Улаанбаатар хотын нийт 440 мянган га газар нутгийн 71 хувь нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчилж, эзэмшиж, ашиглаж буй талбай, 29 хувь нь нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглагдаж байна. Улаанбаатар хотын нийт 414 мянган өрхийн 50,2 хувь нь гэр хорооллын өрх бөгөөд үүнээс зөвхөн 1,9 хувь нь мод зүлэгжүүлэлт хийсэн байдаг.
Энэ нь хязгаардмал хэрэгцээний ногоон байгууламж гэж нэрлэгддэг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын эзэмшил газар дээрх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
Иймд гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн намрын тариалалтыг хотын хэмжээнд 10 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлсэн бөгөөд 15-ны өдрийг хүртэлх хугацаанд "Хашаандаа амь нэмье" аяныг өрнүүлэн гэр хорооллын 14 356 өрхөд 58 890 ширхэг мод суулгана. Ер нь энэ удаад хотын хэмжээнд нийт 172,725 ширхэг мод тарих юм.