“Ханжоу-2022” Азийн XIX наадам хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Тус наадамд 45 үндэсний олимпын хорооны баг тамирчид спортын 61 төрөлд ур чадвараа сорих юм. Манайхаас спортын 36 төрөлд 400 тамирчин, 200 дасгалжуулагч, албаны төлөөлөгч гээд нийт 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар Азийн наадамд оролцох тамирчдад өчигдөр амжилт хүслээ. Мөн Монгол Улсын Төрийн далбаа, МҮОХ-ны тугийг Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар болон багийн тугчдад гардуулав. Монголын багийн тугчаар 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Б.Ариунцэцэг, хөлбөмбөгийн тамирчин А.Дөлгөөн нарыг сонгосон байна. Ёслолын үеэр Ханжоуг зорих тамирчдад БНХАУ-д ашиглаж болох олон улсын “UnionPay сlassic” картыг гардуулсан.