Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, хотын 2024 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны төсвийн орлогыг 2.6 их наяд орчим төгрөгөөр төлөвлөсөн нь энэ жилийнхээс 33.5 хувиар өссөн дүн юм. Төсвийг ийнхүү “томруулах”-ын тулд зарим төрлийн татварыг нэмэхээр болсон нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад буй билээ. Ялангуяа нийслэл хотын албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэх гэж байгааг эсэргүүцэн ХҮН намын бүлэг ИТХ-аас завсарлага авсан юм. Түүнчлэн анхаарах шаардлагатай олон асуудал байгааг тус намын бүлгийнхэн хөндсөн. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа.
-Нийслэлийн ирэх оны төсөв түүхэнд байгаагүйгээр нэмэгдэж, хоёр их наяд төгрөгөөс давах нь. Ер нь хотын төсвийг хэр бодитой төсөөлсөн байна вэ?
-Ирэх жилийн төсвийг энэ оныхтой харьцуулахад 33 хувиар тэлэхээр байгаа нь нэлээд өндөр тоо. Энэ нь улсын төсвийн шууд тусгал. Улсын төсөв ч нэлээд тэлсэн шүү дээ. Мөн инфляцын хамаарал байгаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмсэн нь нөлөөлсөн тал бас бий.
Гэхдээ нийслэл төрийн яг хэдэн албан хаагч, агентлаг, газартай болон тэдгээрийн чиг үүргийн талаар ИТХ-д нэг ч удаа тайлан сонссонгүй. 48 мянга орчим албан хаагчтай гэсэн тойм тоо л байдаг. Түүнчлэн нийслэлийн хүн амын өсөлт их буюу 1.7 саяд хүрч, татварын суурь тэлсэн нь төсөвт нөлөөлсөн. Үүнээс гадна зарим төрлийн татварыг нэмэхээр төлөвлөжээ. Тухайлбал, нийслэл хотын албан татвар нэг хувь байсныг хоёр дахин өсгөх нь. Энэ нь үйлчилгээний байгууллага, иргэдэд шууд дарамт учруулна. Татвар өөрчлөх эрхийг нь нийслэлийн ИТХ-д хуулиар олгосон. Гэхдээ нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр буюу захиргааны хэм хэмжээ тогтоосон актын талаар эрх ашиг нь хөндөгдөх салбарынхантай хэлэлцэж, олон нийтээс санал авах ёстой гэсэн байр суурийг бид баримталж байгаа. Гэтэл хэлэлцэхгүйгээр шууд оруулж ирлээ. Нөгөө талаас татвар нэмэхэд иргэдийн итгэл хэрэгтэй. Харамсалтай нь, “цавчаа ногоон” зэрэг асуудлаас болоод иргэд хотын удирдлагад итгэхгүй байна.
-Улсын төсвийг хэлэлцэх үеэр сөрөг хүчнийхэн “Сонгууль угтсан төсөв болчихлоо” гэж нэлээд шүүмжилсэн. Нийслэлийн төсвөөс ийм “дүр төрх” харагдав уу?
-Ойлгомжтой шүү дээ. Жишээ нь, 80 мянган өрхөд зуух, цахилгаан халаагуур тараахад зориулж 36 тэрбум төгрөг тусгалаа. Энэ нь нэг талаас иргэний аюулгүй байдлыг хангаж байгаа юм шиг. Гэтэл нөгөө талаас төр бүхнийг даагаад байх уу, бидний татварын мөнгийг ийм маягаар үргүй цацаж болох уу гэдэг асуулттай тулгарна. Мөн зөвхөн метроны ТЭЗҮ, зураг төслийг боловсруулахад 180 тэрбум төгрөг төсөвлөлөө. Үүнээс гадна элдэв төрлийн зөвлөх үйлчилгээнд 40 тэрбумыг тусгасан зэрэг хэмнэж болох зардал их байна.
-Тухайлбал, ямар зөвлөх үйлчилгээнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ?
-Судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээнд 2024 онд төсөвлөсөн зардлуудыг шүүж үзэхэд нийт дүн нь 220 орчим тэрбум төгрөг боллоо. Нийслэл уг нь жилд гурван тэрбумын төсөвтэй Бодлогын судалгаа шинжилгээний төвтэй. Гэтэл авто замын түгжрэл, сөрөг нөлөөллийг бууруулах судалгаа хийхэд 1.6, дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад 3.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Мөн авто замын байгууламжийн ажлын зураг, зөвлөх үйлчилгээ 500, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн байрны зураг төслийн зөвлөх үйлчилгээ 60 сая, гарааш буулгасан газарт ногоон байгууламжийн барилгын ажлын зөвлөх үйлчилгээнд 1.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс гадна Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээнд 5.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Уг нь “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” гэж бий шүү дээ. Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрлийг энэ хөгжлийн төлөвлөгөөг баримтлан олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь одоо юу юунаас илүү чухал. Ийм орчин бүрдүүлээгүй байж хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дахин боловсруулахад шууд 5.2 тэрбум төгрөг зарцуулах нь. Энэ мэт асуудал их.
-Улаанбаатар хотод нэн түрүүнд тулгарч буй асуудал нь түгжрэл, агаарын бохирдол гэж болно. Эдгээрийг шийдэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээг төсвийн төсөлд тусгаагүй юм уу гэж харлаа.
-Авто замын нэвтрүүлэх чадвар сайжруулах гэх мэтийн ажил бий. Гэхдээ маш хангалтгүй. Ер нь түгжрэлийг бууруулах чиглэлээр иргэндээ наалдах ажил төдийлөн алга. Түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад дорвитой алхам хийх төсөв биш гэж харлаа. Гэтэл зуух тараана гэх юм. Урьд нь тараагаад ямар ч үр дүнд хүрээгүй. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж цацах ёсгүй. Зуухыг нь солих гээд байгаа юм бол хөнгөлөлттэй зээлээр олгох ёстой. Зуухныхаа аюулгүй байдлыг хангах нь иргэний үүрэг шүү дээ. Мөн гэнэтхэн Улаанбаатар хотыг камержуулахад 80 тэрбум төгрөг тусгачихлаа. Царай таних технологиороо Хятад дэлхийд тэргүүлдэг. 2019 он гэхэд Хятад даяар 200 сая камер ажиллаж байсан гэх тоон мэдээ бий. Шинжаан-Уйгурын хотуудыг алхам тутамд нь камержуулж, тэнд хяналтын тогтолцоог бүрэн нэвтрүүлсэн. Улаанбаатарыг яг тийм болгох нь л дээ. Камерын мэдээллийг программ хангамж нийлүүлэгч тал бүрэн атгана гэсэн үг. Ингэснээр үндэсний аюулгүй байдал, хүний эрхтэй холбоотой асуудал үүснэ. Хотын иргэдийг камер хардаг эрх мэдэлтэн бүрэн хянах нь. Европын орнууд Хятадын компаниудын царай таних технологи бүхий камеруудаас татгалзсан. Гэтэл манайх яагаад тийш тэмүүлээд байгаа юм. Ер нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөв алхам бол хөршийн холбоо байдаг. Нийгэмд итгэлцэл илүү чухал. Цагдааг чадавхжуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь оновчтой. Тиймээс хотыг бүрэн камержуулж, иргэдийн эрхэд халдахыг бид эсэргүүцнэ.
-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь бас нийслэлд нэн тулгамдсан асуудлуудын нэг. Энэ чиглэлд хотын удирдлага дэвшил гаргаж чадах нь уу. Нийслэлд одоо хүртэл гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд бий.
-Энэ чиглэлээр харин нэлээд ажил хийхээр тусгажээ. Он дамнуулан үргэлжлүүлж буй барилгын ажлуудын бараг 80 хувийг дуусгахаар төсөвлөсөн байна. Гэхдээ Улаанбаатарын хүн амын механик өсөлт өндөр байгаа. Энэ нь 2030 он хүртэл үргэлжлэх төлөвтэй. Хүүхдийн тоо ийнхүү нэмэгдсээр байхад цэцэрлэг, сургуулийн нийлүүлэлт 20 жилээр хоцорсон хэвээрээ л байна.
-Өмнөх жилүүдэд нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгээс Улаанбаатар хотын үерийн байгууламжийг нэмэгдүүлэх талаар байнга хөндөж ирсэн. Гэсэн ч дорвитой төсөв тусгахгүй байсаар өнгөрсөн зун хотоороо үерт өртлөө. Тухайн үед хотын удирдлагаасаа эхлээд Засгийн газрын түвшинд ч үерийн байгууламжийг нэмэгдүүлнэ гэж амласан. Харамсалтай нь, нийслэлийн ирэх оны төсөвт үүнд дорвитой хөрөнгө тусгасангүй.
-Үнэхээр л зүрхэндээ ортол ойлгосон, мэдэрсэн юм бол үерийн байгууламжид төсөв түлхүү хуваарилах ёстой. Гэтэл олигтой төсөв тавьсангүй ээ. Нийслэлийн төсвийг олон жил боловсруулсан аргачлал нь ойлгомжгүй. Нэг ажлыг хэд хэдэн газарт салгаж хуваарилдаг. Тиймээс төсвийг нь нэгтгэж харахад төвөгтэй. Уг нь Геодез, усны барилга байгууламжийн газар гэж байгаа шүү дээ. Уг агентлагийнхаа төсөвт үерийн байгууламжтай холбоотой бүх ажлыг тусгаад, хэрэгжүүлэх ёстой. Гэтэл төсвийг нь энд тэнд салгаад тавьчихаж. Тэдгээрийг нэгтгээд харахад ирэх онд үерийн даланд ердөө 12 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Үүний 10 тэрбум нь энэ жил эхлүүлсэн ажил. Харин ирэх жил шинээр хийх ажилд төсөвлөсөн нь хоёрхон тэрбум. Түүнчлэн 12 тэрбумын 5.2-ыг нь Богдхан уулын Жаргалантын аманд үерийн далан барих ажилд зарцуулах нь. Тухайн хэсэгт орлого өндөртэй цөөхөн хүн оршин суудаг. Гэтэл хүн амын төвлөрөл ихтэй Сэлбэ гол орчимд юу ч хийхээр төлөвлөсөнгүй. “Сэлбэ сэргэлт” гээд Засгийн газраас маш том төсөл хэрэгжүүлнэ гээд Сэлбэ дээр явган хүний гүүр тавиулахгүй, юу ч хийлгэхгүй байгаа. Төслийн хүрээнд голын далан дээгүүр хоёр эгнээ зам тавина гэж ярьсан ч зураг төслийг нь одоо хүртэл боловсруулж дуусаагүй. Зураг төслийг боловсруулах компани нь тендергүйгээр уг ажлыг хийж байна. Өмнөх Засаг даргын үед ингэж шийдсэн шүү дээ. Ер нь Сэлбийн далан дээгүүр авто зам тавих нь буруу төлөвлөлт. Энд ногоон орчин бүрдүүлж, явган хүний болон дугуйн зам тавьж, байгалийн нөхөн сэргээлт хийх хэрэгтэй юм.
-Улаанбаатар хот шинэ Засаг даргатай болоод удаагүй байна. Төрд залгамж чанар байхгүй гэсэн шүүмжлэл манайд их гардаг. Энэ нь ч нийслэлийн ирэх оны төсвөөс шууд харагдаж байгааг ХҮН намын бүлгийнхэн шүүмжиллээ.
-LRT-гээ болиод метро барих ТЭЗҮ боловсруулах, гэр хорооллын айлуудад зуух, цахилгаан халаагуур тараахаар боллоо. Мөн татвар нэмэгдэх нь. Өмнөх Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөг нь 2020 онд баталчихсан боловч одоо түүнээсээ огт өөр, газар, тэнгэр шиг ялгаатай зүйлс яриад эхэлсэн.
-Засаг дарга Х.Нямбаатар томилогдоод хамгийн түрүүнд төсөв хэмнэнэ гээд тодотгол хийсэн шүү дээ. Зарим газар, агентлагийг нэгтгэж, орон тоог цөөлнө гэсэн. Ирэх оны төсвийн төсөлд ийм хэмнэлт байна уу?
-Төсвийн төсөлд хэмнэлт огт байхгүй. Хот байгуулалт, хөгжлийн газрыг татан буулгана гэж Засаг дарга хэлсэн ч хэрэгжүүлээгүй. Бодит байдалд хэмнэсэн зүйл алга.
-Улаанбаатар хот бонд гаргах гэж байсан ч чадаагүй нь энэ оны төсвийг тодотгох бас нэг шалтгаан болсон шүү дээ. Харин цаашид хэрхэх, эсэх нь тодорхойгүй байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Шинэ Засаг дарга дотоодын бондыг бүр зогсоож, гадаадынхыг гаргахаар төлөвлөж байх шиг байна. Дотоодын бонд өндөр хүүтэй учраас тэр. Уг нь бонд гаргаж, нийслэлийн өдөр тутмын амьдралтай холбоотой дэд бүтцийг хурдан шийдвэрлэх шаардлагатай. Нийслэлийн төсвийн 70 хувь нь урсгал зардал байдаг. 866 тэрбум төгрөг нь л хөрөнгө оруулалтын зардал байгаа юм. Энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусдаг. Ихэнхийг нь сургууль, цэцэрлэгийн барилгад зарцуулна. Тиймээс бонд гаргах хэрэгтэй. Ингэхдээ дотоодын бонд гаргавал нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд авч, хотдоо хөрөнгө оруулагчид болно. Улмаар нийслэлийн төсвийг илүү сайн хянадаг болж, зуух тараах мэтийн ажлыг зөвшөөрөхгүй шүү дээ. Илүү хэмнэлттэй, ухаалаг байхыг шаардаж эхэлнэ. Нийслэл анх удаа дотоодын бонд гаргах гэж байсан нь зөв. Гэхдээ хууль, эрх зүйн орчноо бүрдүүлээгүй. Ийм учраас татварын дарамт хэвээрээ буюу өндөр хүүтэй бонд гаргах гэж байсныг нь бид шүүмжилсэн. Гадаадын бонд бол төлөлтийг хойшлуулахгүй. Бас улс орны бие даасан байдалд сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн “Мазаалай”, “Чингис” зэрэг бондын хөрөнгийг яаж үрэн таран хийснийг Хөгжлийн банкны жишээ харуулсан.
-Хотын ирэх оны төсвийг батлахдаа юуг шинээр тусгах, эсвэл хасах саналтай байна вэ?
-Мэдээж үргүй зардлуудыг танахыг шаардана. Нөгөө талаас зайлшгүй шаардлагатай үерийн далан барих зардлыг нэмж тусгах ёстой. Хойд мөсөн далайгаас дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн том хэмжээний мөсөн уул саяхан тасарлаа. Бүхэл бүтэн аралтай тэнцэх хэмжээтэй уул шүү дээ. Далайн түвшин ихсэн, шүр устаж, биологийн төрөл зүйлүүд хомсдож байна. Эль-Нино үзэгдлийн улмаас Монголд унах хур тунадасны хэмжээ нэмэгдэх болсон. Гэхдээ бага багаар биш, нэг дор их хэмжээгээр, эсвэл хэд хоног үргэлжлэн орж байгаа. Ийм маягаар үерийн эрсдэл эрс нэмэгдэж байхад ердөө хоёр тэрбум төгрөг шинээр төсөвлөсөн нь туйлын учир дутагдалтай. Гэтэл камержуулахад 80 тэрбумыг зарцуулж, зуух тараана гэсэн нь эрүүл үзэгдэл мөн үү. Байгалийн гамшгаас иргэдээ хамгаалах нь нийслэлийн нэн тэргүүнд хийх ёстой ажил. Үерийн гамшиг болоход газар дээр нь очиж, хэдэн зураг даруулж, өөрийгөө сурталчлах нь Засаг даргын ажил биш. Харин шаардлагатай төсвийг хуваарилах нь түүний ажил. Х.Нямбаатарын оронд би байсан бол 2024 онд Улаанбаатар хот төдөн миллиметр хүртэл хур тунадсыг тэсэх, ус зайлуулах, үерийн байгууламжуудыг хийх төсөв баталлаа гэж зарлахаар хэмжээнд ажиллах байсан юм. Далан барина гэдэг дан ганц цементжүүлэхийг хэлэхгүй. Үерийн усыг тогтоон барих ой, зүлэг, усны ай савыг сэргээх ажлыг ч хамруулна. Зөвхөн цементэн далангаар төсөөлөх нь өрөөсгөл.
-Энэ жилийн төсөвт цөөнгүй хороо байгуулах талаар тусгасныг та шүүмжилсэн шүү дээ. Хороод байгуулсан уу, үр дүн гарсан уу?
-33 хороо байгуулсан. Бидний хувьд 33 хороо бус, 33 өрхийн эмнэлэг нэмэх санал гаргаж байв. Нэг хороо 3-4 өрхийн эмнэлэгтэй байж болно. Хороо байгуулахыг эсэргүүцэж байхдаа хотын төв болон захын 1000 гаруй иргэнээс судалгаа авсан юм. Тэгээд “Та хороондоо очиж байсан уу” гэхэд олонх нь “Очиж байгаагүй” гэсэн. Харин “Өрхийн эмнэлэгт очиж байсан уу” гэхээр “Очилгүй яах вэ” гэх жишээтэй. Тиймээс өрхийн эмнэлгүүдийг нэмэх ёстой байсан. Тэр байтугай миний бодлоор хуульд өөрчлөлт оруулаад, өрхийн эмнэлэг ясны хугарал, бэртлийг хүртэл эмчилдэг болох хэрэгтэй. Өрхийн эмнэлэг бүр рентген аппараттай байх ёстой. Бэртэж гэмтсэн бүх хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж, тэнд ачаалал үүсгэдэг биш, өрхийн эмнэлэгтээ эмчлүүлдэг байх ёстой юм. Гэтэл манайд хороог задлаад, хэсгийн ахлагч нарын тоог нэмээд байна. Энэ нь сонгуулийнхаа бэлтгэлийг хийж байгаа хэрэг шүү дээ. Сонгинохайрхан дүүрэг бүх хэсгийн ахлагчаа Манжуурт аялууллаа. Баянзүрх дүүрэг ч аялуулсан. Тэр мөнгийг нь хэн гаргадаг юм. Татвар төлөгчдийн мөнгийг улс төрчид хулгайлж байгаад л гаргана. Бодит байдалд иргэд хорооноос бараг үйлчилгээ авдаггүй. Хороо хэдэн тодорхойлолт л гаргах үүрэгтэй. Тэдгээр нь бүгд “E-Мongolia”-д бий шүү дээ.
-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ нэрээр хуучин автобус оруулж ирснийг та анх хөндөж, олон нийтэд хүргэсэн. Гэтэл өдгөө буруутан ч үгүй болчихлоо. Цаашид яах вэ?
-Нийслэл ногоон автобусыг хүлээн авалгүй, зарлагадсан мөнгөө эргүүлж авахаар нэхэмжлээд буй юм билээ. Хэргийг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ “2009 оноос хулгай эхэлсэн юм байна” гэж мэдээлээд, буруутай этгээдүүдэд зугтах боломж олгоод байна. Энэ бол үйлдэл дээрээ баригдсан, төрийн нууцаар халхавчилсан хулгай. Нууцалсныг нь өнгөрсөн есдүгээр сард ХҮН намын бүлэг илрүүлж, нийслэлийн ИТХ-д мэдээлээд, автобусыг нь очиж үзэхэд хуучин байсан. Тиймээс хулгайг даруй зогсоогоод, хулгайчийг хурдан барих ёстой биз дээ. Нээлттэй тендер зарлахад төсвийн ямар хэмнэлт үүсэж байгааг бид харлаа. Гэтэл доорх албан тушаалтнууд, аж ахуйн нэгжийн хүмүүсийг бариад, дээд тушаалтнууд, улс төрчид нь огцроод өнгөрч байгааг нийслэлчүүд хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцлага хүлээлгэхдээ барыг нь ч, батганыг нь ч барих ёстой. Энэ асуудлаар УИХ сонсгол хийнэ гэж ярьж байгаа. Харамсалтай нь, УИХ нүүрсний сонсголтой зууралдаад завгүй байна. Тиймээс асуудал анх үүссэн нийслэлд нийтийн сонсгол хийх ёстой гэж ХҮН намын бүлэг үзэж байгаа. Зайлшгүй хөндөх бас нэг зүйл нь ирэх оны төсөвт нийтийн тээврийн машин цагийн зардлыг нэмж, 294 тэрбум төгрөг болгожээ. Жолоочийн цалинг нэмэх, “Евро-5” стандартын шатахуун хэрэглэх учир ингэж нэмсэн гэж тайлбарласан. Үүний зэрэгцээ оюутнуудыг үнэгүй зорчуулах нөхөн олговорт 24, шинээр автобус авахад дахин 100 тэрбум төгрөг төсөвлөжээ. Нийтийн тээврийн газар нь 366 тэрбум төгрөгийн төсөвтэй. Авлигажсан, мафижсан энэ газрыг цэвэрлэсний дараа л төсвийг нэмэх хэрэгтэй.