Үйлчилгээний газар болон албан байгууллага дотор амны хаалт зүүхийг Улсын онцгой комиссоос үүрэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан, амны хаалтгүй иргэдэд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулж, амны хаалтгүй иргэнд үйлчилж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
Гудамжинд амны хаалтгүй явж буй иргэн 50 мянган төгрөгөөр торгуулж буй атал зарим төрийн өндөр албан тушаалтан амны хаалтгүйгээр УОК болон Засгийн газрын хуралд оролцож байх юм. Тодруулбал, өчигдөр Хотын дарга Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар амны хаалт зүүхгүйгээр хуралд сууж байсан зураг цахим орчинд тархав. Тэдний эл хайхрамжгүй байдалтай сууж буй үйлдэлд иргэд ихэд бухимдаж, "нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна" хэмээн шүүмжилжээ. Иймд манай сайтын зүгээс эрх баригчдад хандан үлгэрлэлийг өөрсдөөсөө эхлүүлж, амны хаалтаа зүүхийг уриалж байна.