Хадан уулсын бэлд сүүдэрлэн хэвтэх янгир, шөнө дөлөөр хулжин өнгөрөх мануул, цэлийсэн шаргал талын эзэн нь гэдгээ тунхаглах мэт амгалан гэгч нь нүүдэллэх аргаль угалз, тэх, нөмрөг тас, мэдэхгүй хүн бол бариад авчихмаар эрээн алаг могой, гүрвэл Их нартын байгалийн нөөц газарт бий. Хаашаа л харна янз бүрийн хэлбэртэй сүрлэг хадан уулс, цайран цэлэлзэх тал нутаг тэнд л байх аж. Үнэхээр ч говийнхон уужуу гэдэг нь үүнтэй л холбоотой гэмээр. Хотын бидэн шиг хаашаа л харна барилга, байгууламж бус, хараа алдрам уудам талын улс уужуу тайван байхгүй гээд яах вэ. Их нарт бол хүмүүс тэр бүр мэддэггүй ч Монголын төдийгүй дэлхийн экосистемийн тэнцвэрийг хадгалдаг нэн чухал газар аж. Жирийн нэгэн говь бус, Монгол орны хамгийн ховор ан амьтан, ургамлын өлгий юм. Аргаль угалз, янгир, тэх, гөрөөс гэх мэт дэлхийд ховордсон амьтад Монголын говьд тэр дундаа Их нартын байгалийн нөөц газар оршин буйд бахархмаар. Угаас Их нарт нь Монголын унаган зэрлэг амьтдын сүүлчийн орогнох газар гэдгийг дотоодын төдийгүй гадаадын судлаачид хэлэх болжээ. Тиймээс дэлхийн хамгийн хүйтэн говь ямар байдаг, ан амьтад нь хэрхэн аж төрдгийг үзэхээр, ойроос тольдохоор хэдэн мянган бээрийн цаанаас жилд 200 орчим жуулчин зорин очдог аж.
Их нартын байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутаг дамжин оршдог бөгөөд нийт 66 790 га талбайтай. Мөн манай орны нийт газар нутгийн 0.05-аас багагүй хувийг эзэлдэг ч нийт зүйлийн амьтны дөрөвний нэгийг агуулдгаараа онцлогтой, өвөрмөц экосистемтэй газар юм. Тэндхийн гурван амьтан тутмын нэг нь улсын хэмжээнд устаж, ховордож болзошгүй гэсэн ангилалд багтдаг. Хуурайшилт ихтэй, эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд хасах 45 градус хүртэл хүйтэрч, өвдгөөр татсан цас ордог. Харин зуны улиралд нэмэх 45 градус хүртэл халдаг аж. Их нарт нь тал, цөл хээрийн уулзварын бүс учраас хангай болон говийн ан амьтад зэрэгцэн оршдогоороо онцлогтой гэнэ. Хангайд ургадаг нэн ховор ургамал, ан амьтан, дэлхийд ховордсон нөмрөг тасын хамгийн том популяц Их нартад л буй. Түүнчлэн энд цоохор ирвэс 2021 онд бүртгэгджээ.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД ЦАГААН ДЭЛИЙН АГУЙН ХӨРСИЙГ НЬ СЭНДИЙЧДЭГ
Их Нартын байгалийн нөөц газрын нэгэн чимэг нь Цагаан дэлийн агуй. Тус газрын хамгаалалтын захиргааныхан ан амьтдаа нийтэд сурталчилж, хүн бүрийг ирээрэй гэж уриалахаас илүүтэй онгон байгалиа төрхөөр нь нандигнан хадгалахыг эрмэлздэг гэнэ. Ховор зүйлийн амьтан, ургамлаа хулгайн ан, аялал жуулчлалын нөлөөгөөр сүйдлэхээс сэргийлж буй арга нь л энэ аж. Гэтэл уул уурхайн компаниудад олгосон ашиглалтын лицензийн улмаас Монголын хамгийн том гэгддэг Цагаан дэлийн агуй өдгөө сүйдэхэд тулчхаад байна. Уул уурхайн компаниуд тэсэлгээ хийх бүрд эл агуй бага багаар нурсаар хүн орох боломжгүй, хэзээ мөдгүй нурахад бэлэн болжээ. Арга ч үгүй биз. Агуйгаас хоёрхон километрийн цаана таван компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж, тэсэлгээ хийж, жонш олборлож байна. Уг нь нутгийн иргэд болон байгаль хамгаалагчид тэдэнд шаардлага тавьдаг ч “тусгай зөвшөөрөлтэй” гэх хоёрхон үгээр ам таглаад, хөрсийг нь сэндийчдэг аж.
Түүхийг эргэн сөхвөл уул уурхайн компанийн тэсэлгээний улмаас 1968 онд агуйн нэг ам нурж, анх удаа онгойсон байдаг. 2000 оны эхээр хууль бус ашигт малтмал олборлогч буюу нинжа нар 200-300 гэр барьж, агуйн орчмоос жонш олборлодог байж. Улмаар агуйн гадна тал тэр чигтээ сүйдэж, улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоол 2019 онд гарсан. Гэхдээ УИХ-ын тогтоол гарсан ч Засгийн газрын тогтоол нь одоо болтол батлагдаагүй байна. Тиймээс эл агуйг тойроод уул уурхайн лицензтэй 16 компани бий гэнэ.
Байгаль хамгаалагчид болон нутгийн иргэд, аймгийн захиргааныхан аль болох агуйн тархин дээр тэсэлгээ хийхгүй байхыг анхааруулдаг ч уурхайчдад энэ ньогтхон ч хүртээлгүй аж. Газрынх нь хэвлийг ухаж, жонш, алт зэрэг үнэт баялгийг нь хуу хамсаар байх атлаа хэдэн боодол өвс өгөх мэтээр хэргээ хаацайлахаар оролддог нь харамсалтай. Уул уурхайн салбар улсын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдгийг үгүйсгэх аргагүй. Гэвч газрын хэвлийг сэндийчиж, баялгийг нь хүртсэн бол ядаж дүйцүүлэн хамгаалах ажлаа хэдэн боодол өвсөөр бус, хэрэгцээтэй судалгаа шинжилгээний болон нөхөн сэргээх ажилд зарцуулах ёстой.
Уг агуйгаас холгүйхэн амьдардаг нэгэн иргэн “Өдөр бүр л автомашин, техник орж, гарч байна. Шөнө дөлөөр ч хөрс ухаж, тэсэлгээ хийдэг байсан. Сүүлийн үед л харьцангуй багассан” гэв.
“АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛООД БАЙГАА ЮМ БИШ БИЗ”
Мөн сүүлийн үед эл агуйгаас үхсэн сарьсан багваахай олноор олдох болжээ. Энэ талаар судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн О.Рэнцэн “МУБИС-ийн доктор Ариунболд багшийн удирдлагад сарьсан багваахайн судалгааг хийж байна. Энэ жил нэлээд хэдэн үхсэн сарьсан багваахай олдсон. Сарьсан багваахай бол шувуу биш. Хүмүүс шувуу гэж андуурдаг. Гэтэл энэ нь хөхтөн амьтан. Өөрөөр хэлбэл, үр зулзагаа хөхөөрөө хооллодог, үүр засдаггүй амьтан. Тиймээс энэ агуйг судлах шаардлагатай. Энд ямар нэгэн байдлаар химийн хорт хий агуулагдаж байгааюм биш биз. Ойр орчмын уул уурхайнхан тэсэлгээнээс гадна өөр аргаар ашигт малтмал олборлоод байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Учир нь сарьсан багваахай өмнө нь ингэж олноор үхдэггүй байв. Энэ сард гэхэд 40 гаруй сарьсан багваахай үхсэн. Одоогоор бид шалтгааныг нь сайн мэдэхгүй. Энэ өвөл харьцангуй дулаан байсан. Тэгэхээр хөлдөж үхээгүй нь лавтай. Агуй руу өвөл ороход ч нэмэх градустай дулаахан байдаг. Тиймээс энд өвчин үүсгэгч бий юү, эсвэл тэсэлгээ хийхгүй байхыг шаардахаар өөр аргаар ашигт малтмал олборлоод байна уу гэдгийг судлах нэн шаардлагатай” гэсэн юм.
Цагаан дэлийн агуй байршиж буй Баруун цагаан дэл хэмээх газар нь жоншны нөөцөөр баялаг тул орон нутагтаа хамгийн их лицензтэй гэнэ. Агуйг бүрэн үзэхэд 4-6 цаг шаардлагатай бөгөөд шувууны сангас багатай, дотор талын үзэмж нь гайхам сайхан бөгөөд доогуураа Шар ханан агуйтай холбогддог гэх аман яриа ч бий.
МОНГОЛД АГУЙ СУДЛААЧ АЛГА
Эл агуйг судлаач, доктор Э.Авирмэд 2008 онд судалж, “Монгол орны агуй” ном бичсэн байдаг. Уг номд дурдсанаар агуйн доторх үзэмж гайхалтай бөгөөд талст бүрдэл, нуурын цэнгэг ус, мөсөн танхим, эртний амьтны ясны цуглуулга ч бий гэжээ. Мөн Цагаан дэлийн агуй хоорондоо холбоотой хоёр том танхим, үндсэн дөрвөн гол хонгилоос бүрддэг. Агуйн нийт уртыг 607.5, хонгилын дундаж өргөнийг 5.9, өндрийг 9.5 метр гэж тэмдэглэжээ. Гэхдээ энэ нь зөвхөн тэдний хүрч чадсан цэг хүртэлх нийт урт гэдгийг онцолсон байна. Тэгэхээр 2008 оноос хойш агуйг дорвитой судалсан хүн бараг байхгүй, бүрэн судлагдаагүй гэсэн үг. Орон нутгийн удирдлагууд уг нь агуйн судалгааг бүрэн гүйцэд хийлгэх хүсэлтэй ч одоогоор манайд гарын таван хуруунд багтахтай үгүйтэй л агуй судлаач байдаг гэнэ.
Цагаан дэлийн агуй нь зөвхөн Дорноговь аймгийн бус, манай улсын бахархал юм. Гэтэл өнөөдөр уул уурхайн тэсэлгээ, хяналтгүй олборлолт, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж геоэкологийн ховор тогтоцтой, дэлхийд гайхагдсан энэ өв бүрмөсөн үгүй болоход тун дөхжээ.
НӨМРӨГ ТАСЫН ХАМГИЙН ТОМ ПОПУЛЯЦ ИХ НАРТАД БИЙ
Монголын төдийгүй дэлхийн нөмрөг тасын хамгийн том популяц Их нартад бий гэнэ. Өөрөөр хэлбэл, нөмрөг тасын 500 гаруй үүртэй газар үүнээс өөр Монголд байхгүй аж. Эл шувуу нь 11-45 кг жинтэй бөгөөд далавчаа дэлгэхэд гурван метрийн урттай. Мөн амьтан барьдаггүй, сэг зэмээр хооллож, байгаль цэвэрлэдэг цорын ганц шувуу юм байна. Түүнчлэн судлаачид онгоц нь тасаас эхтэй гэж үздэг гэнэ. Учир нь бүх шувуу шууд дээш хөөрч чаддаг бол тас заавал гүйж байж нисдэг аж. Тэнд буй 500 гаруй үүрэнд одоогоор 115-аад тас өндөглөжээ.
Тус газрын байгаль хамгаалагчид нөмрөг тасын хөлд 2011 онд өөрийнх нь мэдээллийг агуулсан төмөр бөгж зүүснээр БНСУ руу нүүдэллэдэг болохыг нь тогтоосон байна. Энэ талаар Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв “Нөмрөг тас нь БНСУ руу нүүдэллэдэг болохыг бид 2012 онд мэдсэн. Улмаар нуруун дээр нь нарны зайгаар ажилладаг сансрын дохиолол зүүсэн юм. Тэгтэл эхний жил ниссэн тас Өмнөд болон Хойд Солонгосын хил дээр өвөлжөөд, хавар нь эх орондоо ирсэн. Ер нь нийт тасын 90 гаруй хувь нь хостой болтлоо нүүдэллэдэг. Харин хостой болж, үр төлөө гаргасныхаа дараа тэр бүр нүүдэллэдэггүй. Мөн Их нартаас ниссэн тас болон өөр шувууд эндээ л ирж үүрээ засдаг” гэсэн юм.
Манайх шиг нүүдлийн мал аж ахуйд суурилсан оронд тас бол хамгийн хэрэгцээтэй шувуу юм байна. Үхсэн бод малын арьсыг үнэг, хярс задалж дийлэхгүй. Харин тас хошуугаараа задалсны дараа бусад махчин амьтан иддэг гэнэ. Хэрэв тас байхгүй бол үхсэн малын гэдэс хөөсөөр задарч, тэнд нян үржиж, ойр орчимд нь өвчин тархах эрсдэлтэй. Нэгэн жишээ дурдахад, энэтхэгчүүд үхрээ дээдэлдэг ард түмэн. Гэтэл үхэр үхсэний дараа сэг зэмийг нь тас идээд байсан учир бүгдийг нь хоморголон устгажээ. Гэвч тасыг устгаснаар үхсэн үхрийн сэг зэм халдварт өвчин ихээр тараажээ. Ингээд улсынхаа нэг жилийн төсвөөр тасыг дахин нутагшуулсан байдаг. Мөн иргэдийн дунд тас мал барьдаг шувуу гэх буруу ойлголт байдаг учраас тэднийгүүрэнд нь шатаадаг гэнэ. Гэтэл үнэндээ мал барьдаггүй үхсэн хойно нь сэг зэмээр хооллодог аж.
“БИД ХЭЗЭЭ Ч УУРХАЙН ЭЗДЭЭС ӨВС АВАХГҮЙ”
2022-2023 онд хүнд өвөл болж, зэрлэг амьтад төдийгүй нутгийн иргэдийн мал ч олноор хорогджээ. Гэхдээ байгалийн шалгуураар хорогдсон тул тэд хүндээр хүлээж аваагүй гэнэ. Энэ талаар нэгэн байгаль хамгаалагч “Аливааг эсэргүүцэх чадвартай нь амьд үлдэж, бусад нь хорогдсон. Энэ нь байгалийн шалгуур. Ингэсээр амьдрах чадвартай нь байгальд зэрлэгээрээ үлдэх боломжтой. Түүнээс биш цас орж, хүйтрэх бүрд өвс, тэжээл аваачиж өгөх нь зохимжгүй. Өвс, идэш тэжээлийг нь үргэлж бэлдээд байвал зэрлэг амьтад ч гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болно. Зэрлэг гэдэг утгаа алдана. Цагийн эрхээр тодорхой хэмжээний өвс тавьж болно. Гэхдээ ихээр биш. Уг нь манай амьтдад өвс өгье гэдэг уул уурхайн компанийн эзэн олон бий. Гэхдээ авдаггүй. Бид хэзээ ч уурхайгаас өвс мэтхэн авахгүй. Хэдэн боодол өвс авчрах нь дүйцүүлэн хамгаалах ажил биш шүү дээ” гэсэн юм.
Их нартад 80 орчим малчин өрх амьдардаг бөгөөд байгаль хамгаалах дөрвөн нөхөрлөл бүлэгт хуваагдан ажилладаг. “Гэрээс гэрт” хөтөлбөрийн дагуу байгаль хамгаалагчид тэдэнд сургалт орж, байгалиа хамгаалахад иргэн бүрийн оролцоо ямар чухал болох талаар мэдээлэл өгдөг юм байна. Мөн зэрлэг амьтанд ямар нэгэн өвчин бий, эсэхийг судлах зорилгоор жилд хамгийн ихдээ 10 амьтанд сансрын дохиолол зүүдэг гэнэ.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамгаалах нь олон давуу талтай ч үүнийг дагаад саар нь ч бий аж. Тухайлбал, Их нартын байгаль хамгаалагчид төрийн албан хаагч биш учраас бусадтай харьцуулахад 70 хувь хүрэхтэй үгүйтэй цалин авдаг юм байна. Түүнчлэн орон нутгаас шатахууны зардалд жилд 18 сая төгрөг төсөвлөдөг гэнэ. Гэтэл 4-5 байгаль хамгаалагч, автомашин, мотоциклтой эргүүл хийхэд энэ мөнгө хаана ч хүрдэггүйг хэллээ.
ХӨВ ЦӨӨРМӨӨР ДАМЖИЖ ГЭРИЙН МАЛААС ЗЭРЛЭГ АМЬТАНД ӨВЧИН ХАЛДАХ ЭРСДЭЛТЭЙ
Сүүлийн жилүүдэд тусгай хамгаалалтай газарт хөв эрчимтэй байгуулж буй. Харин Их нартынхан хөв цөөрөм байгуулахыг тэр бүр дэмждэггүй гэнэ. Тус газрын судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн О.Рэнцэн “Хөв цөөрмөөр дамжиж гэрийн малаас зэрлэг амьтанд өвчин халдах эрсдэлтэй. Нэг шүлхийтэй мал хөвөөс ундаалахад бусдад нь халдах магадлал өндөр. Урсгал уснаас хэзээ ч өвчин дамжихгүй. Харин хүний гараар бүтээсэн буюу тогтоол уснаас элдэв өвчин нэгээс нөгөөд халдварлах нь цөөнгүй тохиолддог. Ер нь зэрлэг амьтны тархацтай нутагт тогтоол ус тийм ч олон байдаггүй” гэлээ.
Одоогоор Их нартад 500 аргаль, 200 гаруй янгир ямаа, 400 орчим нөмрөг тас бий гэнэ. Энэ нь хамгаалалтын захиргаа байгуулахаас өмнөх үеийнхтэй харьцуулахад 70 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм байна. Мөн сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ багасаж, уур амьсгалын өөрчлөлтийннөлөөгөөр тэнд буй тарваганы тоо толгой ч багассан аж. Өмнө нь газар хөдөлж буй мэт олон тооны тарвагатай байсан ч 2018 оны байдлаар 7-8 нь л үлдсэн байв. Ингээд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөөний дагуу Хустайн нуруунаас 50 тарвага авчирч нутагшуулжээ. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 27 мөндөлтэй, 79 тарвага бүртгэгдсэн байна.
У.Цэцэгсүрэн