УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж, зам тээврийн ноцтой осол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр энэ сарын 18-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Ниссан тиана” загварын автомашин жолоодон, "тоёота приус-20" маркийн автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон юм. Улмаар түүний жолоодох эрхийг хасаж, торгууль ногдуулахаар болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдээс уучлалт хүсжээ. Тэрбээр "Би хариуцлагагүй үйлдэл хийж, зам, тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага, саад гэмтээсний төлбөр барагдуулж, жолоодох эрхээ хасуулан, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг нь төлсөн. Цагдаа, эмч, онцгой байдлын алба хаагчдад баярлалаа. Одоогоор бие жаахан муу учир эмчийн хяналтад байгаа. Дахин ийм үйлдэл хийхгүй" хэмээн мэдэгдлээ.