Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад Хэв журмын цагдаа 85, цагдаа-зохицуулагч 31, цагдаа жолооч 81, бусад инженер техникийн алба хаагч 16 хэрэгтэй байгаа аж. Тиймээс ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулахаар болжээ. Тодорхой хэлбэл, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах гэж буй. Өдөр, шөнийг ялгалгүй 24 цагаар хүнд хүчир ажил хийдэг, нөгөө талдаа олон нийтийг айх аюулгүй амар тайван амьдруулахад үйл ажиллагаа нь чиглэсэн цагдаагийн байгууллага ийн боловсон хүчнээр дутаж эхэлсэн бололтой. Цагдаагийн байгууллагад ажилд орохыг хүссэн залууст дараах шаардлагыг тавьж буй аж.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол Улсын иргэн байх,
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,
Тавигдах тусгай шаардлага:
- Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
- Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,
- Биеийн ил харагдах хэсэгт болон биеийн хэсгийн 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх,
- Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
- Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
- Автомашины засвар үйлчилгээ, оношилгоо хийх /цагдаа жолооч/,
- 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх /цагдаа жолооч/