Ус, цаг уурын байгууллагаас Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг гаргажээ. Тодруулбал, түймрийн эрсдэл нийт нутгийн 23.1 хувьд нь бага, 7.4 хувьд нь дунд, 5.4 хувьд нь их, зургаан хувьд нь нэн эрсдэлтэй байна. Үүнийг 2000-2024 онд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, давтамжийн зураглал, аюулын зэрэглэл, газрын бүрхэвчийн зураглал болон өнгөрсөн сарын хуурайшилтын индексийг тооцоолон гаргасан аж. Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь орчим нь ойгоор бүрхэгдсэн. Энэ нь ойролцоогоор 12.9 сая га газрыг эзэлдэг бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Хэнтий зэрэг хойд бүсийн аймгийн газар нутгийг хамардаг юм. Гэвч ой мод бүхий газарт түймэр дэгдэж, ихээхэн хэмжээний талбай шатсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байгааг онцгой байдлын газрынхан хэлж буй. Тухайлбал, энэ сарын 6-8-ны хооронд Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ойн түймэр гарсан. Хөвсгөл аймгийн ЦагаанҮүрт гарсан түймрийг уржигдар бүрэн унтраасан бөгөөд 500 га талбай өртжээ.
Ч.Болор