Робот зохион бүтээгч оюутнуудын дунд зохион байгуулдаг “ABU robocon-2021” олон улсын тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийнхан дэд байр эзэлжээ. Тэргүүн байрт Индонезийн багийнхан орсон бол гуравдугаарт Малайзын оюутнууд жагссан байна. 20 дахь удаагийн уг тэмцээнийг БНХАУ-д зохион байгуулжээ. Зохион байгуулагчаас гадна Япон, Малайз, Индонез зэрэг техник, технологи өндөр хөгжсөн 11 орны 21 баг уг тэмцээнд өрсөлджээ. Ийм том тэмцээнд монгол оюутнууд амжилт гаргасан нь манай инженерийн боловсролын түвшин сайн байгааг илэрхийлэх гол үзүүлэлт гэдгийг ШУТИС-иас онцоллоо. Тус сургуулийнхны хувьд энэ удаа 2019 оны түүхэн амжилтаа бататгажээ. Тодруулбал, “ABU robocon-2019” олон улсын тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулахад ШУТИС-ийнхан дэд байрт шалгарсан аж.
Бэлтгэсэн М.Оч