Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдуулан Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам болон Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журмыг батлав. Үүгээр иргэн, хуулийн этгээдэд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа аж. Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тэдгээрийг ашиглан судалгаа хийх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй болгох, шинэ санал, санаачилга гаргана хэмээн тооцжээ.
Түүнчлэн Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар төрийн байгууллага нь нээлттэй мэдээлэл агуулсан сан үүсгэж, албан ёсны цахим хуудсанд байршуулж, нийтлэх, шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулах аж. Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах журмууд бэлэн болжээ