АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо болж буй “Авлигын эсрэг түншлэл” дэлхийн форумд оролцож байна. “Авлигатай тэмцэх дэлхийн хөгжлийн хөтөлбөр” (AC4D) болон “Олон улсын авлигын эсрэг ангуучдын холбоо” (ICHA)-ноос хамтран зохион байгуулж буй форумд авлигатай тэмцэх, шударга ёсыг сахиулах чиглэлээр амжилттай ажиллаж буй улс орны Засгийн газар, авлигатай тэмцэх байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн хөтөлбөрийн 300 гаруй удирдагч, төлөөлөгчийг урьж оролцуулсан аж.
Энэ үеэр АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Дэлхийн банкны Шударга байдлын дэд ерөнхийлөгчийн Мөрдөн байцаах албаны менежер Самуэл Бвана, Зүүн Ази, Номхон далайн бүсийн багийн ахлагч Жиан Пиеро Антоназо й албан ёсны уулзалт хийсэн юм. Манай АТГ болон Дэлхийн банкны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах, хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянан шалгах, үндэслэлгүй хөрөнгөжихтэй тэмцэх чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирснийг хоёр тал сайшаан дүгнэжээ.
Самуэл Бвана Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нарын мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж, цаашид үндэстэн дамнасан авлига, санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах албан хаагчдыг мэргэшүүлэх, харилцан туршлага судлах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.