Жил бүрийн зургаадугаар сарын 12-нд тохиодог Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг улс орнууд 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхий нийтээрээ энэ өдөр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг уулзалт, хурал, кампанит ажил зохион байгуулдаг. Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахиад хүчээ нэмье” уриалга дэвшүүлэв. Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар Монгол Улсад одоогоор 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 58 мянга орчим нь хөдөлмөрийн тэвчишгүй орчинд ажиллаж буй гэнэ. Тэдгээрийн олонх нь насанд хүрээгүй, хүнд хүчир, эрсдэлтэй ажил хийдэг гэсэн судалгаа гарчээ. Тухайлбал, хүүхдүүд хурдан морь унах, мал маллах, барилга угсрах зэрэг хүнд хүчир ажлыг хамгийн түгээмэл хийдэг аж. Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцод тус тус нэгдсэн бөгөөд 2005 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж буй. Харин хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлаа 2016 оноос эхлүүлжээ.
Ц.Ауюш