Өвөрхангай аймгийн Тарагт сумд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадна цахилгааны богино холболтын улмаас хүн нас баржээ. “Дэлгүүрийн үүдэнд хүн нас барсан байна” гэх мэдээлэл өнгөрсөн лхагва гаргийн 20.10 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгахад иргэн Т дэлгүүрийн хаалганы бариулаас бариад цахилгаанд цохиулж нас барсан гэнэ. Цахилгааны богино холболт юунаас болж үүсэв, дэлгүүрийн эздийн хариуцлагатай холбоотой зүйл байсан, эсэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байна.
Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг, 11 дүгээр хорооллын дунд оршдог “Дэлгэр” төвийн барилгад түрээсээр үйл ажиллаа явуулж байсан “Эко шинэс” эмийн сангийн хаалганд есөн настай хүүхэд тоглож яваад хүрснээс цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсныг зарим уншигч санаж буй биз ээ. Тухайн үед цахилгааны утаснуудыг стандартын дагуу холбож, хамгаалаагүйгээс ийм харамсалтай явдал гарсан гэж мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэсэн ч хэн нэгэн хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн билээ.
Г.ОРЧЛОН