Монголын ложистикийн холбооны ерөнхийлөгч, доктор А.Мөнхболдтой ярилцлаа.
-Монгол Улс гадаад худалдаагаа нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд Худалдааны тухай хууль батлах шаардлагатай гэж та онцолсон. Энэ талаар тодруулна уу?
-Улс орны, ялангуяа эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжилд худалдаа маш чухал үүрэгтэй. Аливаа бүтээгдэхүүнийг худалдах гэж л үйлдвэрлэдэг шүү дээ. Аж үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих бодлого байхгүй бол үйлдвэрлэл хөгжихгүй. Түүхэн талаас нь харвал, социализмын үед манайд Худалдаа, Худалдаа бэлтгэлийн, 2000-аад оны үед Үйлдвэр, худалдааны яам гэж байлаа. Өдгөө Засгийн газрын бүтцэд худалдааг шууд хариуцаж буй газар байхгүй. Үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулж, иргэдээ орлоготой байлгая гэвэл худалдааны эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) гишүүн учраас салбарын хуулиудад зохицуулалтуудыг тусгасан гэх нь бий. Гэхдээ энэ бол хангалтгүй. Наанадаж худалдаа бэлтгэлийн тогтолцоогүй тул үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдийг өндөр үнээр бэлтгэн нийлүүлж байгаа гэхчлэн асуудал олон бий.
Манай улс ДХБ-д 1996 онд хоёр хөршөөсөө түрүүлж элссэн тул давуу тал бидэнд байсан. Учир нь тус байгууллагад элсэхийн тулд тухайн орны худалдааны нөхцөл байдлын талаар гишүүн болсон хөрш орнуудынхаа саналыг авдаг. Хөрш орон нь худалдаанд тарифын болон тарифын бус ямар нэгэн саад байна гэвэл эл байгууллага ОХУ-ыг элсүүлэхгүй зохицуулалттай байв. ОХУ-ыг ДХБ-д элсэхэд Монгол Улсаас “Тухайн улстай худалдааны ямар нэг маргаан бий юү” гэж асуусан гэсэн үг. Гэтэл бид энэ боломжийг ашиглаж чадаагүй. 1990 оноос хойш манай улс ОХУ-д бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход маш өндөр тарифтай, хүндрэлтэй явж ирсэн. Үүнийг одоо ч шийдэж чадахгүй байна. БНХАУ-тай ч мөн адил, тодорхой хэмжээний саад бий.
Жишээлбэл, урд хөршид үйлдвэрлэдэг ижил төстэй бүтээгдэхүүн экспортлоход маш өндөр татвар авч, дотоод зах зээлээ хамгаалдаг. Гэтэл манайх худалдааны маш либерал бодлого явуулчхаад, өөрсдөө хохироод байгаа юм. 2022 оны байдлаар ОХУ-тай 1.8 орчим тэрбум ам.долларын худалдаа хийсэн дүн бий. Тэгвэл худалдааны алдагдал нь 1.7 тэрбумд хүрсэн. БНХАУ-тай хийж буй худалдааны тэнцэл эерэг гардаг. 2022 онд таван тэрбум орчим ам.долларын худалдааны ашигтай гарсан. 2023 оны үзүүлэлт илүү ашигтай гарахаар байгаа. Манай гол түнш болох хоёр хөрш, бусад оронтой хийдэг худалдааны балансыг харвал БНХАУ-тай хийдэг нь ашигтай гардаг тулдаа л өөр улстай хийсэн худалдаа алдагдалтай байсан ч нийт гадаад худалдааны баланс эерэг гарч буй.
Өнөө үед дэлхий дахинд худалдааны “цусгүй дайн” өрнөж байгаа. Гэтэл манайх худалдааг ямар ч бэлтгэлгүй хийж байгаа нь боломжоо л алдсаар буй хэрэг. Дэлхийд эдийн засгаараа хоёр, 15 дугаарт ордог орнуудын дунд оршдог байж чөлөөт худалдаа ярих юм. Энэ нь дэлхийн худалдааны тогтолцоог ойлгохгүй байна гэсэн үг. Нэг талаас манайд худалдааны сайн мэргэжилтэн, судлаачид дутагдалтай, эрх зүйн орчин, институц, зохион байгуулалт алга. Бид байгалийн жамаар, ширэнгэн ойн зарчмаар л явж байна. Дийлэнх улс оронтой хийж буй худалдаанаас алдагдал хүлээж буйгаа өөрчлөхгүйгээр цаашид Монгол Улс хөгжихөд асар хүндрэлтэй тулгарна.
Дэлхийн банкнаас саяхан танилцуулсан “Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээ” тайланд худалдаанд тулгарч буй тээвэр ложистикийн хүндрэлүүд, дэд бүтцэд анхаарах, мөн үйлчилгээний экспорт хийх нь зүйтэй гэсэн хоёр том зөвлөмж өгсөнтэй санал нэг байгаа. Манай улс 1990 оноос өмнө ЗХУ, социалист орнуудтай гадаад худалдааныхаа бараг 90, БНХАУ болон бусад улстай 10 хувийг нь л хийдэг байв. Харин өдгөө гадаад худалдааныхаа 90 гаруй хувийг урд хөрштэй хийдэг болж өөрчлөгдлөө. ЗХУ-тай худалдаа хийдэг байсан худалдааны дэд бүтцээ өөрчлөхгүйгээр, хуучин дэд бүтцээр БНХАУ-тай худалдаа хийж буй учраас тээвэр ложистикийн болон бусад зардал өндөр байгаа. Жишээлбэл, төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал байна. Онолын хувьд дийлэнх худалдаагаа урд хөрштэй хийж буй бол нарийн царигийн төмөр замтай байх ёстой. Тэгж байж худалдааны үзүүлэлт улам сайжирна. Хэдий нарийвчлалтай бус ч экспортод гаргаж буй барааны тонн тутамд зөвхөн царигийн зөрүүнээс болж таван ам.доллар алдаж байгаа дүн бий. Тиймээс өргөн царигийн төмөр замаас татгалзах бус, үүнийг дагуулаад нарийн царигтайг зэрэгцүүлэн барьж, хооронд нь өрсөлдүүлэх нь зүйтэй. Ингэж чадвал дотоод, гадаад худалдаанаас гадна олон улсын транзит тээврээс ашиг олох боломжтой.
2020 онд ОХУ, БНХАУ хоорондын худалдаа 120 тэрбум ам.доллар байсан бол Орос, Украины дайн, үүнээс улбаатай барууны орнуудын хоригоос шалтгаалж хойд хөрш худалдааны бодлогоо өөрчилсөн. Азийн улсуудтай идэвхтэй худалдаа хийж эхэлснээс хойш БНХАУ-тай хийх худалдаа нь 190 тэрбум болж өссөн. Өнгөрсөн оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр эл дүн 220 орчим тэрбум ам.долларт хүрэх таамаг бий. Үүнийг ачаагаар тооцвол 135-140 сая тонныг солилцсон гэсэн үг. Нарийн цариг ашиглаж, ложис тикийн шийдлүүдээ гаргачихвал ОХУ, БНХАУ-ын худалдааны 10-20 хувийг нь нутаг дэвсгэр дээгүүрээ тээвэрлэх бүрэн боломжтой.
-10-20 хувь гэдэг нь хаанаас гаргасан тоо вэ?
-10-20 битгий хэл, 40, 50 хувь ч байж болно. ОХУ Европтой хийж байсан худалдаагаа Азийн орнууд луу шилжүүлснээр хилийн боомт, тээврийн дэд бүтцийн хүчин чадал нь хүрэлцэхээ больсон. Манжуураар гэхэд ОХУ-аас зарим барааг хятадууд хүлээнавч чадахгүй гэж байна шүү дээ. Монголын төв, баруун, зүүн коридорыг яаралтай байгуулбал ачаагаа тээвэрлэе гэж хоёр хөрш хэлж байгаа. Гэхдээ бид улсын төсөвт дарамт учруулахгүйгээр, бизнесийн зарчмаар тээврийн дэд бүтцийг байгуулах боломжийг бүрэн ашиглах ёстой. Зөвхөн дотоод болон улс хоорондын худалдаа төдийгүй re-export, re-import, олон улсын тээвэр, худалдаа, тээврийн зуучлалыг ярих нь зүйтэй. Үүнээс манайх эдийн засгаасаа ч давсан том ашиг олох боломжийг алдсаар байна.
Ташрамд хэлэхэд, 1990 оноос өмнө Олон улсын төмөр замын байгууллагын (OSJD) Ази, Европын ачаа тээврийн комиссыг Монгол Улс даргалж байв. Өөрөөр хэлбэл, бүх ачаа эргэлтийн квотын хуваарилалтыг манайх ахалж, өөрийнхөө нутгаар явуулж байсан юм. 1990-ээд оны дунд үед энэ эрхээ Казахстанд алдсанаар Европ, Азийг холбодог төмөр замын худалдаа, тээврийн сүлжээнээс бид гадна үлдчихсэн. Мөн Төв Ази-Европыг холбосон ТРАСЕКА байгууллагын гишүүнчлэлээсээ татгалзсан. Гэтэл Европын Холбооны улсууд дээрх байгууллагын гишүүн буюу Төв Азийн орнуудын тээврийн дэд бүтцэд 300 тэрбум еврогийн хөрөнгө оруулахаа зарлалаа. Энэ нь ОХУ-ыг тойрсон дунд коридорыг хөгжүүлэх асуудал юм. Бид энэ чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, гишүүнчлэлээ сэргээх, дунд коридорыг ашиглах чиглэлээр тодорхой алхмууд хийх шаардлагатай.
Энэ бүх боломжийг Казахстан улс ашиглаж, өөрийнхөө нутгаар БНХАУ-ын болон бүс нутгийн ачааг Европт хүргэдэг гол артерын судас болсон. Тус улс 2005 оноос ложистик, дэд бүтэцдээ БНХАУ-аас хөрөнгө оруулалт татаж, олон улсын худалдааны тээвэр хийдэг болчихлоо. Тэр ч бүү хэл, БНХАУ, Казахстаны хил дамнасан чөлөөт бүсийг Хоргост, бас тэнд хуурай боомт байгуулаад амжлаа. Өнөөдөр Казахстаны эдийн засгийн өсөлтийн гол эх үүсвэр нь транзит тээвэр. Беларусь манайхтай яг адилхан, далайд гарцгүй, хоёр том хөрштэй, нэг талд нь Европын Холбоо, нөгөө талд нь ОХУ байрладаг. Тус орон транзит тээвэр, худалдаанаас ашиг олж чадаж байна шүү дээ. Казахстан бол Монголын өрсөлдөгч гэж би мэргэжлийн хүний хувьд хардаг. Гэхдээ бидэнд боломж бий юү гэвэл тийм гэж хэлнэ. Хамгийн гол нь дээр дурдсанчлан худалдааны эрх зүйн орчноо зөв болгох хэрэгтэй. Одоо бол бид олон улсын худалдааны сүлжээний гадна үлдэж, өөрөө өөрийгөө тусгаарлачхаад байна. УБТЗ гэхэд зөвхөн ОХУ-ын ачааг давуу талтай тээвэрлэж байгаа гэхэд болно. Тиймээс дахиад нарийн царигтай төмөр зам барья гээд буй юм. Сэлэнгэ, Сүхбаатарт маш том ложистикийн төв байгуулаад, тэндээс шилжүүлэн ачиж, цаашаа тээвэрлэх нь ОХУ-ын асуудал шүү дээ. Авто тээвэр, төмөр замаа хөгжүүлэх эдийн засгийн коридор байгуулах шаардлагатай.
ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ НЬ БУРУУ
-Манай улс Худалдааны тухай хуультай болно гэж яриад удаж буй байх аа?
-Тийм ээ. Эл хуулийг өргөн барихаар л уначихдаг. Дотоодын худалдаа, бизнес эрхэлдэг группүүдэд учир байна уу даа гэж харддаг. Хуульгүй байх нь тэдэнд ашигтай учраас тэр. Бид лоббид автаж болохгүй. Улс орныхоо хөгжлийг бодож, том зургаар нь харах хэрэгтэй. Үнэхээр энэ хуулийг эсэргүүцэж байгаа бол урд урдаасаа харж суугаад мэтгэлцье ээ л гээд байгаа. Худалдааны тухай хуулийг батлах нь одоо маш чухал. Монгол Улс чөлөөт худалдааны хэлэлцээр гэж улс орнуудтай ярьж байгаа нь буруу. Маш том эдийн засгийн дэргэдэх жижиг эдийн засагтай орон 100 хувь либерал худалдаа хийнэ гэдэг чинь логикгүй зүйл. БНХАУ-ын эдийн засгийн тэлэлтээс дэлхий нийтээрээ айж байна. Том эдийн засгийн дэргэдэх манайх шиг жижиг эдийн засагтай орнууд small open econ¬omy policy буюу бага нээлттэй эдийн засгийн бодлого баримталдаг. Олон улсад худалдааны харилцааны маш сайн жишгүүд бий. Австри, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, Канад, АНУ-ын худалдааны харилцааг энд дурдаж болох юм. Хэдийгээр Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн (NAFTA) талаар ярьдаг ч үндсэндээ эдийн засгийн интеграц л яваад байгаа хэрэг.
Монгол Улс БНХАУ, ОХУ-тай чөлөөт худалдааны гэрээ бус, эдийн засгийн интеграцын талаар ярих ёстой. Зарим хүн “БНХАУ дахь манай зах зээлийг ОХУ шахлаа” гэж ярьдаг. Үүнээс интеграц хийвэл айх хэрэггүй. Учир нь ӨМӨЗО-ы Бугатын үйлдвэр Монголоос коксжих нүүрс, төмрийн хүдэр, жонш авч байна. Үүнтэй адил БНХАУ-д ийм үйлдвэр олон л болох ёстой. Нийлүүлэлтийн хэлхээ, нэмүү өртгийн сүлжээний гэрээ л байгуулах хэрэгтэй. Монголд нэмүү өртөг шингээгээд нийлүүлэх бололцоо хангалттай бий. Яагаад ингэж хэлж байна гэхээр Бугат ОХУ-аас нүүрс авахгүй. Учир нь Бугатын үйлдвэр Монголын Тавантолгойн нүүрсэнд суурилсан технологиор шинэчлэл хийсэн. Үүнийг ойлгохгүй байж чөлөөт худалдааг ярьж болохгүй. Энэ мэтчилэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэлхээ, ложистикийн талаарх мэдлэгээ сайжруулж, бодлого төлөвлөлтөд тусгах шаардлагатай. Ялангуяа цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал нь чөлөөт худалдаа явуулаад байх орчин биш гэдгийг дэлхий нийтээр мэдэж байгаа. Саяхан Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр цар тахлын дараах эдийн засаг өмнөхөөс огт өөр шүү, хамтын ажиллагаа, уялдаанд суурилсан эдийн засаг байна гэж онцолсон. Гэтэл бид үүнийг тоож байгаа юм алга, чөлөөт худалдаа яриад буй нь хамгийн аюултай санагдаж байна.
Өдгөө улс орнуудын Ерөнхийлөгч нар гадаад дахь айлчлалынхаа үеэр худалдааны асуудалд онцгойлон анхаарч буй. Үндэснийхээ компанийн худалдааг яаж дэмжүүлэх вэ гэдэг нь гадаад харилцааны хамгийн чухал асуудал болчихсон хэрэг. Манайд гадаад худалдааг нэг хэсэг ГХЯ-нд хариуцуулж байсан нь маш буруу. Гадаад худалдааг дипломатууд биш, мэргэжлийн байгууллага хариуцаж ажиллах ёстой. Худалдааны хуулиа баталж, худалдааны агентлагийг дэмжих шаардлагатай. Уг агентлаг нь худалдааг гадаад зах зээл рүү чиглүүлж ажиллаж чаддаг байх ёстой. Өмнө нь FIFTA гэж бүтэц байсныг алга болгочихсон. Үүнийг сэргээе гэж яриад л байгаа, бодит ажил хэрэг болж буй, эсэхийг мэдэхгүй юм.
Ер нь эдийн засгийн потенциалаа дандаа гадаад худалдаагаар дамжуулж харах ёстой. Манай улс Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Үр дүнд нь Японоос манайд нийлүүлж буй барааны хэмжээ огцом нэмэгдсэн бол Монголынх өсөөгүй. Улмаар хоёр орны худалдааны тэнцэл манайд сөрөг гарч байна. Япон бол үйлдвэрлэгч орон, манайхаас бүтээгдэхүүн экспортолъё гэхээр байхгүй. Жишээлбэл, бага зэрэг ноос, ноолуур, хүнсний бүтээгдэхүүн, мах нийлүүлье гэхэд маш өндөр стандарт, шаардлага ихтэй. Түүнийг нь манай бүтээгдэхүүнүүд хангаж чадахгүй байгаа. Тарифын бус зохицуулалтаараа манайхыг шахчихаад буй хэрэг. БНСУ-тай ийм хэлэлцээр байгуулна гэж буйд бас эргэлзэж байна. Энэ талаар олон нийтэд ил ярих ёстой. Үнэхээр манай улс БНСУ-д юу экспортлох гээд байгаа юм бэ? Өдгөө тус улсаас манайх хангалттай бүтээгдэхүүн импортолж байгаа. Тарифынхаас гадна тарифын бус зохицуулалтаа яаж тохиролцох юм бэ гэдэг л хамгийн чухал. Цаашид ОХУ, Европын эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэж буй. Юу бодож ийм зүйл яриад буйг ерөөсөө ойлгохгүй юм. Энэ бол гадаад харилцааны хувьд зөв байх, гэхдээ худалдаа талдаа бол манайд ашиггүй.
-Манай улс бусад оронтой гадаад худалдааны яриа хэлэлцээг хэр түвшинд хийж байгаа гэж харж байна вэ?
-Манай улс бодлого гаргасан ч хэрэгжилт нь хангалтгүй байдаг. Гүйцэтгэлийг нь хэн ч хариуцдаггүй. Бид хөрш орнуудаа судлах ёстой юм. Тэд ямар бодлого, бүтэцтэй, хэрхэн гүйцэтгэдгийг нь ажиглах ёстой. БНХАУ-д Коммунист нам нь тунхаглалын шинжтэй бодлого гаргадаг. Өвөр Монгол болон бүс нутгууд нь нэлээд нарийвчилсан төлөвлөгөө гаргадаг шүү дээ. Хэрэгжилтийн үр дүнг нь Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь хариуцаж ажилладаг. Энэ нь төрийн байгууллага. Тэгвэл манай МҮХАҮТ төрийн бус байгууллага. БНХАУ-тай амжилттай худалдаа хийе гэвэл яг тэр бүтэц бүхий байгууллагатай нь манайхаас ижил түвшний байгууллага харилцах ёстой.
-Хэлэлцээ хийхэд “жижигддэг” гэж хэлж байна уу?
-БНХАУ бол дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон. Ийм том зах зээлтэй холбогдох худалдааны зөөлөн дэд бүтэц буюу тээвэр ложистикийн системээ л хийж чадахгүй байна. Бид жин хэмжүүр, хяналтын лабораторио сайжруулж, стандарт шаардлагыг нь хангаж чадахгүй байна. Манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн авчихаж байгаа юм. Харин хөрсөн дээрх баялгийн боловсруулалт гэхээр асуултын тэмдэгтэй байгаа. Ямар сайндаа БНХАУ-ын мэргэжлийн хяналтын байгууллагынхан манай махны үйлдвэрүүдэд шалгалт хийгээд, экспортын эрх олгоод явж байх вэ дээ. Бид сэтгэлгээ, зохион байгуулалтын хувьд ингэтлээ ядууралд орсон. Энэ нь бас л худалдааны эрх зүйн орчин байхгүйтэй холбоотой. Манай мал аж ахуй зэрлэг, мал нь уул хадаар бэлчиж, өвс тэжээлээ олж иддэг учраас гадаадынхан шохоорхож, нэг удаа аваад үзье гэж байгаа болохоос хэрэглээ нь болоогүй.
БНХАУ-ын компаниуд “мангас” шиг том, Монголын ДНБ-ийг хэд дахин нугалах хэмжээний орлоготой аж ахуйн нэгж асар олон. Зөвхөн Баяннуур аймаг гэхэд Монголынхтой ижил хэмжээний эдийн засагтай. Нэг талаас төрийн оролцоотой ийм том корпорацууд, нөгөө талаас эдийн засгийн ихээхэн потенциалтай аймгуудтай манайх яаж харьцах юм бэ? Энэ талаар гадаад худалдааны бодлогодоо тусгах ёстой болчхоод байна. БНХАУ-ын төрийн өмчит, тээвэр ложистикийн томоохон COSCO компанитай Монголын компаниуд харьцаж чаддаггүй. Монголын төрийн өмчийн оролцоотой ложистикийн корпорац байгуулж л тус компанитай харьцана. Түүнээс манай хувийн компаниуд гүйгээд очиход COSCO, тэр байтугай доод талынх нь аж ахуйн нэгж чтоохгүй. Худалдаа, тээвэр ложистикийг ойлгодоггүй, аж ахуйн нэгжүүдээ дэмждэг системгүй учраас ийм байдалд орчхоод байна. Хэрэв төрийн өмчийн, яг тухайн салбарын хувийн хэвшлийнхнийг оролцуулсан корпорац байгуулбал харилцаа шал өөр болно. Өөрөөр хэлбэл, хоёр орны яам нь яамтайгаа, дараагийн шатанд яамд нь бодлогоо гаргачихвал төрийн өмчит компаниуд нь хоорондоо харьцана. Харилцаагаа нэг түвшинд хүргэх ийм арга байна.
ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ ХАМТАРЧ, ЭРСДЭЛД БЭЛЭН БАЙХ ЁСТОЙ
-Худалдааг нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэнтэй хамтрах нь чухал байх, тийм үү?
-Хандлага маш чухал. БНСУ яагаад ингэж хөгжсөн юм бэ гэж хүмүүс ярьдаг. Пак Жон Хи Ерөнхийлөгч болоод “Саэбол” бодлогоор бизнесийн бүлэглэлүүдтэй хамтарч улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалтууд хийж, үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Манайд бол төрийн албан хаагчид хувийн хэвшилд сайн ханддаггүй. Энэ бол асар буруу сэтгэлгээ. Үүнийг өөрчлөхгүй бол Монгол Улс цаашид хөгжихгүй. Өдгөө Японд нийлүүлэлтийн кластерын “Кэрэйцү” гэж бодлого баримталдаг. Япончууд хэзээ ч дотооддоо өрсөлддөггүй. Тэр битгий хэл, гадаадад компаниуд нь хоорондоо өрсөлддөггүй шүү дээ. Бид өнөөдөр хувийн хэвшил, эсвэл төрийн өмчийн компаниуд дээр тулгуурлаж хөгжих үү гэдэг бодлогын салаа зам дээр зогсож байна.
Франц, ОХУ, БНХАУ төрийн өмчийн оролцоотой компаниудаа хөгжүүлж ирсэн. Гагцхүү тэнд авлига байдаггүй, менежмент нь тусдаа байдаг. Гэхдээ Монголд энэ загвар дангаараа нийцэхгүй. Манай улсын хүн ам цөөн, тэдэн дунд бизнес сэтгэлгээтэй нь бүр цөөхөн, амжилтад хүрсэн нь хуруу дарам. Ийм бизнес сэтгэлгээтэй хүмүүсийг бойжуулахад 25, 30 жил шаардана. Үүнийг хүлээвэл Монгол Улс эдийн засгийн хувьд бүр хэцүүднэ. Гэтэл БНСУ-ын эдийн засаг хямарлаа гэвэл “Samsung” нь аваад гарна. Үүн шиг нэг талаас төр нь итгэлээ өгсөн, нөгөө талаас нийгмийн хариуцлагатай корпорацуудыг хөгжүүлэхгүй бол дэлхийн худалдааны дайнд бид ялагдсаар, бэлтгэн нийлүүлэгч нь хэвээр байх болно.
-Цар тахал тархсанүед импортын бүтээгдэхүүний үнэ өсөж, тээвэрлэлтэд нь бэрхшээл үүссэн. Эрсдэлд бэлэн байх нь чухал гэдгийг энэ нь бидэнд ойлгуулсан.
-Тухайн үед импортын бүтээгдэхүүний тээврийн, ложистикийн зардал нийлээд хамгийн ихдээ 76 хувиар өссөн. “Ковид”-ын үед нэлээд хүнд байлаа. Одоо л цар тахал дэгдэхээс өмнөх үеийн буюу 2019 оны түвшин лүү дөхөж байна. Ер нь эрсдэлд байнга л бэлэн байх ёстой. Хэрэв Тайванийн хоолойд асуудал үүсвэл гадагшаа гарцгүй, бүслэгдсэн улс болно. Ийм үед гадаад худалдаагаа яаж зохицуулах вэ гэдэг онцгой байдлын (emergency) бодлоготой байх ёстой. Манайд даанч алга.
-Хилийн боомтуудад ямар ажил хийх нь зүйтэй вэ?
-Дэд бүтцээ л сайн хөгжүүлэх хэрэгтэй. Бид одоохондоо хатуу дэд бүтцээ л яриад байгаа. Зөөлөн дэд бүтцээ маш сайн болгох хэрэгтэй. Гашуунсухайт, Шивээхүрэнд хүний оролцоогүй, автомат удирдлагатай тээврийн системтэй болж эхэлж байгаа нь зөв. Одоо Ханги, Замын-Үүд, Бичигтэд богино хугацаанд хийх хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал “Ковид”-той төстэй, үүнээс ч илүү хүчтэй цар тахал дэгдэж болзошгүй тул улс орнуудыг бэлтгэлээ хангахыг анхааруулсан. Цар тахлын үед нүүрсний экспорт л биднийг авч гарсан. Тиймээс хүний оролцоогүйгээр худалдаа хийх бололцоотой, төмөр замын төслүүдээ яаралтай хэрэгжүүлж, бэлтгэл хангах нь зүйтэй. Түүнээс худалдаж авах зүйлийг, эм, тариаг ч юм уу яаж ийж байгаад, онгоцоор тээвэрлээд ч болтугай авчихна.
-Экспортоо нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Өмнө хэлсэнчлэн Казахстан бусдын ачааг нутаг дэвсгэрээрээ явуулах замаар дэд бүтцээ хөгжүүлээд, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн. Монгол бол “Манай экспортыг дэмжээч, Тяньжины боомтод ийм асуудал байна” гэсэн хувиа хичээсэн бодлого явуулдаг. Үүнээс татгалзмаар байгаа юм. Хуурай боомтуудыг яаралтай байгуулах хэрэгтэй. Үүнээс гадна дотоодын ложистикийн зардал манайд маш өндөр, нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд, зах зээлд нийлүүлэхэд 30 хувь, дээр нь тээврийн үнэ нэмэгдэнэ. Гэтэл жишээлбэл, ХБНГУ-д ложистикийн зардал нь зургаа орчим хувь тул инфляц, банкны хүү (1-2 хувь) бага байдаг. АНУ-д ложистикийн зардал нь 10, заримдаа найман хувь болж буурдаг юм билээ. Японд бол найм орчим хувьтай байдаг. Товчхондоо, ложистикийн зардал нь инфляцын түвшин, зээлийн хүүд нөлөөлдөг нь анзаарагдсан тул энэ корроляцыг судалж байгаа. Энэ логикоор харвал Монголд банкны хүү, инфляц өндөр байхаас өөр аргагүй болчхоод байгаа юм.
Манайх ардчилсан орон, олон улсын хөгжлийн байгууллагууд дэмждэг, өргөн уудам нутагтай, байгалийн болон хөрсөн дээрээ ихээхэн баялагтай гээд давуу тал цөөнгүй. Үүнийгээ ашиглан худалдаагаа тэлэх, ашигтай болгоход гадаадын орнууд дахь ЭСЯ-ныхан тухайн улсад яг юу болох гээд буйг, худалдааны болон үйлдвэрлэлийг нь судалмаар байна шүү дээ. МУИС, бусад их, дээд сургуулийн дэргэдэх япон, хятад, европ судлалын танхимууд зөвхөн соёл, түүх бус, эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа, технологи, инновац, ноу-хауг нь судлах хэрэгтэй. Энэ мэтчилэн эрвийх дэрвийхээрээ ажиллаж чадвал эдийн засгаа хурдтай хөгжүүлж чадна. Дотооддоо бус, нийлж, нэгдээд гадаадад гарч худалдааны “зодоон” хийх шаардлагатай. Философи ийм л байх ёстой. Гэтэл манай тээвэр ложистикийн компаниуд БНХАУ, Беларусийн компаниудад зах зээлээ алдаж байна. Төмөр замын тээвэрт ч адил. Тэд “Биднийг нэгтгээд чиглүүлдэг байгууллага алга” гэж гомдоллож буй. Нөгөөтээгүүр, төр бодлогоо гаргалаа гэхэд хувийн хэвшлийнхэн дэмжихгүй бол хэрэгжихгүй. Төр, хувийн хэвшил хамтраад улс орны эрх ашиг, иргэдийн сайн сайхны төлөө ашиг сонирхлоо нэгтгэн, бодлого гаргаж чадвал ямар ч улс төрийн хүчин, Засгийн газар гарч ирсэн түүнийг өөрчилж чадахгүй, тогтвортой хэрэгжинэ.