Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia folk-2024” наадам өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд БНХАУ, БНСУ, Япон, Иран, Болгар, Индонез, Малайз, Филиппин, Энэтхэг, Узбекистан зэрэг орны 170 гаруй уран бүтээлч, гар урлаач оролцож бүтээлээ толилуулав. Харин манай улсаас уг наадамд нийслэлийн есөн дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцсон юм. Гурав хоногийн турш үргэлжилсэн эл наадмын үеэр тухайн улс үндэстнийг сурталчлан таниулсан урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон сургалтуудыг зохион байгуулав. Мөн гадаад болон дотоодын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт, загварын шоу зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтаасан байв. Энэхүү наадам нь Ази тивийн улс үндэстнүүдийн соёл уламжлал, ардын урлагтай нэг дор танилцах боломж олгодог. Мөн гадаадын иргэдэд Монголоо сурталчлах орон зай олгодог билээ.
Наадмын үеэр төв талбайд 40 орчим асар байршуулжээ. Тэд бүгд өөрсдийн гэсэн онцлогтой. Нэг хэсэг нь үндэсний хувцсаа борлуулж байхад нөгөө нь арьс, ширэн бүтээгдэхүүн болон модоор хийсэн дурсгалын зүйлс худалдах аж. Тэнд буй хамгийн хямд бүтээгдэхүүн нь 3500 төгрөгийн үнэтэй. Энэ нь модоор хийсэн түлхүүрийн оосор. Харин хамгийн үнэтэй нь чонын арьсан дах бөгөөд 2.5 сая төгрөг аж. 30 градусын халуун хэдий ч уг наадмыг зорих иргэдийн цуваа багасах бус, харин ч хөл хөдөлгөөн ихсэв. Иргэд тэндээс нэмэгдэл үнэ төлөхгүйгээр хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авахын зэрэгцээ Азийн ардын урлагийн төлөөллүүдийн үзүүлбэрийг үзэж, нүдээ баясгаж байлаа.
Талбайн баруун урд гар урлаач Ц.Амармэндийн асар бий. Тэднийх уг наадамд хоёр дахь жилдээ оролцож буй. Өнгөрсөн удаад зөвхөн үндэсний хувцсаа толилуулсан бол өнөө жил уламжлалт хэв маягийг хадгалсан эсгий углаашаар төрлөө нэмжээ. Тэрбээр “Бид энэ жил ихэвчлэн жуулчдад бүтээгдэхүүнээ борлууллаа. Тун удахгүй үндэсний баяр наадам эхэлнэ. Тиймээс иргэдийн худалдан авах чадвар ч харьцангуй өндөр байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж энэхүү наадмыг зохион байгуулж буй нь талархууштай. Бид зөвхөн бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна эх орноо сурталчилж байна” хэмээв. Ц.Амармэндийн худалдаж буй эсгий углааш нь олон төрлийн өнгөний сонголттойгоос гадна өнгө үзэмж, загвараараа бусдаас ялгарч байлаа. Тиймээс иргэд тэдний бүтээгдэхүүнийг худалдан авахаар дугаарлаж буй харагдана. Үүнийг зөвхөн жуулчид бус, манайхан ч ихээхэн сонирхоно. Хүүхдийн углааш 35 000 төгрөгийн үнэтэй бол том хүнийх нь 83 000 төгрөг аж.
Манай улс Азийн хотуудын урлагийн наадмыг анх 2019 онд зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, манай улсаас 2000 гаруй ардын авьяастан оролцож байжээ. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан гэнэ. Цаашид Азийн хотуудын ардын урлагийн наадмыг жил бүр зохион байгуулах аж.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн