Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авах үүргийг Ерөнхий сайд өглөө. Тодруулбал, Соёлын тухай хуулийн дагуу орон нутагт ажиллаж буй тус салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутам нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журам баталсан юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ энэ оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
Манай улсад өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчийн соёлын 432 байгууллагад 4470 албан хаагч ажиллаж байна. Тус журмаар эдгээр албан хаагчийн 70 хувьньдээрх мөнгөн тэтгэмжийг авах аж. Засгийн газрын хуралдааны дараа сайд Ч.Номин мэдээлэл хийхдээ “Салбарынхаа ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Сангийн яам, ЗГХЭГ, УИХ-ын холбогдох байнгын хороонд удаа дараа хүргүүлээд байна. Цалинг энэ ондоо багтаан үе шаттай нэмэгдүүлнэ” гэв.
Ташрамддурдахад, Соёл урлагийн салбарын ажилтнуудын төлөөлөл болсон ДБЭТ, Улсын филармони, Үндэсний төв номын сан, Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, Төв аймгийн “Монгол туургатан” театр зэрэг байгууллагын уран бүтээлчид, ажилтнууд өчигдөр өглөөнөөс эхлэн цалин нэмэхийг шаардаж, тайвнаар жагссан юм. Улмаар Соёлын яамны, сайд Ч.Номин тэргүүтэй удирдлагын бүрэлдэхүүн жагсагчидтай уулзаж, Засгийн газрын хуралдааны шийдвэрийгтанилцуулсан. Гэвч соёл урлагийн салбарын ажилтнуудын төлөөлөл цалинг энэ онд багтааж нэмэхийг хүлээх хугацаа байхгүй, уран бүтээлчид ажлын байраа олноор орхиж эхэлсэн тул театр, чуулгууд үйл ажиллагаагаа хаахад хүрэх учир эрт арга хэмжээ авах ньзүйтэй гэж байлаа. Эцэст ньжагсагчид болон Соёлын яамныхан хамтарсан ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлын талаар Засгийн газар, УИХ-д танилцуулан, мэдээлэх ньзүйтэй гэдэгт санал нэгдэв.
Бэлтгэсэн: У.Наран