Шинжлэх ухаан, одон оронд шимтэгсэд Сансар судлалын өдрийг тохиолдуулан Олон улсын сансрын станцад ажиллаж буй ОХУ-ын сансрын нисэгч Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нартай “Аист глобал” телевизийн шууд эфирээр холбогдлоо.
Өнгөрсөн бямба гарагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд ирсэн хүн бүр ОХУ-ын сансрын нисэгчидтэй ярилцаж, сансарт гарсан мэт мэдрэмж авсан юм. Энэ үеэр тус телевизийн хөтлөгч Батодалай Багдаев нийслэлийн иргэдээс “Хүн анх хэдэн онд сансарт ниссэн бэ, “Монголын анхны сансрын нисгэгч хэн бэ”, “Та Владимир Жанебековтой адилхан инээж чадах уу” зэрэг хөгжилтэй асуулт, хариултын нэвтрүүлэг урьдчилан бэлтгэснээ үзүүллээ. Мөн сансрын эрин үеийн түүхийг бүтээлцсэн хүмүүсийг дурсан “Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг МОНЦАМЭ агентлагийнхан сурвалжилсан нь” хэмээх үзэсгэлэн дэлгэжээ. Тэндээс бяцхан үзэгчид сансрын түүхийг тольдож, хоорондоо мэтгэлцэж, зургаа авхуулав. Үүнээс гадна сансрын хөлөг доторх зургуудыг дэлгэж, орос, монгол хэлээр тайлбарласан нь гадаад, дотоодын үзэгчдэд илүү ойлгомжтой байсан юм. Түүнчлэн энэхүү арга хэмжээний онцлох зочдын нэг нь БНМАУ, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа байлаа. Эл төвд ирсэн хүүхэд багачууд сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн гарын үсгийг авч, хамт зургаа авхуулсандаа сэтгэгдэл өндөр байв. Тэрбээр “Өнөөдөр бол Монголын төдийгүй дэлхийн түүхэнд онцгой өдөр гэж бодож байна. Дэлхий орчмын тойрог замд ажиллаж буй сансрын нисэгчидтэй шууд холбогдох нь тэр бүр тохиохгүй ховор үйл явдал. Тиймээс үүнийг зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлэх нь зүйтэй. Өнөөдөр хүүхэд багачууд өндөр сэтгэгдэлтэй гэртээ харих байх. Эндээс ирээдүйн олон сансрын нисэгч төрнө гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг зорин ирсэн хүмүүс сансрын DJ шоу үзэж, сонирхолтой олон хөтөлбөрт хамрагдан, сансар огторгуйн ертөнцөөр нэг өдөр аялсан нь энэ юм.
Энэхүү арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Роскосмос, Буриад улсын Засгийн газар, “Аист глобал” телевизхамтран зохион байгуулжээ.
У.Цэцэг