Манай улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 2.4 хувиар өссөн нь хям¬ралын дохио хэмээн салбарын шинжээч, мэргэжилтнүүд дүгнэж байна. Өнгөрөгч онд эдийн засаг 4.9 хувиар өссөн. Үүнээс үүдэн олон улсын байгууллагууд 2024 оны өсөлтөөс 1-1.5 нэгжээр ахиулсан өөдрөг таамаглал дэвшүүлээд байв. Тухайлбал, Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.5, Азийн хөгжлийн банк зургаан хувиар өснө гэж таамагласан. Гэтэл одоогийн нөхцөл байдал эдгээр төсөөлөл алдрах магадлалтайг, ирэх саруудад гадаад худалдаа, нүүрсний экспортод онцгой анхаарах шаардлагатайг сануулав. Эдийн засгийн өсөлт ийн саарсан нь нүүрсний экспорттой шууд холбоотой. Манай улс өнгөрөгч онд түүхэндээ анх удаа 80 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд энэ жил үүнийгээ ахиулж, 83 саяд хүргэх зорилт тавьсан. Гэвч олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт буурч, үнэ нь унасантай холбоотойгоор оны эхний дөрвөн сард өнгөрсөн жилийнхээс 1.6 сая тонноор бага буюу 22.9 сая тонн нүүрс экспортлоод байна.
Н.Мишээл