Хуруугаа эсгэж, өвдгөө шалбалах төдийхөнд эмч дуудаж, эмнэлгийн хаяа бараадан, сүржигнэдэг хэмээн бид солонгосчуудыг элэглэн шоолдог байв. Өөрсдийгөө төмөр биетэй юм шиг санаж, өвдөхгүй л бол цоо эрүүл гэж бодон эмнэлэг рүү тэр бүр зүглэдэггүй, хайнга, хэнэггүй нь дэндсэн, нийтлэг гэмээр араншинтай бидэнд тэдний энэ аяг содон тусах нь ч аргагүй биз. Гэтэл одоо энэ байдал эсрэгээрээ өөрчлөгдөж мэдэх нь. Ялимгүй шалтгаанаас болоод нэг дүүрэг, хотод буй эрүүл мэндийн байгууллага барааддаг тэд бус, эх орондоо эмчлүүлэх бүрэн боломжтой, хөнгөн хэлбэрийн өвчтэй атал харийн орон руу хошуурдаг монголчууд л илүү инээдтэй харагдахад хүрлээ.
Хорт хавдартай, Монголд эмчлэх боломжгүй гэсэн оноштой хүмүүс л гадаадыг зорьдог гэсэн нийтлэг, өрөөсгөл ойлголтыг залруулсан нэгэн судалгааг БНСУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хүрээлэнгээс гаргаснаа танилцуулжээ. Бид санаснаас ч илүү баян, бас аминдаа арчаатай ард түмэн аж. Тус байгууллагынхан аль орноос хамгийн олон хүн БНСУ-ыг эрүүл мэндийн шалтгаанаар зорьж буйг тандахад манайх Хятад, Япон, Орос, АНУ зэрэг том гүрнүүдийн хойно орж, тавдугаарт эрэмбэлэгджээ. Ганцхан жилийн дотор буюу 2016 онд гэхэд л Монголоос 14 789 иргэн тус улсад очиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байх юм.
БНСУ анагаах ухааны салбарын хөгжил, оношилгоо, эмчилгээний түвшнээрээ Азид дээгүүрт ордог учраас тухайн орон руу чиглэсэн гадаад иргэдийн урсгал байнга нэмэгддэг юм байна. Гэхдээ монголчууд шиг цойлсон нь үгүй гэнэ. Тус улс руу манайхаас “илгээсэн” иргэдийн тоо 2009 онд 850, 2014 онд 3700 орчим байснаа ийн суга өсчээ. Тодруулбал, наймхан жилийн дотор 17.3 дахин нэмэгдсэн гэсэн үг. Тэд монголчуудыг татах увдистай гэлтэй. Хөдөлмөрийн зах зээлийнх нь “гол тоглогч”, боловсрол, гоо сайхны салбарт “идэвхтэй” хөрөнгө оруулагч, үнэнч түнш нь монголчууд байсаар ирсэн. Харин одоо эрүүл мэндийн салбарыг нь ийн дэмжих болжээ.
Нэг тооцоо бодъё. Уржнан Өмнөд Солонгост эмчлүүлсэн иргэд тухайн орны эрүүл мэндийн салбарт 867.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэсэн тооцоог Эрүүл мэндийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хүрээлэнгээс гаргасан байсан юм. Үүний тэн хагасыг нь хэвтэн эмчлүүлсний төлбөрт зарцуулсан байна. Иргэд эрүүл мэнддээ анхаарч, хөрөнгө харамгүй хаяж байгаа нь сайн хэрэг. Хэн ч чанартай, найдвартай газарт эмчлүүлэхийг бодно. Гэхдээ тэдний халааснаас гарсан мөнгөний дийлэнх нь гадаад бус, дотоодын зах зээлд шингэх боломжтой байсан гэвэл та итгэх үү. Дээрх байгууллагаас хийсэн судалгаанд анхаарал татсан нэг зүйл байсан нь бид ялихгүй юмнаас ямааны гарз гаргаж буй тухай юм.
Тус улсыг зорьж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авагчдын зонхилох хэсэг нь Монголд оношлох, эмчлэх бүрэн боломжтой өвчин туссан иргэд байдаг гэнэ. Бусад орныхон ихэвчлэн арьс, гоо засал, эрхтэн шилжүүлэх, мэдрэлийн мэс засал хийлгэхээр Өмнөд Солонгосыг зорьдог бол монголчуудын олонх нь харшил, шүд, үе мөчний эмгэг, эмэгтэйчүүд, дотрын өвчнөө илааршуулахаар ханддаг аж. 2016 онд эмчлүүлсэн 14 789 иргэний дөнгөж 78 нь л гадаадад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай (эрхтэн шилжүүлэх болон мэдрэл, зүрх, судасны мэс засал), хүнд оноштой өвчтөн байсан бол үлдсэнд нь харшил, шүдний өвчлөл гэх зэрэг дээр дурдсан шалтгаан зонхилж байна.
“Манай эмч нар анх удаа ийм төрлийн мэс засал амжилттай хийлээ”, “Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлдэг өвчний тоо багасав”, “Тэр эмнэлэг, байгууллагын эмч, мэргэжилтэн олон улсын хүндтэй шагнал авлаа” гэсэн чихэнд чимэгтэй мэдээ байсхийгээд дуулддаг болсон. Салбарынхан нь ч оношилгоо, эмчилгээний чанар, стандарт жилээс жилд сайжирсаар байгааг хэлдэг. Өнгөрсөн онд л гэхэд манай улс гадаадад зайлшгүй эмчлүүлэх өвчний жагсаалтад орсон 39 эмгэгээс есийг хасчээ. Эх орондоо эмчлэх боломж бүрдсэн гэсэн үг. Гэтэл эрүүл мэндийн шалтгааны улмаас харийн орныг зорих иргэдийн тоо тогтмол өсөж, тэр ч байтугай хөнгөн хэлбэрийн өвчнийг ч эх орондоо эмчлүүлэхээс татгалзах хүн олширсны шалтгаан юу вэ. Иргэд эрүүл мэндийн салбарт итгэл алдарсных уу, эсвэл дэлхий дахинаа эрчтэй хөгжиж буй эмчилгээний аялал жуулчлал нөлөөлсөн үү. Эрүүл мэндийн салбарын хөгжлийг үнэлэх хэмжүүр нь чухам юу юм бэ.
Гадаад руу явж, эмчилгээ, үйлчилгээнд хамрагдагчид өссөн шалтгааныг тэр, энэ гэж оноож хэлэхэд хэцүү. Оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмж, амьдралын түвшин, эдийн засгийн чадавх, аялал жуулчлал, сэтгэл ханамж гээд олон хүчин зүйлтэй холбон тайлбарлах боломжтой. Тиймээс салбарыг төлөөлүүлж, хоёр хүнээс хариулт авсан юм. Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “Зөвхөн хавдрын тухайд авч үзвэл энэ өвчний талаарх ойлголт, боловсрол орчин цагийн байдалд нийцэхгүй, хуучных шиг эмчлэхэд хүндрэлтэй, хэцүү өвчин мэтээр ухуулсан, цочирдуулсан мэдээлэл хэвлэлээр их түгэх болсон.
Үүнээс болоод иргэд дотооддоо онош тодруулах, эмчлэх боломжтой байсан ч яаран сандран гадаад явахыг эрмэлзэж байна. Тиймээс нэн түрүүнд олон нийтэд хавдрын талаар үнэн, бодитой мэдлэг, боловсрол олгоход анхаарах нь зүйтэй. Үүнийг Эрүүл мэндийн тухай хуульд тусгаж, цогц, системтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм. Гадаад руу эмчилгээнд явсан ч онцын үр дүн гараа гүй, эсвэл “Монголдоо эмчлүүлбэл илүү хэмнэлттэй, зөв байжээ” гэдгийг ойлгосон иргэдийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаармаар байна” гэв.
Мөн тэрбээр манай улсад хавдрын мэс заслын эмчилгээ олон улсын түвшинд ойртож, зарим талаараа бусад орноос ч дутахааргүй болсон, гол бэрхшээл нь хожуу оношлогдох тохиолдол их учраас эмчилгээний эцсийн үр дүн хүссэн хэмжээнд хүрэхгүй хэвээр буйг онцолсон. Тус төвийнхөн хавдрын тусламж, үйлчилгээний чиглэлээр гадаадад эмчлүүлэгсдийн урсгалыг багасгахад ихээхэн анхаарч байгаа бөгөөд элэг шилжүүлэн суулгах шинэ эмчилгээг тун удахгүй нэвтрүүлэх гэнэ.
Харин БНСУ-д амьдардаг, нуруу, үе мөчний “Чонсү” уламжлалт эмнэлэгт гурван жил ажилласан Б.Хандмаа “Илүү найдвартай эмчилгээтэй учраас л иргэд энд ирдэг байх. Тэрнээс хэд дахин их зардал гарган, гадаад руу явах шаардлага байхгүй. Нөгөө талдаа өвчнөө зөв оношлуулж, бүрэн эмчлүүлэх хүсэл, эмчилгээний үед эрсдэл гарах вий гэх болгоомжлол ч нөлөөлдөг болов уу. Гэхдээ уламжлалт эмнэлэгт нэг их ханддаггүй юм шиг ажиглагдсан” хэмээсэн юм.
Гадаадад эмчлүүлэгчдийн тоог бууруулах чиглэлээр ямар ажил хийж буй талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэгээс асуухад “Бид эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, гадаадад эмчлүүлэхэд зарцуулж буй мөнгөний урсгалыг бууруулах зорилгоор тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Төгсөлтийн дараах гадаад сургалтын 2017-2020 оны тэргүүлэх чиглэл”-ийг баталж, гадаадад эмчлүүлж байгаа өвчний эмчилгээний технологийг эх орондоо нутагшуулах зорилгоор 90 гаруй эмч, мэргэжилтэн сургахаар болсон” гэлээ.
Манай орны иргэд БНСУ-аас гадна Энэтхэг, БНХАУ руу эрүүл мэндийн шалтгааны улмаас хамгийн их зорчдог гэсэн статистик байна. Харин тэдний хэчнээн нь гэрт нь хоол байсаар атал айлын тогоо руу өнгийх хүүхэд шиг шийдвэр гаргасан бол. Ганцхан улсад жилийн дотор 15 мянга орчим хүн “айлчилж”, эмчилгээнд 867.4 тэрбум төгрөг зарцуулсан байхад бусад оронд нэмэрлэсэн хөрөнгө оруулалтыг тооцвол замбараагүй олон оронтой тоо гарах нь дамжиггүй. Энэ тоо, үзүүлэлт цаашид хэрхэн өөрчлөгдөхийг ч таашгүй. Гагцхүү өсгөхгүй байхад анхаарч ажиллах нь эрүүл мэндийн манаанд зогсож буй байгууллагуудын тулгамдсан, гол асуудлын нэг болов.