УДЭТ-ын уран сайхны удирдагч, Соёлын тэргүүний ажилтан Б.Хишигзаяатай ярилцлаа.
-Театр нь нийгмийн оюун санаа, ухамсар, сэтгэлгээг түүчээлдэг салбар. Тиймээс уран бүтээл төдийгүй жүжигчдийн сонголт ч маш чухал. УДЭТ-ынхан үзэгчдийн хүртээл болгох бүтээлээ хэрхэн сонгодог талаар яриагаа эхэлье.
-Улсын драмын эрдмийн театр нь 94 жилийн түүхтэй мэргэжлийн урлагийн ууган байгууллага. Уран бүтээлийн байгууллагад хамгийн чухал нь урын сангийн бодлого байдаг. Урын сангийн бодлогыг найруулагчдын зөвлөл, уран бүтээл эрхэлсэн баг тодорхойлж төлөвлөгөөгөө гаргана. Ингээд сонгож, баталсан, төлөвлөгөөт уран бүтээлийг найруулагч, эх зохиогч нарын баг, эскиз макетыг нь уран сайхны зөвлөл буюу гаднын эксперт, мэргэжлийн судлаачдын багт танилцуулж, заавар, шүүмжийг нь авч, тухайн бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох, эсэхийг шийддэг юм. Мөн мэргэжлийн экспертүүд бүтээлийн чанарт үнэлэлт дүгнэлт өгч, шаардлага хангаагүй гэж үзвэл эскиз макетыг нь батлахгүй буцаана. Манайх олны хүртээл болгох бүтээлүүдийнхээ төлөвлөгөөг 2031 он хүртэл гаргачихсан. Түүнчлэн театрын гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө нэг жилд 50 гаруй ажил тусгадаг. Тухайлбал, соёл, олон нийт, сургалт, судалгаа, нийгмийн халамж, хувь хүний хөгжил ур чадварын гээд олон талт гадаад болон дотоод үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Бид хавар болон намрын улиралд шинэ жүжиг туурвидаг. Өнөө жилийн эхний бүтээл Южин Онилын “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг байлаа.
-Та УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн даргаар өмнө нь ажиллаж байсан, театрын жаргал, зовлонг мэдэх хүн. Уран сайхны удирдагчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш театртаа хийсэн томоохон ажлуудаасаа дурдахгүй юу?
-Уран сайхны удирдагч хэмээх албан тушаалын үндсэн чиг үүрэг нь урын сангийн бодлогыг тодорхойлж, бүтээлийн чанарт шаардлага тавьж ажиллах. Миний хувьд ажлаа аваад таван сар гаруй болжээ. Энэ хугацаанд бид Унгарын Үндэсний театрын найруулагч, “МИТЕМ” фестивалийн ерөнхийлөгч Атилла Виднянскийг театртаа урьж жүжгээ үзүүлсэн. Улмаар “МИТЕМ” хэмээх олон улсын нэр хүндтэй, 130-аад орны уран бүтээлчид оролцож байсан томоохон фестивалийг Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгээр энэ сард нээхээр албан ёсны урилгаа хүлээн авлаа. Мөн БНСУ-ын “Сан мару” продакшнтай хамтран жүжигчдээ мюзиклийн сургалтад хамруулав. Тус улсаас дөрвөн багш ирж манай жүжигчдэд дуу, бүжгийн хичээл орж, цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үндэсний урлагийн их театрынхантай хамтран орон нутгийн театр, чуулгуудын удирдах албан тушаалтан буюу ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, дарга нарыг урьж, “Шинэ замд-2025” хэмээх сургалт явууллаа. Үүнээс гадна СУИС-ийнхантай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажлын байранд суурилсан сургалт явуулж, бакалаврын зэрэг олгох Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний ангид энэ жилээс элсэлт авна. Мэргэжлийн хичээлүүдийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва гээд манай театрын мастерууд, ерөнхий эрдмийнхийг нь СУИС-ийнхан заана гэсэн үг. Энэ хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч нар ч хамрагдах боломжтой. Бас орон нутгийн театрт гурваас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны элсэлтийн шалгалт өгөөгүй уран бүтээлчдэдээ давхар боломж олгосноороо давуу талтай.
-Танай театрын цаашдын уран сайхны бодлого, төлөвлөгөө юу бол?
-Цаашид Н.А.Бестужевын нэрэмжит Орос улсын драмын театрынхантай хамтран ажиллана. Үүний хүрээнд манай театрын тайзнаа тэд уран бүтээлээ энэ сард толилуулахаар болсон. Харин бид “Анна Каренина” жүжгээ ирэх арваннэгдүгээр сард тус театрт олны хүртээл болгохоор бэлтгэж байна. Оросын алдарт зохиолч Лев Толстойн зохиолыг эх оронд нь тоглох юм. Түүнчлэн алсдаа Өрнө, Дорнын болон Нобелийн шагналт зохиолчдын сонгодог бүтээлүүдээс олны хүртээл болгохоор сонголоо. Үндэсний, дэлхийн сонгодог, Өрнө, Дорнын, гэр бүлийн болон орчин үеийн жүжгүүдийнхээ төрөл жанрыг улам бүр арвижуулна. Ингэхдээ голчлон Дорнын жүжиг тавихаар төлөвлөсөн. Учир нь сүүлийн жилүүдэд Дорнын бус, Өрнийн зохиолчдын бүтээлүүдийг түлхүү барьж ажиллажээ. Өөрөөр хэлбэл, уран бүтээлийн авторуудын газрын зургаа тэлэх зорилготой гэсэн үг.
-Сүүлийн жилүүдэд УДЭТ-тай өрсөлдөхүйц хувь театр олноор гарч ирсэн. Тэгвэл танай театр үзэгчдийг татах зорилгоор ямар арга хэмжээ авч байна вэ?
-Театрын урлаг үзэгчдэд өөрсдөд нь сонголтыг үлдээдгээрээ онцлогтой. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад манай үзэгчид театрын боловсролоор харьцангуй доогуур. Үүнд нийгэм, эдийн засгийн хөгжил, бидний амьдралын түвшин нөлөөлж буй. Гэхдээ театр олширч байна гэдэг нь театрыг үзэх үзэгчдийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс үүнд эмзэглэх бус, ихэд олзуурхаж баяртай байна. Ингэснээр сонгодог урлагийг ойлгодог, үзэх хүн нэмэгдэж байгаа юм. Жишээлбэл, ОХУ-ын Москва хотод 240 театр бий. Үүний 40 орчим нь л их тайзтай том театр. Харин үлдсэн нь жижигхэн театрууд байдаг. Тиймээс бусад театрт боломж олгох, хамтдаа хөгжих зорилгоор хоёроос дээш уран бүтээл хийсэн нийслэлийн болон орон нутгийн бүх байгууллагад үндэсний зохиолчийн бүтээлийг УДЭТ-тай хамтран алдаршуулах боломж олгохоор бэлтгэж байгаа. Энэ нь мэргэжлийн бусад театрынхантайгаа хамтран ажиллах, бүтээлээ туурвих нээлттэй бодлого баримталж, тэгш хүртээмжийг бий болгож буй явдал юм. Ингэхдээ өнөөгийн залуус юунд эмзэглэж, хаашаа чиглэж буйг олж харж, тэдэнд зориулсан бүтээл хийж, соён гэгээрүүлэх нь манай байгууллагын үндсэн чиг үүрэг, гол зорилго юм. Тиймээс бид зарим бүтээлийнхээ агуулга, хэлбэр, хийцийг нь өөрчилж байна. Тухайлбал, манайх хөгжмийн дуугаралт, гэрэл, техник, аппаратураа орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилсэн. Ингэснээр залуу үеийнхний сэтгэлгээ, үнэт зүйл, таашаалд нийцсэн уран бү¬ тээл хүргэх суурь нөхцөл бүрдэж байна ойлгож болох юм.
-Театрын бусдаас ялгарах онцлогийг юу гэж хэлэх вэ?
-УДЭТ-т болох, болохгүйн хязгаар гэж бий. Өөрөөр хэлбэл, бид эрх чөлөөний хязгааргүй далайд оршиж үл болно. Бид төрийн албан хааг¬ чид учраас хууль, дүрэм журмаа баримтална. Аливаа зүйл хэмжээ, хязгаартай байх ёстой. Ахмад буурлууд маань энэ театрыг бүрэн бүтэн, өндөр ёс суртахуунтайгаар бидэнд өвлүүлэн үлдээсэн. Тиймээс уламжлалт театрынхаа дэг сургуулийг алдахгүй байх нь энэ театрын оршихуйн гол үндэс нь. Манай театрт дотоод, гадаад хяналт гэж бий. Энэ хоёр шалгуур үзүүлэлт нь бусад театраас ялгарах ондоошил, үнэт зүйл. Наанадаж бид уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээс өмнө маш олон даваа давдаг. Өдгөө ч энэ шаардлага хэвээрээ. Мэргэжлийн стандарт шаардлагаа хангахгүй бол эскиз, макетыг нь дахин хийлгэнэ, эсвэл буцаадаг гэх мэт. Эдгээр нь мэргэжлийн театрт зайлшгүй байх ёстой чанар, стандарт шаардлага. Тиймээс үүгээрээ бусад театраас ялгарах онцлогтой. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд зарим жү¬ жигчнийг солих, жүжгийг цуцлах зэрэг арга хэмжээ авдаг гэсэн үг. Эскиз, макетаа найруулагч, уран сайхны зөвлөлөөр батлуулсны дараа үйлдвэрлэлтэд оруулах эрхийг нь өгдөг. Тэгэхээр эхний даваа хамгийн чухал нь. Шалгуур үзүүлэлтээ давж чадалгүй буцсан тохиолдол цөөнгүй.
-Нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй уран бүтээлчид өөрсдөө үлгэр жишээ байх ёстой. Гэтэл УДЭТ-ынхан нэг хүний явцуу эрх ашигт бүхнийг нийцүүлэх гэж оролддог, тэдэнд менежментийн өөрчлөлт хэрэгтэй гэж салбарынхан нь хэлэх боллоо. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг бол?
-Дээр дурдсанчлан бид бусад театртай хамтран ажиллаж байгаа нь менежментийн бас нэгэн өөрчлөлт юм. 94 жилийн түүхт энэхүү театрыг нэг хүнийх гэх нь хэт өрөөсгөл ойлголт. Энд ажилладаг 120 гаруй хүний хүч хөдөлмөрөөр нэг уран бүтээл бий болж, театр оршин тогтнодог юм. Театрт хүмүүс орж, гарч, сурч, боловсордог. Өөрийгөө олсон, бүтээсэн гэж үзээд эрх чөлөөгөө хайж, чөлөөт уран бүтээлч болох нь ч бий. Үүнийг бид үгүйсгэхгүй. 94 жилийн түүхэнд ажиллаж байгаад гарсан хү- мүүсийг тоолбол маш олон. Гэхдээ босгоор нь алхсан хүн бүрт театр өгөөжөө өгч, сурган хү¬ мүүжүүлж, ур чадварыг нь нээн үзэгчдэд таниулах төдийгүй хүн байх суурь өгөгдлийг нь өгсөн гэж боддог. 11 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийн гишүүд энэ театрын шийдвэр, бодлогыг боловсруулдаг. Нөгөө талаас Уран сайхны зөвлөл хэмээх гаднын экспертүүд ч бий. Тэгэхээр үүнийг зөвхөн нэг хүний эрх ашгийн төлөө гэж харах нь тухайн хүний л байр суурь, ертөнцийг үзэх үзэл гэж хэлнэ. Театр тойрсон хэл, ам хэзээд л байдаг. Магадгүй иймдээ ч бид илүү хариуцлагатай болдог байх.
-Ямар шалтгааны улмаас зөрчил үүссэнийг тайлбарлаж болох уу?
-Би аливаа зүйлийг бодит үнэн, баримтад тулгуурлаж ярьдаг. Жишээлбэл, М.Батболд найруулагч саяхан өгсөн ярилцлагадаа УДЭТынхан өөрийг нь хавчиж, уран бүтээл хийх боломж олгоогүй мэтээр ярьсанд уран сайхны удирдагчийн хувьд их гайхлаа. Тэрбээр хоёр удаа театрт орж, хоёронтоо өөрийн хүсэлтээр, өргөдлөө өгч ажлаасаа гарсан. Франсис Веберийн “Тэнэгүүдийн оройн зоог” хэмээх уран бүтээлийг надаас өмнө уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Ч.Найдандорж найруулагч “Театрын урын сангийн бодлогоор төлөвлөгөөт уран бүтээлээр батлагдсан учраас үүнийг найруул” гээд жүжгийн зохиолыг 2024 оны тавдугаар сард түүнд хүлээлгэн өгсөн байдаг. М.Батболд найруулагч ч зөвшөөрч ажиллахаар болсон юм билээ. Найруулагчид эрх чөлөөг нь олгож, уран сайхны зөвлөлөөр эскиз, макетаа батлуулаарай гэж уран сайхны удирдагч олон удаа хэлжээ. Ингэж явсаар 2024 оны арваннэгдүгээр сар буюу жүжиг нээхэд ганцхан сар үлдчихсэн байхад “Би энэ жүжигт ажиллаж чадахгүй. “Орфэй” театрын ажлаа хийх хэрэгтэй” гээд театраас гарсан. Үнэн түүх бол энэ. Театрын найруулагч уран бүтээлээс гадна маш олон ажил зэрэг амжуулах шаардлагатай болдог. Бид төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүс шүү дээ. Энд ажиллаж байгаа бүх хүн өөрийн гэсэн үүрэгтэй. Хэн, юу хийх ёстой талаар албан тушаалын тодорхойлолтод нь тусгасан байгаа. Түүнээс биш дуртай үедээ хийж, дургүйгээ хүрэхээр орхиод явж болохгүй. Зөвхөн нэг хүний үзэл санааны зөрчлөөс үүдэн бүхэл бүтэн байгууллага, энд ажилладаг 120 хүн, УДЭТ-ын түүхийг бүтээлцсэн ахмадуудыг харлуулах ёсгүй.
-Тухайн уран бүтээлд тоглох жүжигчдийг ямар шалгуураар хэрхэн сонгодог юм бэ?
-Жүжигчдийг найруулагч сонгодог. Өөрөөр хэлбэл, найруулагч илэрхийлэхийг хүссэн санаа, эмзэглэлээ бүрэн төгс гаргахын тулд ямар жүжигчдийн баг бүрдүүлж, хэнийг сонгох нь түүний шийдвэр. Нөгөө талаас найруулагч бүрийн арга барил, онцлог өөр. Энэ жүжигчинтэй ажиллаж, ур чадварыг нь нэмэгдүүлье гээд дүр оноох нь ч бий. Жишээлбэл, “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийн дүрүүдийг найруулагч сонгосон. Харин өнгөрсөн аравдугаар сард нээсэн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн дүрийг сонгохдоо шалгаруулалт явуулж байв. Улмаар найруулагчдын зөвлөл үнэлж, дүгнэсний эцэст жүжигчин Б.Шинэбаярыг сонгосон. Тэгэхээр тухайн уран бүтээл болон найруулагчаас шалтгаалаад дүрийн сонгон шалгаруулалт өөр байж болно гэсэн үг. УДЭТ-т зөрчиж болох, болохгүйн хязгаар гэж бий
-Гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтран ажиллах, олон улсын тавцанд Монголоо сурталчлахаар ямар шинэчлэл, өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бол?
-Олон улсын тавцанд Монголын театрыг сурталчлах нь бидний эн тэргүүний зорилт юм. Гэхдээ үүнээс урьтан дэлхийн хэмжээнд бид хаана яваагаа мэдэх нь чухал. Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулах “МИТЕМ” олон улсын театрын фестивалийг “Тэнгэрийн хүү” жүжгээр энэ сарын 25-нд нээхээр болсон нь монголчуудын хувьд нэр төрийн хэрэг. “Тэнгэрийн хүү” нь зохиомол бус, археологийн судалгаанд суурилсан Монголын түүхийг харуулсан жүжиг. Бид уг фестивальд оролцсоноор Монголын театрын урлаг, жүжигчдийн ур чадвар хаана явааг олж харах боломжтой. Ер нь дэлхийн стандартад нийцсэн уран бүтээл үзэгчдэд хүргэхийн тулд урт хугацааны сургалтуудыг авч, бага багаар жүжигчдээ бэлтгэх нь чухал. Тиймээс театрын фестивалиудад багадаа хоёр жилд нэг удаа оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төрийн байгууллага учраас олон хүнтэй баг бүрэлдэхүүн тэр бүр гадаадын орнууд руу явах боломжгүй. Санхүүгийн хувьд хүнд асуудал шүү дээ.
-УДЭТ-ын тайзнаа монгол уран бүтээлүүдийг шинэчлэн тавих нөхцөл боломж хэр байдаг вэ?
-Бид үндэсний жүжгийн зохиолч нарын дунд “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-ыг түүхэн, орчин үеийн, хөгжимт, хүүхдийн зэрэг төрөлд зарладаг. Эхний байрт шалгарсан жүжгийг УДЭТ-ын болон орон нутгийн театруудын тайзнаа санал болгохоор удирдамжаа дээд шатны байгууллагадаа танилцуулчихсан. Өдгөө батлагдахыг нь хүлээж байна. Бид хууч¬ ны сайхан бүтээлүүдээ сэргээж, дахин олны хүртээл болгох ёстой. Шинэ бүтээл хийж, хууч¬ наа хав дарах, эсвэл уран бүтээлийн эргэлтэд оруулахгүй орхих учиргүй. Хэрэв олны хүртээл болгохгүй удчихвал жүжигчид нь тоглолтоо мартаж, найруулагчийн тавилт бага багаар идэгддэг юм. Энэ утгаараа “Шинэ замд-2025” сургалтын үеэр орон нутгийн театр, чуулгуудыг жилд хоёр удаа УДЭТ-ын тайзнаа үндэсний зохиолчийн бүтээлийг үзэгчдэд хүргэхэд нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ хүрээнд Завхан аймгийн Хөгжимт драмын театрынхан ирэх тавдугаар сард өөрсдийн бүтээлээ манай тайзнаа толилуулахаар болсон юм.
-Та хүүхдийн жүжгийн арвин туршлагатай хүн. Ойрын хугацаанд тоглох жүжиг бий юү?
-“Хөх шувуу” хэмээх дэлхийн сонгодог зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулгаар УДЭТ-ынхан ирэх намар үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна. Үүнийг бид гэр бүлийн жүжиг гэж тодорхойлсон. Зөвхөн хүүхэд бус, гэр бүлээрээ ирж, аав, ээжтэйгээ жүжгээ үзэж, дүн шинжилгээ хийн, хамтдаа ярилцаасай гэж хүсэж байгаа юм. Манайхан хүүхдүүдээ жүжиг үзүүлнэ гээд ганцааранг нь орхичхоод өөрсдөө гадна нь үлд¬ чихдэг. Аав, ээж нь жүжиг үзээгүй бол хүүхэд гарч ирээд гоё, эсвэл муухай байсан гэдгээс хэтрэхгүй шүү дээ. Ирээдүйд урлаг ойлгодог үзэгчдийг бэлтгэхийн тулд багаас нь энэ дадалд хэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс 3-4 жилд нэг удаа хүүхдийн уран бүтээл хийж, үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байна.
-Таны хувьд Монголын театрын урлагийн хөгжил өнөөдөр ямар түвшинд явна вэ?
-Монголын театрын урлагийн суурь маш сайн тавигдсан гэж хэлнэ. Харин сул тал нь бидэнд мэргэжлийн шүүмжлэгч, судлаачид алга. Номын дууг нь сонссон, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, судлаачийн байр сууринаас шүүмжлэх хүн маш цөөн. Тоолбол гарын таван хуруунд багтахаар. Уг нь шүүмжлэгч нар биднийг чиглүүлэх луужин болох ёстой. Болно, болохгүйн зааг хязгаарыг ойлгуулдаг хүн нь судлаач, шүүмжлэгч нар. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь хүссэнээрээ ярьж, шүүмжлэх нь түгээмэл болжээ.
У.Цэцэгсүрэн