Дэлхийн аялал жуулчлалын байгууллага энэ оны эхний таван сарын статистикт үндэслэн гаргасан тайландаа “Олон улсын аялал жуулчлал тогтвортой өсөлт¬тэй байсан” гэж дүгнэжээ. 2025 оны 1-5 дугаар сард олон улсын хэмжээнд 300 сая гаруй жуулчин аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс тав, цар тахлын өмнөх буюу 2019 оныхоос гурван хувиар өссөн дүн аж. Энэ онд геополитикийн болон худалдааны хурцадмал байдал нэмэгдэж, олон салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй ч аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэвийн түвшинд байгааг “Олон улсын аялал жуулчлалын барометр”-т дурджээ. Эхний улирлын үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад Ази, Номхон далайн бүс нутаг хамгийн өндөр буюу 13 хувийн өсөлттэй гар¬ чээ. Дараа нь Африк (+9%), Америк (+3), Европ (+2), Ойрхи Дорнод (+1) эрэмбэлэгдсэн байна. Аялагчдын тоогоороо тэргүүлсэн Ази, Номхон далайн орнуудыг Япон Улс өнгөлжээ. Тус оронд аялсан жуулчдын тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 23 ху¬виар өсжээ. Харин удаах байрт Монгол Улс (+19%), БНСУ (+14), Лаос (+11) орсон аж. Жуулчдын зарцуулсан мөнгөн дүнгээр буюу ашгийн үзүүлэлтээр мөн Арлын улс (+34%) бүс нутагтаа тэргүүлсэн бол ард нь Балба (+18), Монгол болон БНСУ (+14) бичигджээ. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлж буйгаар 2025 он гарснаас хойш манай улс 277 145 жуулчин хүлээн авчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 24 хувиар буюу 36 мянгаар өссөн дүн аж. Жуулчдын 35.2 хувь буюу 97 мянга гаруй нь өмнөд хөршийн иргэд бол 28.9 хувь нь оросууд, 14 хувь нь солонгосчууд байна.
Н.Мишээл