Гурил, улаан буудай, малын тэжээлд импортын татвар тогтоох хуулийн төслийг УИХ дэмжсэнгүй. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан парламент энэ төрлийн бүтээгдэхүүнд хамаарах, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрөгч оны дөрөвдүгээр сард баталсан билээ. Ингэснээр гурил, улаан буудай, малын тэжээлийг татваргүй им¬порт¬лох нөхцөл бүрдсэн бөгөөд үүний уршгаар дотоодын гурилын үйлдвэрүүд хаалгаа барихдаа тулж, газар тариалангийн салбар хүнд байдалд орсон юм. Улмаар Засгийн газар эл хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, өнгөрсөн баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн нь ийм үр дүнд хүрлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Газар тариалангийн салбарын түүхэнд хараар бичигдэх үйл явдал боллоо. Үүнийг Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтойгоор харшлах шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Хамгийн харамсалтай нь, УИХ-ын дарга үүнийг парламентын индэр дээрээс чиглүүлэн эсэргүүцэж, удирдан зохион байгуулсанд гутаж байна. Бид олон сая ам.доллароор гадаадаас бэлэн гурил, малын тэжээл авдаг болсон. Энэ байдлыг засъя, залруулъя гэсэн бодлогыг УИХ дэмжсэнгүй. Бүгдийг импортоор хангах бодлоготой ийм шийдвэрийг 1990-ээд оны дунд үед гаргаж байсан юм. Үр дүнд нь Монголын газар тариалан уналтад орсон, бүх талбай атаршсан, зэрлэгэндээ баригдсан, ажиллаж байсан бүх нэгдэл, сангийн аж ахуй тарсан. Энэ үндэсний гутамшигт байдлаас гарахын тулд 2008 онд буюу С.Баярын Засгийн газрын үеэс “Атар-III” аяныг өрнүүлж, газар тариалангийн салбараа сэргээж эхэлсэн. Үүнд багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан. Энэ бүх хөдөлмөр, хичээл зүтгэлийг тус хууль үгүй хийлээ, утгагүй болголоо” гэв.