Ертөнц хэрхэн оршин тогтнож буйг танин мэдэх эрмэлзэл, тэрхүү зүй тогтлыг олж тогтоох гэсэн хүчин чармайлт биднийг хүрээлэгч юм бүхэнд тусгалаа олжээ. Одоогоос 600 гаруй жилийн өмнө Германы зохион бүтээгч Иоганн Гутенберг тусгайлан сийлсэн үсгүүдийг нэг нэгээр нь өрж, бэх түрхээд цаасан дээр дарах зарчмаар ажилладаг төхөөрөмж сэдсэн нь өнөөгийн хэвлэлийн машин. Энэ нь мэдлэг түгэн дэлгэрэх үндэс болоод зогсохгүй, сэтгүүл зүй, хэвлэлийн салбарын үүсэл болсон гэдэг. Мөн халдварт өвчнөөс сэргийлэх вакцингүй, шөнө асаах гэрэлгүй, радио харилцаа холбоо, антибиотик, интернэтгүйгээр энэ дэлхийг төсөөлж үнэхээр чадахгүй нь. Шинэ санаа, онол, ололт бүрийн цаана түүгээр ухаанаа алдтал “өвчилсөн” нэгэн байдаг. Харин эл шинжлэх ухааны дур сонирхлыг төрүүлж, бүх насныхны анхаарлыг гойд татах нэгэн кафе манай хотод буйд зочилсноо уншигч танд хүргэе.
“Шинжлэх ухааны кафе” “Этүгэн” их сургуулийн хичээлийн дөрөвдүгээр байрны B1 давхарт байрлах аж. Зарим хүний хувьд олоход бэрх, нууцлаг газар мэт санагдаж магадгүй юм. Хэрэвта зөв нэвтрэххаалгаа олсон бол түүний хажууд самбар дээр “Science Cafe” гэж бичээд сум зурсан байгаа. Зэргэлдээ нь төв бассейн байх тул үүднээсээ л чийглэг, дулаан уур амьсгал мэдрэгдэх нь тэр. Доод давхар луу буухад тун догь хэмнэлтэй хөгжим сонстож, захиалга авах ширээний цаана цагаан нөмрөгтэй хэсэг хүн уур сэвсүүлж харагдлаа. Тэрхүү ширээн дээр кино, клипнээс л олонтаа харсан хуруугаараа хүрэхэд гэрэл гарч, долгиолсон цахилгаан нумууд үүсгэдэг плазмын бөмбөрцөг байсан нь хамгийн эхэнд нүдэнд тусав. Мөн гар буцалгуур, биетийг 5000 дахин томруулан харуулах чадалтай гэрлийн микроскоп, шавжийн хатаамал, биеийн эд эрхтний загвар зэрэг нэлээд олон хэрэглэгдэхүүн байна шүү. Нэгэн цагт амьд байсан шавжуудыг хатаамал хэлбэрт оруулсныг дижитал микроскопоор харах үнэхээр сонирхолтой. Уг захиалгын ширээн дээрх хэрэглэгдэхүүн, төхөөрөмжүүдийг тус кафены үүсгэн байгуулагчдын нэг Э.Мөнхгэрэл хожим нэг бүрчлэн танилцуулсан юм. Кафегаар үйлчлүүлж буй хэн бүхэн эдгээрээртуршилт хийх нь нээлттэй гэнэ.
Эхэнд дурдсан цагаан нөмрөгтнүүд бол “Шинэ Монгол” сургуулийн сурагчид. Туршилт хийж, кафетай танилцаж байгаа нь энэ байжээ. Халуун, хүйтэн ундаа, кофе, bubble tea зэргээс цэс бүрдэнэ. Хамгийн сонирхолтой нь, энэ бүгдийг аяга бус, лабораторийн хэмжээст колбо, мензурк хэлбэрийн стаканд хийж өгдөг байна. Цааш явбал “Шинжлэх ухааны мэдлэгийг эндээс нээ” гэх бичигтэй номын тавиурууд байх ба “Астрономийн нэвтэрхий толь”, “Эйнштейнтэй цайлах зуур”, “How things work”, “Earth Sciences” зэрэг ном, эрдэм шинжилгээний хэвлэмэл бүтээлүүд харагдлаа. Танхимын гол хэсэгт дэлхий гаргийн үзүүлэн, хананд тогтоосон цэнхэр өнгөтэй ГАЗ 2410 “Волга” машин байх ба хальт харвал нисэж буй мэт. Параллель хоёр буланд мөнгөлөг цаасаар бүрсэн тавган антенууд байлаа. Учрыг нь асуувал, яриа дамжуулдаг гэнэ. Дотоод засал, хийц бүрд тэд сэтгэлээ шингээжээ. Ийнхүү тус газрын үүсгэн байгуулагчид болох Э.Анар, Э.Мөнхгэрэл нартай ярилцах боломж олдов. Энэ зуур аав, хүү хоёр кафег зорин ирж буйтай таарсан юм. Хөтөч багштай тэдгээр туршилт хүүгээс илүү аавынхньсонирхлыг их татсан харагдлаа. Сониуч зан бидний дотор үргэлж байдаг шиг ээ.
Э.Анар нано шинжлэх ухааны инженер мэргэжилтэй бол Э.Мөнхгэрэл компьютерын шинжлэх ухааных. Тус кафег одоогоос хоёр жилийн өмнө гурвуул хамтран байгуулжээ. Мөн тэд Дархан хотод салбартай. Үүнийг үүсгэн байгуулагчдын нэг О.Пүрэвсүх удирдан, чиглүүлж буй гэнэ. Тэрбээр бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй бөгөөд олон талын авьяастай нэгэн хэмээн багийнхан нь ярьсан юм.
Э.Анар “Их сургуулиа төгссөнөөс хойш хоёр жилийн хугацаанд лабораторид ажилласан. Тэр үед шинжлэх ухааныг хэрхэн сонирхолтой, үр дүнтэй зааж, хүүхдүүдийг үүнд дуртай болгох талаар их боддог байлаа. Энэ тухай нэлээд судалж, салбар бүрийн хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцох тусам улам урам зоригтой болж байсан. Цаасан дээр бичсэн санаа төдий нэг жил орчим явсны дараа эхний салбараа амжилттай үүсгэн байгуулсан. Хоёр найз минь энэ бүхэнд ноён нуруу болж, дэмжиж, тусалсанд маш их талархдаг. Аливаа ажлыг манай багийн, бидний гэж ярих дуртай. Би багаа төлөөлж ярихдаа бусдынхаа нэрийг, хийсэн ажилтай нь дурдахыг эрхэмлэдэг. Одоо бид 25-уулаа болжээ. Дархан хотод салбартай гэхээр биднийг аймаг бүрд салбар нээдэг мөнгөтэй, баян хүмүүс гэж бодож магадгүй (инээв). Харин старт-ап бизнесийн олон тэмцээн уралдаанд тасралтгүй оролцож байж л эхлэлийн хөрөнгөө босгосон юм. Засварын ажил дөрвөн сар гаруй үргэлжилсэн, их хөгжилтэй. Тус салбарыг манай багийн сурагч гишүүд ажиллуулдаг. Багийнхнаараа маш их бахархдаг. Ирээдүйд өөрсдийн санаагаа сайжруулж төсөл болгоод аймаг бүрийнудирдлагадсанал тавих зорилготой.
Өөрийн гараар барьж, хүрч туршилт хийж буй хүүхдүүдийн баяр баясал, мэдрэмж хамгийн гоё. Шинжлэх ухаан бол амьдралын нэг хэсэг. Бидний ашиглаж, хэрэглэж байгаа бүх зүйлийн цаана физик, математик бий. Хүүхэд олон нэр, төрлийн туршилт бүрийг цээжлэх боломжгүй. Харин түүний гоё сайхныг мэдэрч, шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болох нь чухал. Манай улсын цаашид авч хэрэгжүүлэх 14 мега төсөлд маш олон инженер, судлаач хэрэгтэй шүү дээ” гэсэн юм.
Харин “Шинжлэх ухааны кафе”-гаас зохион байгуулдаг туршилтын арга хэмжээний талаар асуухад Э.Мөнхгэрэл “Бидэнд анги хамт олноороо захиалга өгөөд 90 минутын хугацаанд хими, биологи, физикийн олон төрлийн туршилт хийх боломжтой. Нэг удаагийн эвентэд 20-40 хүртэлх хүүхэд оролцох багтаамжтай юм. Туршилт хийхэд тодорхой хэмжээний зардал гардаг тул нэг хүүхдийн 29.500 төгрөгийн хураамжтай байдаг. Харин саяхнаас бид нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүн шүүгээнд бус, сурагчдын гарт хэмээх “Да Винчи” төсөл хэрэгжүүлж байна. Шинжлэх ухаан манайд ном унших, онол цээжлэх, шалгалтад бэлдэх байдлаар ойлгогддог. Гэхдээ энэ бол бодит амьдралыг туршилт хийх замаар судлахын нэр. Манай аргахэмжээнднэг сургуулийн 450-иас дээш хүүхэд оролцвол бид уг сургуулийг хүссэн туршилтын хэрэглэгдэхүүнээр нь хангах юм. Хамгийн чухал нь, төхөөрөмжүүд шкафын буланд тоосонд дарагдаад хэвтэж болохгүй, хүүхдийн гар хүрч буй зүйл заавал эвдэрдэг тул хэрэглэгдэхүүн гэмтсэн тохиолдолд хэн нэгэн түүнийг нөхөн төлөхгүй байх гэсэн үндсэн хоёр нөхцөл тавина.
Байгалийн ухааны400 гаруй багшийн дунд явуулсан судалгаагаар 64 хувь нь лабораторийн хэрэглэгдэхүүн хангалтгүй байна гэсэн ч багажтай сургуулиуд ч тогтмол ашиглахаас татгалздаг нь харагдсан. Хэрэв ашиглаж байгаад эвдчихвэл багш, сурагч нөхөн төлнө. Ийм санхүүгийн эрсдэл үүсгэж буй тул хэн ч түүнийг ашиглахаас айна шүү дээ. Энэ хөтөлбөрт хамрагдвал байгалийн ухааны багш нарынсаналыг сонсож байгаад хэрэгтэй багаж, төхөөрөмжийг нь авч өгнө. Хятадаас хэрэглэгдэхүүн худалданавах нь Монголоос гурав дахин хямд, чанартай. Одоогоор нийслэлийн “Наран” бүрэн дунд сургууль, Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургууль уг хөтөлбөрт хамрагдаад байна.
Шинжлэх ухаан бол сониуч зан. Таван настай хүүхэд аливааг сонирхвол тултал нь асууж, лавладаг. Харин долоон настанюм бүрээс эмээж, зай барих хандлагатай болчихдог санагдсан. Сургуульд нь энэ зөв, эсвэл буруу гэж тулгадаг байдлаас болж хүүхэд мэдэхгүй, чадахгүйгээ дотроо нуудаг, айж, эмээдэг, эсвэл мэддэг юм шиг жүжиглэдэг болчихдог юм болов уу. “Шинжлэх ухааны кафе” бол айдасгүй, тав тухтай өсөж хөгжих орчин байх” хэмээлээ. Тэд нэгнээ урамшуулж, хийсэн ажлыг нь дурдаж, нягт хамтрахыг эрхэмлэдэг гэсэн нь ярилцах явцад анхаарал татсан юм. Тиймээс багийн гишүүдээ хэрхэн сонгодог талаар асуухад “Цэкү цөм цохиж, Хаку хага цохиж орж ирсэн гэж бид ярьдаг юм (инээв). Гишүүдийн элсэлт хоёр удаа зарласан ч ихэнх маань нэг л мэдэхэд бидний нэг хэсэг болжээ. Манай гүйцэтгэх захирал Э.Анар маань шал угааж, ариун цэврийн өрөө цэвэрлэж, жолооч ч хийдэг. Чиний тусламжтайгаар хэн нэгэн гайхалтай зүйл бүтээсэн байх нь л хамгийн чухал” гэлээ.
Энэ газар бол энгийн нэг кафе биш. Шинжлэх ухааныг амьдралтай уяж, бодитоор мэдрүүлж, “амттай” хүргэж чадвал хүүхдүүд өөрсдөө үүнд хөтлөгддөг. Бүгдийг хамарсан мэдлэг түгээх энэ орчин өдгөө орон нутаг руу хязгаараа тэлэхэд ойрхон буй. “Шинжлэх ухааны кафе” хүүхдүүдийн хүртэхүйдшинэ ертөнц нээж байна.
Д.Хүслэн