ЮНЕСКО-гийн загвар хуралдааныг энэ сарын 28-29-нд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын байранд зохион байгуулна. Эл хуралдаанд оролцох сонирхолтой 16-21 насныхныг бүртгэж эхэлжээ. Оролцогчид англи хэлээр судалгаа хийх, мэтгэлцэх чадвартай байх шаардлагатай гэнэ. Уг үйл ажиллагааг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн “ЮНЕСКО” клуб хамтран зохион байгуулах аж.
Энэхүү загвар хуралдаан нь ЮНЕСКО-гийн хэрэгжүүлж буй бодлогын талаарх залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, харилцааны ур чадварыг бэхжүүлэх, тэдний улс орноо төлөөлж, ашиг сонирхлоо хамгаалах чадавхыг сайжруулах үндсэн зорилготой аж. Түүнчлэн шилдэг илтгэгчид хоёр сая төгрөгийн урамшуулал олгох юм байна. Мөн дэд байрт 1.2, гуравдугаарт шалгарвал нэг сая төгрөгөөр урамшуулах гэнэ. Хуралдаанд оролцогчдыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын цахим хуудсаар дамжуулан энэ сарын 20 хүртэл бүртгэх нь.