Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-аас нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд энэ сарын 24-26-ны хооронд Улаанбаатар хотноо зочиллоо.
Энэ үеэр Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүүхдүүдэд хамтарсан үзлэг хийж шаардлагатай тохиолдолд БНСУ-д урьж, эмч нарын холбооноос бүх зардлыг нь даан 1-2 хүүхдийг эмчлэх төлөвлөгөөтэй байгаагаа зохион байгуулагч нар онцоллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Ганнам эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч, доктор Сон Ён Му хэлэхдээ “Монголд эмэгтэйчүүдийн дунд шээс задгайрал, умайн ургацаг буюу миом өвчлөл нэлээдгүй байгаа нь анзаарагдлаа. Учир нь монгол эмэгтэйчүүд дунджаар 3-4 хүүхэд төрүүлдэг юм байна. Үүнтэй холбоотойгоор шээс задгайралын шинж тэмдэг их байна. Өнгөрсөн жил миний хувьд монголын төрөх эмнэлгийн эмч нартай хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан 10 мэс заслыг маш хүнд өвчтэй эмэгтэйчүүдэд хийсэн. Учир нь БНСУ-д энэ төрлийн мэс заслын технологи сайжирсан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр ямар ч зовиургүй, ажил амьдралын хэмнэл алдуулахгүй шуурхай найдвартай хийх боломж бүрэн бүрдсэн”. Мөн энэ удаа Монголд ажиллахдаа мөн туршлагаа хуваалцаж, нарийн технологиудаа танилцуулжээ.
Гёнги аймгийн гоо сайхны мэс засалчдын холбооны гишүүн, мэс заслын эмч Ким Сүн Гол монголд ажиллах үеэрээ “Миний хувьд Монголд анх удаагаа ирсэн. Энэ үеэрээ төрөлхийн уруул, тагнай нь сэтэрхий бага насны хүүхдүүдийг голчлон үзсэн. Монгол эмч нар уруул тагнайн сэтэрхийг маш сайн оёдог юм байна. Харин мэс заслын дараах шат буюу гоо сайхны мэс засал, буцаад хэвийн байдалдаа ороход нүүрний яс, хэлбэрийг өөрчлөх тал дээр суралцаж байгаа юм байна. Өмнө нь ч гэсэн Солонгос улс ийм байсан. Одоо нарийн технологиуд хөгжөөд, шинээр тоног төхөөрөмжүүд гараад хоёр дахь шатан дээр нь анхаарч мөн эмчилдэг болсон. Мөн сайн үйлсийн аянаараа дөрвөн мөч нь гажигтай хүүхдүүдэд зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд БНСУ-аас эмчлэх тал дээр анхаарахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөсөн” гэлээ.
СХД-ийн 36 дугаар хорооны иргэн н.Баасандорж : Өнгөрсөн жил БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нар СХД-т ажиллах үеэрээ манай 5 настай хүүг үзээд БНСУ-д эмчлэх боломжийг бүрдүүлж өгсөн. Учир нь манай хүү гараа гэмтээгээд энд эмчлүүлээд эдгэхдээ буруу байрлалтай эдгэчихсэн байсан. Тиймээс тэрийг нь засах мэс заслыг хийх боломжтой хэмээн өнгөрсөн оны 11 дүгээр сард хариу ирээд бүх зардлыг нь даагаад нэг сар БНСУ-д эмчлүүлээд ирсэндээ маш их баяртай байгаа. Монгол эмч нар маань ч мөн хөгжингүй улс орнуудтай хамтын ажиллагааны хүрээнд бидэнд ийм нөхцөл боломжийг нээж өгсөнд талархаснаа илэрхийлье.