10.00 цаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 65 гишүүн буюу 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Ерөнхий сайдыг томилох тухай, “Эрчим хүч-3” төслийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах болон хамт өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Ерөнхий сайдыг томилох тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо болон АН-ын бүлэг хуралдаж буй тул үдээс өмнөх чуулганыг түр завсарлуулж, 14.00 цагт хуралдахаар болсон юм. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарт асуулт тавьж, хариулт авсан юм. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр саналыг танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Баярбаатар, Б.Батбаатар, Н.Номтойбаяр, Э.Болормаа, Б.Пүрэв¬дорж, Ж.Баярмаа, Ж.Золжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Алтангэрэл, О.Номинчимэг, Ц.Сандаг-Очир нар асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, нэр дэвшигч Г.Занданшатар “УИХ Ерөнхий сайдаар томилбол парламентад суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана. Гэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд орсноороо хамтардаг юм биш. Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн намууд, УИХ-ын гишүүд улсынхаа төлөө нэгдэж хамтарч ажиллан, буруу зүйлийг шүүмжилдэг байх ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг экспорт буурч, төсвийн зарлага нэмэгдсэн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед шинэчлэл хийх сайн боловсон хүчнийг сонгож ажиллахыг чухалчилж буйгаа илэрхийлсэн. Мөн иргэдэд дарамт болж буй татварын тогтолцоог шинэчилж, амьдралд ээлтэй, эдийн засгийн бодлого хэрэгжүүлж ажиллахыг хүслээ. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нийгэм, эдийн засгийн системийн өөрчлөлтийг төрийн өмчит компаниудаас эхлүүлэх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Э.Болормаа төрийн албаны шинэчлэлийг Засгийн газрын бүрэлдэхүүнээс эхлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарт УИХ-ын гишүүдийн тавьсан зарим асуултын хариултыг сонирхуулъя.
Ж.ЗОЛЖАРГАЛ (УИХ-ын гишүүн): -Гадаадын хөрөнгө оруулалт шалдаа буучхаад байна. Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ. Элчин сайд нартай эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлд яаж хамтран ажиллах вэ?
Г.ЗАНДАНШАТАР: -2012 онд баталсан Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь тухайн үед Монголын баялгийг гадаадад чөлөөтэй зарж, энэ нь хэмжээ хязгаарлалтгүй байх юм бол Монголоос зөвшөөрөл авдаг агуулгатай л хууль байсан. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд бусад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай болчихвол ард иргэдэд ямар мэдээлэл түгээх вэ. Гэвч нэгдүгээрт, дээрх хуулийг хэрэгжүүлж чадаагүй, хоёрдугаарт, хүчингүй болгочихсон. Хүчингүй болсон энэ хуулиас болж гадаадын хөрөнгө оруулалт буурсан зүйл байхгүй. Шүүх засаглал, авлига, хээл хахууль, орон нутгийн болон бүх шатны дарамт шахалт уул уурхайд байгаа. Хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг нь улс төр, хуулийн тогтвортой байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Төр баялаг бүтээгчид, ажил олгогчдод хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулагчдаа хайрлаагүй байхад яаж гадаадынх нь орж ирэх вэ. Тиймээс ажил олгогч, баялаг бүтээгчдээ дэмжих цогц бодлого шаардлагатай.
Ж.БАЯРМАА (УИХ-ын гишүүн): -Төрийн 230 мянга орчим алба хаагчаас 20 мянга гаруй нь дарга сэтэртэй байна. Энэ орон тоог цөөлөх чиглэлд та ажил хийх үү. АНын үед есөн яам, 11 сайдтай ажиллаад олон реформыг амжилттай хийсэн. Төрийн албыг цомхон, төрийн өмчит компанийг олон нийтийнх болгоход ямар ямар ажил хийх вэ. Монгол Улс авторитар дэглэмд орчихлоо. Үүнд та ямар байр суурьтай байна?
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол парламентын ардчиллыг төлөвшүүлж, төгөлдөршүүлэхэд чиглэгдсэн. Тиймээс нэг нам хэт давамгайлсан биш, олон намын тогтолцоот, жендерийн эрх тэгш байдлыг илүү хангасан сонгуулийн тогтолцоог өмнөх парламент бүрдүүлсэн. Үүний үр дүнд парламентын ард¬ чилал ахисан гэж ойлгож байна. 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь парламент ард түмнийг төлөөлж буйн гол жишээ. Төрийн албыг цомхон, чадварлаг болгох ёстой. Цахим төр, хиймэл оюун ашигласан шинэчлэлүүд хийж байна. Хараат бус, шуурхай ажиллах реформыг хэрэгжүүлнэ. Төрийн өмчийн компаниудын тоог хоёр дахин бууруулна. Төрийн өмчийн компаниудын реформын хуулийг боловсруулахаар өнгөрсөн парламентад ажлын хэсэг байгуулсан ч эцэслэн батлуулж чадаагүй. Ярьдаг биш, хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байхын тулд одоо амлалт өгмөөргүй байна” гэв.
Харин АН-ын бүлгийн хуралдааны талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Нэгдсэн шийдвэр гаргахгүй гэж бүлэг шийдсэн. Өөрөөр хэлбэл, бүлгийн зүгээс нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй, гишүүн бүр өөрийн саналаа өгөх шийдвэр гаргасан. Би хувь гишүүнийхээ хувьд Ерөнхий сайдад Г.Занданшатар даргыг дэмжиж, санал өгнө. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, ялангуяа хүний эрх, эрх чөлөөний болон авлигын эсрэг хуулийн чиглэлээр өргөн барьсан хуулийн төслүүдийг дэмжээрэй гэдгийг уламжилна. УИХ-д өргөн барьсан хуулийн 10 гаруй төсөл байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой 11 хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжсэн. Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл байна. Авлигын эсрэг, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл, үүнд нэмээд 10-аад хуульд өөрчлөлт оруулахаар байгаа” гэсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг Г.ЗАНДАНШАТАР: Татварын дарамтыг бууруулж, дундаж давхаргыг дэмжиж ажиллана дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.
14.00 цаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д танилцуулсан юм. Хуралдаан УИХ-ын 126 гишүүнээс 114 буюу 90.5 хувийн ирцтэйгээр үргэлжилж, 70 гаруй гишүүн асуулт тавьж, хариулт авахаар нэрээ өгөв. Зарим гишүүний асуулт, хариултыг дор сийрүүлье.
Д.ЭНХТУЯА (УИХ-ын гишүүн): -Та сая АН-ын бүлэг болон байнгын хорооны хурлын үеэр тодорхой зүйл хэлсэнгүй. Сүүлийн 20 жилд улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажилласан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын бодлогыг хэрэгжүүлнэ гэлээ. Огцорч буй засгийн үед монголчуудын 915 мянган иргэн ядуурлын шугамаас доогуур амьдарч байна гэсэн статистик гарсан. Сүүлийн гурван жилд ядуурлын түвшин буурсангүй. Гэтэл та энэ бодлогыг үргэлжлүүлнэ гэлээ. Айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх талаар ямар ажил хийх вэ?
-Би тодорхой хэлсэн. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгож иргэн бүрд хүргэхийн төлөө ажиллана. Хүн ам 1.1 хувиар өсөж, дундаж наслалт 71.7 жил болсон. Ядуурал буурахгүй байгаад эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлт, гадаад, дотоод нөхцөл байдал сөрөг нөлөө үзүүлж байгаа. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, бүтцийн өөрчлөлт хийнэ. Татварын реформыг хэрэгжүүлнэ. Ард иргэдэд учирч буй татварын дарамтыг бууруулж, тансаг хэрэглээ болон хэт өндөр орлоготой иргэдэд ногдуулах татварыг нэмэгдүүлж, тэгш, шударга нөхцөлийг хангаж, дундаж давхаргыг дэмжинэ.
Ч.ЛОДОЙСАМБУУ (УИХ-ын гишүүн): -Ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний индекс унаад байгаа голлох шалтгааныг та юу гэж харж байна. Айл өрхүүдийн дундаж орлого 1.8 сая төгрөг, зарлага мөн ийм байна. Өрхийн орлого, зарлагын харьцаа яаж сайжрах вэ. Төрийн байгууллагыг хаанаас эхэлж цомхотгох юм бэ?
-Ардчиллын индекс нь Хэвлэлийн эрх чөлөөний индекс буурснаас унасан байж болно. Шалгуур үзүүлэлт бүрд анхаарч ажиллаж байж сайжруулж чадна. Олон талт ардчиллын хүчин зүйлээс хамаарна. Тэгш бус байдлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэхийн тулд инфляцын өсөлтийг сааруулах шаардлагатай. Нийт өрхийн 69 хувь нь зээлтэй байна. Үүнийг өөрчилж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үнэлэмжийг сайжруулах, татварын реформыг уялдуулж хэрэгжүүлэх ёстой. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр, цаашлаад өрхийн орлого нэмэгдэнэ гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Пиараа бодолтой хийгээрэй. Та хэвлэлд их цочимхой. Цочимхой хүн огцом үйлдэл хийдэг. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байдаг. Төсвийн мөнгөөр хэвлэлийнхнийг “угждаг”-ийг тас цохиорой, хэвлэлийнхний эрхийг зөрчсөн хэд хэдэн заалттай Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг буцааж татаарай. Үндэсний үйлдвэрүүдээ хайрлаж ажиллаарай гэж захья” хэмээсэн юм. Хариуд нь Г.Занданшатар “Чөлөөтэй, хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл мэдээлэл бол ардчиллын дархлаа, засаглалын багана мөн. Би хэвлэлийнхэнд нээлттэй байдаг, хаалтын гэрээ хийж ирээгүй. Хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийг хангах заалтыг хуульдаа оруулж ажиллаарай гэж хүсэж байна” гэв.
Б.МӨНХСОЁЛ (УИХ-ын гишүүн): -Хүний эрх зөрчигдөж, амьжиргааны түвшин маш доогуур гэсэн дүгнэлт гарсан. Ажил хийж байгаа ч амьжиргааны түвшин дээшлэхгүй байна. Иргэдийн амьжиргааг дэмжихэд юу хийх вэ. Мөн цахим орчинд улс төрчид нэг нэгнээ “намнаж” байна. Цахим орчин дахь хүний эрхийн зөрчилтэй хэрхэн тэмцэх вэ. Түүнчлэн боловсролын салбарын урсгал зардлыг танах уу?
-Сошиал орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль зайлшгүй шаардлагатай гэдэгтэй эвлэрч эхэлж байгаа. Сошиалаар шийдвэр гаргадаг болчихвол монгол төрийн дархлаа алдагдана. XXI зуунд цөмийн бөмбөг биш, хиймэл оюунаар залуурдсан сошиал орчин хамгийн аюултай гэдгийг олон улс хүлээн зөвшөөрсөн. 150 гаруй улс сошиал орчны хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Манай улс хоцорчихсон. Засгийн газрын бүтээмжийг дээшлүүлэх талаар нэлээд судалгаа хийсэн юм билээ. Боловсролын салбарт зайн сургалт, хиймэл оюуныг ашиглах шинэ платформ шаардлагатай гэж үзэж байгаа. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг танах асуудлыг төсвийн тодотголд оруулаагүй.
Л.ЭНХНАСАН (УИХ-ын гишүүн): -Төсвийн тодотголыг дараагийн долоо хоногт УИХ-д оруулах тухай хэллээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг тусламж, үйлчилгээнд зарцуулах ёстой атал багш, эмч, төрийн албан хаагчдын урамшуулалд өгч байна. Багш, эмч нарын цалинг тусад нь төсөвт оруулах боломж байна уу. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх бодлого баримтлах уу?
-Иргэд Засгийн газрыг тогтвортой байхыг хүсэж байгаа. Эрүүл мэндийн салбарын төсөв өнгөрсөн таван жилийн хугацаанд 2.4 дахин өссөн, ажилчдын цалинг нь 2.2 дахин нэмэгдүүлжээ. Одоогийн нөхцөл байдал төсвийн урсгал зардлыг нэмэх биш, танах шаардлагатайг та бүхэн мэдэж байгаа. Улсын төсөв дэх эрүүл мэндийн төсвийг 2028 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьд хүргэнэ. Мөн орон сууцжуулалтын банк байгуулж, эмчийн цалинг нэмэгдүүлэх, урамшууллыг төсөвт тусгах нь зүйтэй.
С.ЗУЛПХАР (УИХ-ын гишүүн): -“Атар-IV” аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүсийн онцлогт тохирсон зээлийн багц гаргах боломжтой юу. Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Мэргэжлийн боловсролыг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийг тэлэх тухайд ямар бодолтой байна вэ?
-Боловсрол бол тэргүүлэх салбар мөн. Ядуурал, нийгэм, соён гэгээрлийн бүхий л асуудлыг боловсролтой холбон ойлгож болно. Хүүхэд, залуусын орон гэгддэг Монгол Улсад боловсрол нэн чухал юм. 55 мянган багш энэ салбарт ажиллаж байна. Тэгш бус байдлыг арилгахын тулд дижитал платформыг бий болгох, Улаанбаатар хотын туршлагатай, чадвартай багш нар улс орон даяар цахимаар сургалт явуулах үйл ажиллагааг хиймэл оюунтай уялдуулахыг зорьж байна. Үүнийг Боловсролыг дэмжих жилийн гол хараа болгох юм. Хүнсний хувьсгал, хөдөө аж ахуйг дэмжих зээлийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж, хүртээмжтэй болгох шаардлагатай
Ө.ШИЖИР (УИХ-ын гишүүн): -Төсөв гурав дахин өссөн ч иргэдийн орлого ингэж нэмэгдсэнгүй. Олсон орлого нь зардалдаа дөнгөж таардаг улс болсон. Бид үнийн өсөл¬тийн дунд амьдарч байна. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ 55 орчим хувиар өссөн. Засгийн газрын гадаад өр 36 их наяд буюу түүхэн дээд түвшинд хүрсэн. “Миний алдаа, оноо бүгд ил байдаг” гэж та хэллээ. Та өөрийн бүрэн эрхийнхээ хугацаанд үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг нэг удаа ч гомдол гаргахгүй гэж амлалт өгч чадах уу?
Амлалт өгөх биш, ажил хэрэгч Засгийн газар байхыг эрхэмлэнэ. Амлалт олон янз. Занданшатарыг юу ч гэж хэлж болно. Гэхдээ хүний эрхийг хөндөж, гэмгүй иргэдийг хохироохыг зөвшөөрөхгүй. Хууль дээдэлж ажиллана.
Б.ПҮРЭВДАГВА (УИХ-ын гишүүн): -Төрийн худалдан авалтыг нууцаар явуулсаар байх уу. Улсын төсвийг буруугаар ашигласан этгээдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Төрийн худалдан авалтыг ил тод байлгах нь авлигыг бууруулах түлхүүр. Бүх худалдан авалтыг цахим системээр нээлттэй зарлаж, гэрээний биелэлт, гүйцэтгэлийг олон нийтэд мэдээлэх ёстой гэж үзэж байна. Хиймэл оюунаар тендер сонгон шалгаруулдаг болсон байна. Технологийг ашиглах хэрэгтэй. Төрийн онц чухал объект, нууцлах ажиллагаатай холбоотой худалдан авалт гэж байдаг. Үндэсний аюулгүй байдалд өндөр ач холбогдолтой, төрийн нууцыг хадгалах шаардлагатай, хуулиар нууцад хамаарахаас бусад худалдан авалтыг ил тод байлгах боломжтой. Би худалдан авах ажиллагаанд оролцож байгаагүй. Гаргасан зөрчлөөс нь шалтгаалан хариуцлага тооцож ажиллана.
Д.ЦОГТБААТАР (УИХ-ын гишүүн): - Таныг мэргэжлийн Засгийн газар байгуулаасай гэж хүсэж байна. Хавтгайрсан халамжийг бууруулах чиглэлээр юу хийж чадах вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, давхар дээлний асуудлыг хэлэлцээд улс төрийн шийдвэр гарчихсан. Үндсэн хуулийн 39.3.4-т зааснаар Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болсон. Би өмнө нь байнгын хорооны хурлын үеэр “Муур хар, цагаан байх нь чухал биш, хулгана барьдаг байх нь чухал” гэж хэлсэн. Тиймээс Засгийн газар ард түмний амьдралыг сайжруулах, хөгжил дэвшилд чиглэх ёстой. Зарим нэр, төрлийг өөрчлөх шаардлагатай. “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 50 000 төгрөг өгч байна. Энэ цалин биш. Мөн хүүхдийн мөнгө халамж биш. Хүн амаа дэмжсэн, хүүхдийн хөгжлийг дэмжсэн бодлого. Үүнийг илүү үр дүнд хүргэж, ирээдүйн сангийн хуримтлалыг бий болгоход анхаарч ажиллах ёстой. Экс¬портын орлого өссөн, үйлдвэржсэн улсад л ажлын байр бий болж, амьжиргааны түвшин дээшилж, төгрөгийн үнэ цэн өснө.
П.БАТЧИМЭГ (УИХ-ын гишүүн): -Засгийн газрыг шинээр байгуулах явцад ярьсан хэлсэн нь үгүй болж, салхины чиглэл өөрчлөгддөг. Тухайн яамдын үйл ажиллагаа, чиглэл, нэр, хэн сайд болохоос хамаарч өөрчлөгддөг. Та үүнтэй санал нийлэх үү. Шинээр байгуулах Засгийн газрын бүтэц хэр оновчтой, цомхон байх вэ. Мөн гадаадад дүрвэсэн залуусыг эх орондоо эргэн ирж, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор яаж хангах вэ?
-Яамдын нэрийг солих, тоог цөөлөх гээд нэг үсэг өөрчлөгдөхөд л албан бланк, ширээ сандал зөөхөөс эхлээд бужигнаан үүсдэг. Тиймээс аль болох тогтвор суурьшилтай ажиллаж, онцын шаардлагагүй илүүдэл “эрхтэн”-үүдийг тайрна. Ажиллах хүч дутмаг байгаа нь туйлын үнэн. Гадаад улсад ажиллаж байгаа иргэнээ ажлын байр, орон сууцын хөнгөлөлттэй зээлд хамруулах зэрэг ажиллах хүчнээ буцаан авчирдаг олон улсын бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Боловсон хүчнээ буцаан авчрах бодлого хэрэгжүүлэхгүй бол Монгол Улс ажиллах хүчний хомсдолд орох, байгаа залуус нь гадагшаа явах чиг хандлагатай болсон нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. 20.00 цаг. Сонины дугаар шилжих мөчид Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох саналын хэлэлцүүлэг үргэлжилж байв.