Говь-Алтайн ЗДТГ-аас санаачлан тус аймгийн Хөхморьт сумын нутаг, Дөргөн нуурын өмнөд эрэг, Их монгол элсний байгалийн дурсгалт газарт “Жангар-2023” хөгжмийн фестивалийг зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг өнгөрсөн онд анх зохион байгуулсан “Алтайн залуус” чуулга уулзалтаас санаачилсан бөгөөд утга агуулга, ачхолбогдлыг үнэлж, дэлгэрүүлэх зорилгоор “Жангар фестиваль” хэмээн нэрлэж, жил бүр уламжлал болгохоор төлөвлөсөн аж. Өнөө жилийн уриаг “Монгол туургатан залууст зориулав” хэмээн онцолсон нь эл фестивальд 21 аймаг, нийслэлээс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан, Ганьсу, Хөхнуурын монголчууд, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Якутаас залуучуудыг урьж оролцуулан, танилцуулж, харилцаа холбоог нь тэлэхээр зорьж байгаатай холбоотой гэнэ. Энэхүү энтертайнмент фестивальд Монголын соёл урлаг, уламжлалыг таниулан, орчин үеийн хөгжим, артистууд, дижэй нар оролцохоос гадна усан парк, будган байлдаан, бикини, загварын, бартендер шоу, элсэн дээрх кинотеатр, циркийн галт үзүүлбэр гэх мэт олон арга хэмжээ явуулахаар хөтөлбөр гаргажээ. 18-35 насны залуучуудад зориулсан энэхүү фестиваль ирэх сарын 4-7-нд болно.