Манай улс Донорын тухай хуулиа хоёр удаа шинэчлэн найруулж, хэдэнтээ нэмэлт “засвар” хийгээд ч тусыг эс олов. Эцэс сүүлдээ эмч нар нь “эрхтний наймаачид” болж хувиран, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ доголдоод удлаа. Тэр дундаа амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал донор олдохгүйн улмаас зогсчихсон. Харин эрх баригчид ниргэсэн хойно нь л хөдлөх шив.
Донорын тухай хуультай болсноос хойш өдгөө 25 жил өнгөрчээ. Харамсалтай нь, эл хугацаанд эмч нараа ч, үйлчлүүлэгчдээ ч аль алиныг нь төдийлөн хамгаалж чадсангүй. Уг нь хуульд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ болон амьд, амьгүй донорын үйл ажиллагааг зохицуулах зүйл, заалтуудыг нарийн тусгаж оруулах, олон нийтэд энэ тухайгаа ойлгуулж таниулах хангалттай хугацаа байлаа.
Гэвч манай “дүлий” дарга нар эмч нараа Эрүүгийн хуулиар яллуулж байж л сая нэг ухаан оров бололтой. Учир юу гэвэл Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 31-нд УИХ-д өргөн барив. Хэрэв хуулийн төслийг баталчихвал манай улс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулсан, бие даасан хуультай болох юм.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг таван бүлэг 26 зүйлтэйгээр боловсруулжээ.
Монгол Улс 2000 онд Донорын тухай хуулиа анх баталж, эхэндээ зөвхөн цусны донорын үйл ажиллагааг зохицуулж байж. Өнгөрсөн хугацаанд хуулийг шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлтүүд оруулах явцдаа эрхтний донор, шилжүүлэн суулгах эмчилгээтэй холбоотой заалтуудыг нэмсэн байна. Харин энэ удаад эрхтэн, цусны донорын эрх зүйн байдлыг “салгаж”, тус бүрд нь хуулийн төсөл боловсрууланөргөн мэдүүлж. Өөрөөр хэлбэл, манайх эрхтнийхээс гадна цусны донорын бие даасан хуультай болох гэж буй гэнэ. Эдгээр хуулийн төслөөс олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь мэдээж эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай юм.
Дэлхий дахинд өдгөө үүдэл эсийг эд, эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, элэг, бөөрөөр хязгаарлагдахгүйгээр олон эрхтэн, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг шинэ арга, технологиуд нэвтэрсээр байна. Манай эрүүл мэндийн салба рынхан ч уг оргил эмчилгээнүүдийг эхнээс нь нутагшуулсан. Харин хууль, эрх зүйн орчин нь хангалттай бүрдээгүйгээс эмчилгээний хүртээмж одоо хэр нь нэмэгдэхгүй, донор эрхтэн хүлээ сэн хүмүүсээр эмнэлгүүд дүүрчхээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын өргөн барьсан дээрх хуулийн төслийг өнөөгийн үүсээд буй нөхцөл байдлыг засан сайжруулахуйц, эмч, үйлчлүүлэгчээ хамгаалсан, эмчилгээ, үйлчилгээгээ тэлэхүйц нарийн зохицуулалттайгаар боловсруулж чадсан болов уу. Тэд хэлэхдээ “Дэлхийн 93 улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Үүнээс 90 орон уг эмчилгээг зохицуулсан бие даасан хууль тогтоомжтой. Манай Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг баталснаар эрх зүйн орчин нь өмнөхөөсөө улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргуудыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авдаг болох юм. Тэр дундаа амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалтууд ойлгомжтой, тодорхой болж, хүртээмж сайжирна” гэсэн юм. Эрх баригчид энэ мэт ерөнхий зүйл л ярьсаар буй.
Хуулийн төсөлд яг ямар өөрчлөлт оруулж, шинэчлэл хийснийг, одоо мөрдөж буй зүйл, заалтуудаа сайжруулж чадсан, эсэхийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулгаас тодруулсан юм. “Донорын тухай хуулийганх батлахдаа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээтэй холбоотой зүйл, заалт оруулаагүй. Тухайн үед иргэд ч донор гэхээр цусныхаар л төсөөлж, ярьдаг байсан нь энэ чиглэлийн сурталчилгаа, нөлөөллийн ажлууд сайн хийгдсэн учраас тэр. Уг нь 1996 онд Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдсан шүү дээ. Анхны мэс заслаа үүнээс 10 жилийн дараа хийсэн. Анагаах ухааны хөгжлийн явцад манайхны элэг, ясны чөмөг, үе, шөрмөс, нүдний эвэрлэг гэхчлэн эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо, төрөл нь нэмэгдсэн. Үүний дагуу хуульд эрхтэн шилжүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудыг үе шаттай оруулсан. Гэвч энэ нь хангалттай хэмжээнд байгаагүй. Харин хамгийн сүүлд буюу 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа амьд, амьгүй донорын эс, эд, эрхтэн, тээгч эх, цусны, бэлгийн эсийн донорын эгнээг өргөтгөхөд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг илүүтэй тусгасан. Ялангуяа амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тухай нэмэлт өөрчлөлтүүд нэлээд оруулсан. Уг хуулийн дагуу Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд байгуулсан юм. Энэхүү алба нь амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх үүрэгтэйгээр ажиллаж ирсэн. Гэхдээ хуулийг хэрэглэх явцад үүссэн янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалж, шинэчлэх шаардлага үүссэн тул бид хуулийн төслийг боловсруулсан. Одоо мөрдөж буй хуулиар цусны, амьд, амьгүй донорын үйл ажиллагааг зохицуулдаг. Тухайлбал, амьд донор элэгнийхээ 60 хувийг, хоёр бөөрнийхөө нэгийг өвчтөнд хандивлах заалттай. Энэ тохиолдолд донорт эрүүл мэндийн болоод цаашлаад амь насанд нь ч эрсдэлтэй. Мэдээж эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэж буй учраас хөдөлмө рийн чад вараа түр алддаг. Тиймээс амьд донорыг алдар шуулах, иргэд, олон нийтэд таниулан сурталчлахыг ДЭМБ-аас ч татгалзах болсон. Цусны болон эрхтний донорын зүйл, заалтууд хоорондоо энэ мэт зөрчилдөж эхэлсэн учраас бусад улс орны эрхтэн шилжүүлэх тухай бие даасан хууль тогтоомжуудыг судалж, дээрх шийдвэрт хүрсэн” гэлээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн уг нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг 3-4 жилийн өмнө боловсруулж, өмнөх парламентад өргөн мэдүүлж, хэлэлцүүлгүүдээ ч олныг хамруулан өрнүүлсэн юм байна. Гэвч засаг, төр солигдож, хуулийн төсөл нь буцаагджээ. Ингээд дахин шинэчлэн боловсруулаад байгаа нь энэ аж. Тус хуулийн төсөл нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээтэй холбоотой үйл ажиллагааг өргөн хүрээнд зохицуулснаараа өмнөхөөсөө давуу талтай болсон гэв. Жишээ нь, амьгүй буюу тархины үхэлтэй донорын эгнээг нэмэгдүүлэх, олон нийтэд зөвөөр ойлгуулж, таниулан сурталчлах, оршуулгын тэтгэмжийг төвөг чирэгдэлгүй шийдэх зэрэг зүйл, заалтыг нэмж тусгасан байна.
Амьгүй донорын оршуулгын тэтгэмжтэй холбоотой асуудал олон нийтийн шүүмжлэлийг хамгийн их дагуулдаг. Тиймээс дээрх хуулийн төсөлд кадавр донорыг даатгуулагч байх, үгүйгээс үл хамааран оршуулгын зардал (дунджаар 7-8 сая төгрөг байдаг гэж тооцжээ)-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, ар гэрийнхэнд нь олгох заалт оруулжээ. Ингэхдээ эрүүл мэндийн байгууллага болон донорын ар гэрийнхэн ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө өгч, авалцах харилцаанд орохгүй байхаар зохицуулсан гэнэ. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, элэг, бөөрнөөс гадна шилжүүлэн суулгах боломжтой бусад эд, эрхтний донорын асуудлыг ч тодорхой зааж өгсөн аж.
Түүнчлэн амьгүй донорын ар гэрийнхэнд мэдэгдэхгүйгээр, зөвшөөрлийн хуудсанд бичигддэггүй гэх үе, шөрмөс, бэхэлгээ яс зэргийг цогцоор нь авч, өвчтөнд шилжүүлэн суулгадаг үйл ажиллагааг ч хуулийн төсөлд нарийвчлан тусгаж байгааг Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга хэлсэн юм. Тэрбээр “Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахдаа бөөрийг шээлгүүртэй нь, элгийг цөсний хүүдий, гол судаснуудын хамт, шөрмөсийг ясны эдтэй нь гэхчлэн авдаг. Шөрмөс шилжүүлэх тохиолдолд бэхэлгээ ясны хэсгүүдийг нь мэс заслаар давхар тайрч авахгүй л бол тухайн эд тэжээгчгүй болж, шууд үхэждэг. Тиймээс хуулийн төсөлд эдгээрийг нарийвчлан зааж, зөвшөөрлийн хуудсанд ч давхар бичигдэхээр болгосон юм. Одоо бол амьгүй донорын ар гэрийн гурван гишүүнээр зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулж буй. Цаашид янз бүрийн асуудал үүсэхээс сэргийлэн, гарын үсэг зурах хүний тоог нэмж хуульч, өмгөөлөгч давхар байлцуулан, тухайн агшныг дүрс бичлэгээр баримтжуулж, хадгалах зэрэг зохицуулалт оруулсан. Энэ нь нөгөө талаас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хамгаалж буй хэлбэр юм. Өнгөрсөн хугацаанд Донорын тухай хуулийг шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулахдаа дандаа л иргэд олон нийт, өвчтөн, донорын төлөөх зүйл, заалтуудыг чухалчилж ирсэн. Энэ удаагийн хуулийн төсөлд ч ялгаагүй эмч нараа хамгаалахуйц эрх зүйн тодорхой заалт байхгүй. Удахгүй хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна, энэ дагуу ажлын хэсэг ч байгуулагдах байх. Тэр хэрээр төслийг илүү боловсронгуй болгох нь гарцаагүй. Мөн одоогийн хуульд өвчтөнд амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах тохиолдолд зөвхөн гэр бүлийн гишүүдээс нь эрхтэн авахыг зөвшөөрдөг. Хэдий гэр бүл ч гэлээ эд, эсийн тохироо нь бүрдэхгүйгээс тухайн үйлчлүүлэгч ар гэрийнхнээ донор болгох боломжгүйд хүрч, арга мухарддаг. Тиймээс бид хуулийн төсөлд амьд донорын эгнээг өргөтгөх үүднээс тухайн өвчтөн гэр бүлийнхнээ, цаашлаад ах, дүү, хамаатан садан, хүргэн, бэрээ ч донор болгох боломжийг бүрдүүлж байна. Тархины үхэл тодорхойлох багийн бүрэлдэхүүнд бол өөрчлөлт орохгүй. Тархины үхлийг MNS4621:2008 стандартаар, Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан багийнхан холбогдох журмын дагуу тодорхойлдог” гэж ярилаа.