Олон улсын цанын холбооны Зүүн өмнөд Азийг хариуцсан техникийн шинжээч Тацүяа Ватанабэ Монголын цанын холбооны урилгаар өнгөрсөн долоо хоногт хүрэлцэн ирсэн. Тэрбээр олон улсын стандарт бүхий цанын бааз барихаар төлөвлөж буй Төв аймгийн Борнуур сум, Улаанбаатар хотын Багабаян зэрэг газрынбайршилтай танилцан техник үзлэг хийв. Түүнчлэн олон улсын зэрэглэлийн стандартад нийцсэн цанын баазтай болоход шаардлагатай газар зүйн байршил, байгаль орчны нөхцөл, дэд бүтэц, ирээдүйн хөгжлийн боломжуудыг судалж, дүгнэлт гаргажээ. Айлчлалын хүрээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Тацүяа Ватанабэг хүлээн авч уулзан, одоогийн тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн, эхорондооолон улсын шаардлага хангасан өвлийн спортын дэд бүтцийг хөгжүүлэхэд цаашид хамтран ажиллах байр сууриа илэрхийлсэн байна. Манай улсад цанын бааз байгуулагдсанаар тамирчид гадаадад өндөр зардлаар бэлтгэл хийхгүйгээр, олон улсын стандарт орчинд ур чадвараа ахиулах боломж бүрдэх юм.