Fitch ratings” агентлагаас Монгол Улсын эдийн засгийн орчинд тулгамдсан асуудлыг судалж, үр дүнгээ саяхан танилцууллаа. Тодруулбал, Ерөнхий сайд огцорсон үйл явдал, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, төрийн бодлогын огцом өөрчлөлтүүд нь манай улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэжээ. Түүнчлэн нүүрсний экспортын орлого буурснаас үүдэлтэй төсвийн алдагдал нь шинэ Засгийн газрын гол сорилт байх төлөвтэйг онцолсон байна. Энэ оны эхний дөрвөн сард төсвийн урсгал зардал өмнөх жилийн мөн үеийнхээс 20 хувиар өссөн бөгөөд олон нийтийн шүүмжлэл, дургүйцлийг намжаах зорилготой байж болзошгүй нэмэлт халамж, зардлууд нь төсөвт дарамт учруулах магадлалтай гэнэ. Дээрх хүчин зүйлээс шалтгаалан 14 мега төслийн хэрэгжилт удааширч, эдийн засгийн дунд хугацааны өсөлт сулрах эрсдэлтэй аж. Сүүлийн таван жилийн хугацаанд улсын төсөв хоёр дахин тэлж, түүхэн дээд түвшиндээ хүрсэн. 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар Засгийн газрын өр 34.6 их наяд төгрөгт хүрээд буй. Манай улсын төсвийн орлогыг голлон бүрдүүлэгч нүүрсний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар буурсан нь эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа юм. Эдгээр асуудлыг хүлээн авч буй дараагийн Засгийн газар төсвийн тогтвортой байдлыг хангаж, сахилга батыг хадгалах замаар орлого, зарлагын зохист харьцааг бүрдүүлэх нь чухал гэж “Fitch ratings”-ээс анхааруулав. Тус агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард уул уурхайн орлого, өрийн харьцаанд тулгуурлан манай улсын зээлжих зэрэглэлийг “B” түвшинд, төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлж байсан юм.
Д.Хүслэн