Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B түвшинд, төлөвийг тогтвортой хэвээр үлдээснээ цахим хуудсандаа мэдээллээ. Дунд хугацаан дахь эдийн засгийн өсөлтийн төлөв, нэг хүнд ногдох орлогын үзүүлэлт B түвшинд буй ч гадаад санхүүжилт, БНХАУ дахь түүхий эдийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай зэрэг нь дээрх шийдвэрт нөлөөлжээ. Мөн баялгийн үндсэрхэг үзэл, улс төрийн тогтворгүй байдал хойш татаж буйг дурдав.
Уул уурхайн салбарын хөгжлөөс шалтгаалж Монголын эдийн засаг сүүлийн 10 жилд тэлж, нэг хүнд ногдох ДНБ өсөн, өрийн дарамтыг бууруулсан ч удахгүй болох сонгууль сорилт болно хэмээн тэмдэглэжээ. Эл салбарын нөлөөгөөр өнгөрсөн онд эдийн засаг долоо орчим хувиар өссөн ч энэ жил уг дүн дөрөв болж саарах төлөвтэй гэж дээрх агентлагийнхан тооцсон байна. Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлсэн ч үйлдвэрлэлийнх нь хэмжээ 2025 оноос мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй аж. Уул уурхайн бусад болон дэд бүтцийн төслүүд дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэлээ. Инфляцын түвшин энэ онд дунджаар найм, ирэх жил долоон хувь байна хэмээн төсөөлжээ. Монголбанк бодлогын хүүгээ 2022 оны арванхоёрдугаар сараас хойш13 хувиас буулгаагүйг мөн дурдсан байв.