Дэлхийн хүн амын 17 хувь буюу нэг тэрбум 35 сая хүн англи хэлээр ярьж, бичиж байна. 2050 онд энэ тоо хоёр тэрбумд хүрнэ гэсэн судалгаа гарчээ. Бизнес, шинжлэх ухаан, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ гээд бүхий л салбарт харилцаа холбоо үүсгэж, ойлголцох гүүр нь яалт ч үгүй англи хэл болов. Бидний амьдралд ч энэ нь илт мэдэгдэж буй билээ. Интернэтээс хэрэгтэй мэдээллээ хайхаас эхлээд дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах, дуртай киногоо үзэж, дуу сонсох зэргээр англи хэлийг ашиглах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Цаашид ч өсөх хандлагатай нь дээр дурдсан тооноос харагдаж буй. Робинзон Крузо шиг арал дээр ганцаар үлдсэн ч англи хэл хэрэг болж мэдэх энэ эринд бидний ирээдүй болсон сурагчид үүнийг хэрхэн сурч, ашиглаж байна вэ. Ялангуяа сурагчдад англи хэлний хичээлийг хэрхэн заадаг талаар сонирхлоо.
Манайд төрийн өмчит ерөнхий боловсролын сургуульд сурдаг 650 гаруй мянган хүүхэд бий. Тэдний нэг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Амартүвшин “Англи хэлний хичээлээр багш ихэнхдээ дүрэм л заадаг. Хааяа л сонсох хичээл орно. Сурах бичиг харьцангуй хүрэлцээтэй. Бичих, ярих, унших хичээлүүдийг тусгайлан ордоггүй. Ихэнхдээ дүрэм зааж, тест бөглүүлдэг юм. Манай сургуульд хэлний клубүүд байдаггүй. Хэрэв англиар ярилцаж, хүнтэй ойлголцох шаардлага гарвал манай ангид ярьж чадах хүүхэд бараг байхгүй” гэв. Төрийн өмчит сургуульд англи хэлний хичээл уг нь тавдугаар ангиас эхэлж ордог. 10 дугаар ангид суралцаж байгаа хүүхэд таван жил англи хэл заалгасан гэсэн үг. Гэвч дээрх хүүгийн ярьснаар дүрэм сурч, тест бөглөж сууснаар хэлээ хэрэглээ болгож чадахгүй л байна. Шалгалт өгөхдөө өндөр оноо авчихдаг хэрнээ гадаадын иргэнд өөрийгөө танилцуулж чадахгүй байх нь төрийн өмчит ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхдүүдийн дундах түгээмэл бэрхшээл. Харин англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургуулиудад огт өөр. Жишээ нь, Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийн дагуу хичээл, сургалтаа явуулдаг “Орчлон” сургууль англи хэлийг нэгдүгээр ангид нь есөн цаг, 2-5 дугаар ангид 10 цаг заадаг аж. Тус сургуулийн 2021 оны төгсөгч, МУИС-ийн оюутан С.Булгантамир “Ахлах сургуульд англи хэлний хичээл долоо хоногт 16 цаг ордог байсан. Манай ангийн 30 сурагчийг хоёр хэсэгт хувааж, гадаад багш нар хичээл заадаг. Сургуульд ярианы клуб хичээллэхээс гадна англиар жүжиг бэлдэж, тоглох гэх мэтээр өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой. Англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшээд төгсдөг. Манай ангиас дөрвөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад англи хэлний хичээлээр 800 оноо авсан. Одоо олонх нь гадаадад суралцдаг. Би удахгүй Австрали руу сурахаар явах гэж байгаа” гэлээ. Үргэлжлүүлэн бид төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль төгссөн сурагчдын хэлний мэдлэг ямар түвшинд байдгийг сонирхлоо.
СЭЗИС-ийн оюутан Б.Ундармаа “Би англи хэлний ахисан дунд шатны мэдлэгтэй. Орон нутагт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Хэлний мэдлэгээ улам сайжруулаад, сургуулиа төгссөнийхөө дараа Америкт суралцах зорилготой. Англи хэлний хичээлийг тавдугаар ангиасаа заалгасан. Гэхдээ тухайн үедээ тийм ч сайн сураагүй. Багш хичээлийн 40 минутад самбараар дүүрэн үг, дүрэм биччихдэг. Тэрийг нь хуулж дуусаад л хичээл завсарлачихдаг байлаа. Шалгалтад нөгөө хуулж байсан дүрэм, үгнээс нь л орж ирдэг. Энэ мэт нэгэн хэвийн, уйтгартай аргаар хичээлээ заадаг байснаас хэлний мэдлэг огт дээшлээгүй. Долоо, наймдугаар ангидаа тэр нөхцөл байдлаасаа салах хэрэгтэйг ойлгосон л доо. Англи хэл сурахын тулд уншиж, хуулж бичихээс гадна сонсох, ярих, бичих, хамгийн гол нь хэрэглээ болгоход анхаарч эхэлсэн. Мөнгө цуглуулж ном авах, интернэтээс үнэгүй хичээлүүд үзэх зэргээр хэл сурахаа зорилго гэхээсээ илүүтэй хобби болгосон. Удалгүй манай сургуульд Америкаас сайн дурын багш ирснээр түүнтэй ярилцаж, маш их зүйл сурч билээ. Мэдлэгийн түвшин минь ч илт сайжирсан. Одоо ингээд бодоход хэдхэн сарын дотор сургалтад суугаад эзэмшчих мэдлэгийг олон жил заалгасан байна лээ. Хүүхдүүдийг харж байхад сурах хүсэлтэй ч хэлний түвшнээрээ хоцрогдсоноос болоод “Хаанаас эхлэхээ мэдэхгүй нь” гээд яваад л байдаг” гэв.
Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний хичээлийн хөтөлбөрийг 12 дугаар анги төгсөхдөө B2 түвшний мэдлэгийг сурагчид эзэмшсэн байх хэмжээнд боловсруулсан аж. B2 буюу ахисан дунд шат нь англи хэлээр чөлөөтэй ярьж, бичиж, уншиж чадах түвшин юм. Бодит байдалд улсын сургууль төгсөж буй хүүхэд энэ хэмжээнд суралцаж төгсдөг, эсэхийг ерөнхий боловсролын сургуулийн багш нараас асуухад “Өөрөө хичээл зүтгэлтэй хүүхэд энэ түвшинд хүрдэг. Гэхдээ тийм хүүхэд цөөн. Харин хөтөлбөрийн дагуу л суралцаж байгаа хүүхэд хамгийн дээд тал нь B1 түвшинд л хүрдэг” гэсэн юм. Ерөнхий боловсролын сургуулийг жил бүр 30-40 мянган хүүхэд төгсдөг. Дээрх хүүхдүүд, багш нарын ярианаас харахад эдгээр сурагчдын цөөн хувь нь л англи хэлийг бүрэн эзэмшээд төгсдөг юм байна. Ер нь манайх олон улсад англи хэлний мэдлэгээрээ ямархуу түвшинд байдгийг судалж үзэв.
Швейцар улсад төвтэй EF боловсролын байгууллагаас гаргадаг, англи хэлээр ярьдаггүй улс орнуудын хэлний түвшнийг үнэлсэн индексээр 2021 оны байдлаар манай улс 83-т жагсжээ. 112 улсыг хамруулсан энэ судалгаанд Нидерланд тэргүүлсэн байна. Тус улс англи хэлний хичээлийг хүүхдүүдэд таван настайгаас нь эхэлж хоёрдогч хэлээр заадаг. Мөн англи хэл зааж буй багш нар нь бакалаврын зэрэг болон олон улсад багшлах эрхийг нь хүлээн зөвшөөрсөн TESOL/TEFL сертификаттай аж. Иймд тус улсын хүн амын 90 хувь нь англиар чөлөөтэй ярьдаг байна. Дээгүүр жагсаж буй улс орнуудад нийтлэг байгаа зүйл нь англи хэлийг харьцангуй бага наснаас нь мэдлэг, чадвартай багш нараар заалгадаг аж. Хэл сурч буй хүнд тэр тусмаа хүүхдэд хэн, яаж заах нь их чухал билээ. Тийм ч учраас дээрх улс орнууд багш нартаа өндөр шаардлага тавьж, мэдлэг, чадварт нь ихээхэн анхаардаг болов уу. Харин манайд ямар байдгийг сонирхлоо. Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн багш “Англи хэлний хичээлийн агуулга нь их учир цагтаа үзэж амждаггүй. Тиймээс хүүхдүүддээ үнэ төлбөргүй давтлага нэмэлтээр өгдөг. Мөн үзэж буй хэлээ хэрэглээ болгож, ашиглахад анхаарах үүднээс англиар ном унших, илтгэл, подкаст сонсох даалгавар өгч, түүнийгээ дараа нь шалгаж үнэлдэг. Англи хэлний ярианы клуб ч сургуульдаа хичээллүүлж байна. Ингэснээр хүүхдүүдийн сурах сонирхол нь нэмэгддэг. Сүүлийн үед гадаадын их, дээд сургуулиудаас тэтгэлэг авахын тулд сурагчид олон улсын шалгалтуудад бэлдэж, оролцдог болсон. Өмнөх үеүдтэй харьцуулахад хэлний төлбөртэй, төлбөргүй аппликэйшн ашиглах, онлайн сургалтуудад хамрагдах зэргээр суралцах боломж нь харьцангуй илүү” гэв. Мөн тэрбээр “Нэг анги олон сурагчтай тул тэднийг хувааж хичээллүүлэх нь үр дүнтэй. Гэвч танхимын хүрэлцээ муутайгаас хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаа л хувааж хичээллүүлдэг. Бусад сургуульд ч бас ийм бэрхшээл бий. Зарим нь сурагчдаа огт хуваахгүйгээр нэг ангийн 30-40 сурагчид хамтад нь хичээлээ заадаг юм билээ. Сурах бичгийн тухайд хүрэлцээ муутай. Сүүлийн жилүүдэд хичээлд хэрэглэж буй номууд интернэтэд файл хэлбэрээр тавигдсан. Түүнээс сурагчид харж хичээлээ хийдэг. Гэхдээ хүүхдүүд утаснаасаа ихэвчлэн ашигладаг болохоор хичээлдээ анхаарах нь багасаж, тоглоом тоглох, сошиал медиа ашиглах гэх мэт өөр зүйлд сатаараад байдаг” хэмээн нэмж хэллээ.
Эрэмбэ | Улс, бүс нутаг | Оноо |
4 | Сингапур | 635 |
18 | Филиппин | 592 |
28 | Малайз | 562 |
32 | Хонконг | 545 |
37 | БНСУ | 529 |
48 | Энэтхэг | 515 |
49 | БНХАУ | 513 |
57 | Макао | 504 |
62 | Непал | 492 |
63 | Пакистан | 491 |
65 | Бангладеш | 490 |
66 | Вьетнам | 486 |
78 | Япон | 468 |
80 | Индонез | 466 |
82 | Шри Ланка | 464 |
83 | Монгол | 461 |
87 | Афганистан | 448 |
EF боловсролын байгууллагаас гаргасан, англи хэлээр ярьдаггүй улс орнуудын хэлний түвшнийг үнэлсэн индекс (2021 он) Монгол Улс 112 орноос 83-т, тивдээ 16-д жагссан. Ази тивийн улс орнууд дээрх үзүүлэлтэд эрэмбэлэгдсэн жагсаалт
Манай улс багш нарынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд зориулж ямар арга хэмжээ авч буй талаар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн (БСҮХ)-ийн захирал М.Итгэлээс тодруулсан юм. Тэрбээр “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын мэдлэгийн түвшнийг оношлох, үнэлэх судалгааг өнгөрсөн зургадугаар сард цахимаар зохион байгуулсан. Цаашид багш нарыг чадавхжуулах, хөгжүүлэх, мэдлэгийн түвшнийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай сургалтууд явуулахаар төлөвлөж байна. Мөн БШУЯ, БСҮХ, Боловсролын ерөнхий газар, Улаанбаатар дахь Бритиш сургуулийн Англи хэлний тэнхимтэй хамтран нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний арван багшийг “Англи хэлний сургагч багш бэлтгэх түргэвчилсэн хөтөлбөр”-т хамрууллаа. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэл, орон нутгийн сургуулиудаас 70 багшийг чадавх жуулах энэ хөтөлбөрт хамруулахаар зорьж байна” гэв. Мөн БШУЯ-наас 2022-2023 онд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын 45 хувийг В2 түвшинд хүргэх, олон улсад хүлээн зөвшөөрсөн шалгалтыг нэвтрүүлж мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх системтэй болох, суралцагсдын англи хэлний мэдлэгийн түвшнийг ахиулах, мэргэшсэн сургагч багш нарын бүлэг бүхий англи хэлний сургалтын танхим байгуулахаар зорьж байгаа аж. Багш нарын мэдлэг, чадварыг сайжруулах ажлууд хэрэгжүүлж буй нь сайшаалтай. Өмнө нь ч хэрэгжүүлдэг л байсан. Гэвч бид тийм ч дорвитой өөрчлөгдөөгүй л байна. Энэ нь бидний уламжлал болсон заах арга зүйтэй холбоотой болов уу. Иймд олон улсад ямар жишгээр англи хэлний хичээлийг заадаг талаар сонирхсон юм.
“Be education center” сургалтын төвийн захирал, олон улсад англи хэл заах TESOL/TEFL зэрэгтэй багш Э.Болд-Эрдэнэ “Манай ерөнхий боловсролын сургуульд англи хэлний хичээлийн онолын мэдлэг л заагаад байдаг. Өөрөөр хэлбэл англи хэл гэж юу вэ гэдгийг л судладаг. Хүүхэд бүр хэлний багш, судлаач болохгүй учраас ийм байдлаар бус, хэрэглээний чадвар эзэмшүүлж заавал үр дүнтэй. Англи хэлийг сурч буй гол зорилго нь ярьж, бичиж, сонсож, унших. Гэвч тэр чадварт суралцахгүйгээр тойруугаар онол үзэж, тест бөглөх, үг нөхөх аргаар сураад байгаа. Жишээ нь, манай сургалтын төвд англи хэлний 26 цагийг нэгхэн цагийн дотор, цаашилбал, өдөртөө багтаад л заачихдаг. Орчуулах арга дээр тулгуурлаж хичээллэдэг. Эхний өдрөөсөө эхлээд орчуулга хийчихээр сарын дараа дахин дүрэм заах шаардлагагүй, мөн үгийн сан нь ч нэмэгддэг. Судалгаанаас харахад зарим оронд сурагчдадаа хэл заахдаа хэрэглээний түвшин рүү шилжүүлсэн байдаг юм билээ. Энэ нь эсээ бичүүлэх, ном уншуулах, орчуулга хийлгэх замаар хэлийг нь сайжруулдаг. Харин манайх онолын хүрээнд зааснаас үүдэн олон улсын жишгээс хоцорчихсон. Манайд 4-5 дугаар ангиас эхлээд дээрх системийг мөрдвөл сурагчид 12 дугаар анги төгсөхдөө IELTS-ийн хангалттай өндөр оноо авах хэмжээний мэдлэг эзэмшсэн байх бүрэн боломжтой. Зургаан настайгаас нь эхлээд дуртай хүүхэлдэйн киног нь үзүүлж, дуу хөгжим сонсгох байдлаар англи хэлтэй танилцуулсны дараа үндсэн хичээлүүдийг заах нь үр дүнтэй. Энэ насны хүүхдийн хэлний булчин нь бүрэн хөгжөөгүй байдаг. Иймд эх хэлтэй харьцуулах байдлаар хичээл заавал хүүхдүүдийн аялга их зөв суудаг” гэв. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд хэвшмэл байдлаар тогтсон, англи хэл заах, сургах арга нэгэнт хоцрогджээ. Үүний оронд гадаадын хүнтэй чөлөөтэй харилцаж, дуртай номоо уншиж, киногоо үзээд ойлгож чаддаг байх нь илүү чухал. Бид гадаад хэл сураад л байдаг, сураад л байдаг. Гэвч өдөр тутамд ашиглах хэмжээнд очих болоогүй л байгааг эргэж харах цаг болжээ.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал