хүүхдийн шүд арчилгаа
Бага насны хүүхдийн эрүүл мэнд эцэг эх, асран хамгаалагчийн зөв асаргаа, арчилгаанаас ихээхэн хамааралтай. Амны хөндийн ариун цэвэр эрүүл мэндийн чухал хэсэг билээ, тэгвэл эцэг эхчүүд маань хүүхдээ эрүүл саруул торниулахын тулд хүүхдийн шүд арчилгааг зөв хийх хэрэгтэй. Ингээд хүүхдийн шүд арчилгааны бүрэн зөвөлгөөг толилуулж байна. Та бүхэн анхааралтай уншиж, өдөр тутамдаа хэрэгжүүлж гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай!
- Шүдний оо, сойз сонгох
- Шүд арчилгаа юун түрүүнд шүдний оо, сойз сонгохоос эхэлдэг.
- Шүд арчлах хэрэглэгдэхүүн:
- шүдний сойз,
- шүдний оо,
- шүдний утас,
- ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно.
Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахдаа сойзны толгой, үс, иш хэсгүүдийг анхаарч үзэх хэрэгтэй.
Толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой бөгөөд сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг.
Үс: Үсний голчийн хэмжээ багатай буюу зөөлөн үстэйг сонгох нь хүүхдийн шүд, буйланд таатай байдаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг.
Иш: Хүүхдийн насанд тохирсон хэмжээ, хэлбэртэйг сонгох хэрэгтэй.
Шүдний оо: Шүдний оо нь хүүхдийн насанд тохирсон найрлагатайг сонгох хэрэгтэй. 0-1нас, 1-2 насны хүүхдүүдэд зориулсан залгиж болдог оо гэж байдаг. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй.
Шүд хоорондын завсар цэвэрлэх утас: Энэхүү утсаар сойз хүрэлцэж цэвэрлэж чадахгүйгээс шүд цоорох өвчинд өртөмхий хэсэг болох шүд хоорондын завсрыг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг. Шүдний утас нь лавтай (wax), лавгүй гэж 2 төрөл байдаг ба лавгүй нь шүд хоорондын зайг тэлэхгүй сайн талтай.
Шүд угаах арга
0 – 1 настай хүүхдийн шүд арчилгаа.
- Эхлээд хүүхдийнхээ аманд гараа хүргэж дасгах хэрэгтэй. Ээж нь хүүхдээ өвөр дээрээ дээш нь харуулж хэвтүүлээд амны эргэн тойронд хүрч, дээд уруулыг нь дээш нь аяархан сөхөж дасгах хэрэгтэй.
- Нярайн ам орчмын эрүүл ахуйг хамгаалахын тулд шүлс ихээр ялгарч байдаг. Шүлсэвч зүүлгэж, ам орчмыг аль болох хуурай байлгах хэрэгтэй.
- Асран хамгаалагч нь хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдийг цэвэрлэж өгнө.
- Хүүхдийн насанд тохирсон буюу зориулалтын нас заасан сойз сонгооорой. Аманд шүдний сойзыг бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ.
1 – 2 настай хүүхдийн шүд арчилгаа
- Хүүхэд шүдээ угаахаас дургүйлхах шалтгаан сойзноос болж болох тул ямар нэг зовиур өгөхгүй байх нь чухал.
- Асран хамгаалагч нь сууж, хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгнө (хэвтүүлэн угаах арга)..
- Сойзоо хүч оруулалгүй, бийр барьж байгаа юм шиг барь. Дээд үүдэн шүдний доторхыг угаахдаа эрхий, долоовор хуруугаараа амыг нь ангайлгах маягаар түшиж өгнө.
- Хүүхэд харж суралцдаг учир тоглоомных нь шүдийг угаах, аав ээж нь зэрэг угаах зэрэг зугаатай байдлаар дасгана.
- Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно.
- Асран хамгаалагч нь хүүхдийг шүдээ угаасны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө.
- Унтахын өмнөх угаах нь үр дүнтэй.
Шүдний өвчлөлөөс сэргийлэх зөв хэвшил
– Шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авч байх
Шүд цухуйж ургасан цагаас нь шүдийг нь шалгуулж, цаашид хэрхэн яаж зөв арчлахаа заалгаж аваарай.
– Шөнө хөхүүлэх, унтахын өмнө угжихаас татгалзах
Угжны сүү болон хөхний сүү чихэр их агуулдаг тул хүүхдийн шүдэнд наалдаж, бактер үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг.
– Цагаан идээ сайн хэрэглэх
Хүүхдэд сүү, тараг, ааруул, ээзгий амны хөндийн байх ёстой шүлтлэг орчныг бүрдүүлэхэд тустай.
– Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах
Хүүхдэд 100% цэвэр жимсний жүүсийг өдөрт тал аяга өгөхөд л хангалттай. Оронд нь хярам, ус өгөх нь амны цангааг сайн тайлна.
– Сонирхлыг нь төрүүлэх
Хүүхдэд сонирхол татахуйц зурагтай, өнгө, амттай шүдний оо болон сойзыг сонгон авч хэрэглүүлээрэй.
–Шүдээ угаах зөв зуршилд сургах
Дөнгөж шүд цухуйнгуут нь нярай хүүхдийн зориулалтын зөөлөн жижиг сойзоор, эсвэл хөвөнгөөр буйлыг нь гэмтээлгүйгээр зөөлнөөр өглөө, орой бүр цэвэрлэхийг зөвлөж байна. Хүүхэд томрохын хэрээр өглөө оройд хооллосны дараа шүдээ угаах хэвшилд сургах. Угаасных нь дараа хүүхдээ урамшуулж магтаж байх.
Ам хөндийн өвчлөл үүсгэх буруу зуршил
- Хүүхдийн соскийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу зүйл. .Анхны цоорол үүсгэдэг нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг.
- Хүүхдийн буруу хөхөх дадал өөрөөр хэлбэл бор хоолонд орсон үед удаан хугацаагаар унтахдаа эхийнхээ хөхийг хөхөх, сүү болон чихэртэй шингэнээр угжсанаас үүсч байгаа шүд цоорох өвчнийг хүүхэд насны эрт үеийн цоорол. Үүдэн шүдний урд талын гадаргуу нилэнхүйд нь нэг зэрэг хүнд хэлбэрээр гэмтдэг. Эмчийн хяналтад оруулан эмчлүүлэх
- Шүд цоорох өвчин зэрэг шалтгаануудын улмаас шүд унах хугацаанаасаа эрт сүүн шүдээ алдах нь дараагийн шүдлэх байнгын шүдний гажгийг үүсгэнэ. Эмчийн хяналтанд орж, сүүн шүдний өвчлөлийг шаардлагатай.
- Хуруугаа хөхөх, хумсаа хэмлэх, хэлээ гаргах, шүдээ хавирах, амаар амьсгалах зэрэг буруу зуршилаас болж шүд орсгой болох, эрүү шаамий болох, тагнай гүн болох гажиг үүсч, хэл ярианы өөрчлөлт орох сөрөг талтай.
- Соск удаан хугацаагаар ялангуяа 18 сараас дээш хөхөх нь мөн дээрх гажиг үүсгэдэг ба 18-36 сартайд хүүхэд өөрөө болихгүй бол зогсоох хэрэгтэй.