
Цагтаа энх тайван, эрх чөлөө, аз жаргалын бэлгэ тэмдэг гэгдэж байсан тагтаа өнөө цагт ад үзэгдэв. “Тагтаа хөөрхөн, тагтаа номхон, дандаа олуулаа, дандаа тайван” хэмээн дуунд мөнхөрсөн шигээ байхаа больсон гэсэн үг. Энэ бүхэнд хүмүүс бид л буруутай. Буян хурааж байна гээд хөөрхий гэмгүй амьтдыг нисэж чадахгүй болтол нь хооллож, амьдрах чадваргүй, залхуу болгочихоод нүүрээ буруулчихлаа. Харин одоо тагтаа шувуу хүмүүсээс “хариу”- гаа авч байна. Тэд аль хэдийнэ хэдэн мянгаараа үржин, барилга, байшингийн хана таазанд “гэрээ” барьж, сангасаа хаа сайгүй тараан, хотын иргэдтэй хөл нийлүүлэн алхах болов.
ТАГТАА ХҮРТЭЛ ЗАЛХУУ, БЭЛЭНЧЛЭХ “СЭТГЭЛГЭЭ”-ТЭЙ БОЛЖЭЭ
Аливаа зүйл хэт олшрохоороо хор уршиг дагуулдаг нь байгалийн хууль. Метрополис гэгддэг сая гаруй хүнтэй хотод маань тагтаа сүрэглэн, хэдэн мянгаараа амьдарч байхад хүмүүс толгойгоо өвтгөхгүй байгаа нь гайхмаар. Учир нь энэ шувуу хотын өнгө үзэмжийг гундаагаад зогсохгүй соёлын үнэт өв, түүх дурсгал, сүм, дугануудыг гэмтээж, хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулж эхлээд байна. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач Б.Батбаяр “Тагтаа сүрэглэн амьдардаг. Нэг сүрэгт хэдэн зуу, мянгаараа байх нь бий.
Идэш тэжээл олдоцтой, сайн байвал жилийн турш өсөж, үрждэг. Өвөл үржил нь арай удаан. Сүүлийн хэдэн жил хүмүүс буян үйлдэх нэрийдлээр тагтааг гар дээрээс хооллон, тоо толгойг нь хэт олшруулсан. Хотод хэчнээн тагтаа байгаа нь ч тодорхойгүй. Жилд 7-8 удаа, нэгээс хоёр өндөг гаргадаг. Өндөг нь 18 хоногийн дараа ангаахай болж, 35- 37 хоногийн дараа бие даан нисдэг гэхээр маш хурдан үрждэг амьтан гэсэн үг. Байгалиасаа хоолоо олж иддэг тагтааг хүмүүс замбараагүй тэжээснээр маш олон сөрөг үр дагавар авчирч байна.
Аливаа гамшиг осол боллоо гэхэд нисэж, өөрсдийгөө хамгаалах ёстой амьтад өдгөө хүмүүс шиг зүгээр л алхаж “явна”. Олноороо машинд дайруулан үхэж, юунаас ч айж эмээхээ больчихжээ. Хоол тэжээл сайтай байгаа учир зан төрх нь ч өөрчлөгдөн, үржил нь хурдан явагдаж, хүнээр бол улам л залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Сангас, арьс, өдөнд нь хортой олон төрлийн бичил биет, нян, уураг агуулагддаг учраас нисэх төдийд л вирусүүд нь агаарт тархаж, хүмүүсийн ам, хамраар орон, өвчин эмгэг үүсгэдэг” гэж ярьсан юм.
НҮДНИЙ ӨВЧИН, АРЬСНЫ ХАРШИЛ, ХАНИАД ТОМУУ ҮҮСГЭЖ БАЙНА
Тагтааны далавчны урт 20-27 см, жин нь 200-650 гр татдаг. Хүмүүс ойролцоогоор 5-10 мянган жилийн өмнөөс тагтааг гаршуулан, шуудан харилцааны гол хэрэгслээ болгож байв. Харин эдүгээ хотод амьдардаг тагтааг дэлхий нийт хортны тоонд оруулан хооллохыг хориглоод байна. Тэгвэл манайд хоёр жилийн өмнө ийм шийдвэр гарсан. Гэхдээ нийслэлийн хэмжээнд биш, зөвхөн Баянгол дүүргийн XVI хороонд.
Учир нь тэнд “Гандантэгчэнлин” хийд байрладаг, тагтаа үй олноороо амьдардаг. 2014 оны аравдугаар сард тус хийд ард иргэдэд тагтаа хооллохгүй байхыг уриалан, нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Эрүүл мэндийн газар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвтэй хамтран, хөдөлгөөн өрнүүлсний дүнд XVI хорооны Засаг даргаар захирамж гаргуулж чадсан юм билээ. Байдал ямархуу байгааг сурвалжлахаар өнгөрсөн лхагва гаригт Ганданд очлоо.
Төв хаалганы гадаа эртний “найзууд” маань будаа тоншсон хэвээрээ угтав. Хаа сайгүй машины зам, барилгын дээвэр гээд тагтаагүй газар алга. 7-8 хүн “Будаа авах уу. Амьтан хооллож буян хураагаарай” гэсээр намайг бүчлээ. Үнийг нь асуутал жижиг ууттай (100-150 гр) нь 1000, арай том нь 2000 төгрөг гэв. 500 төгрөг байсан будааны үнэ ч нэмэгджээ. За тэр ч яах вэ, авахгүй гээд толгойгоо сэгсэртэл энд тэндээс барьж “идэх” нь. Харилцааны соёл ч гэж авах юм алга. Юун будаа авч, буян хураах манатай, хараалгаад л хоцорсон. Харин Гандангийн хашаан дотор будаа огт заруулахгүй, хөл хөдөлгөөн ч бага байв. Өмнөх дүр зураг арай өөр болжээ. Тээр тэнд хоёр хүн хонх нүдэж байсан нь тагтаа үргээгчид аж. Тэд сүмийн орой дээр шувуу суулгахгүй гэсэндээ өвөл, зунгүй хонх нүдэж зогсоо нь энэ. Гэсэн ч хэрмэн хашааны гадаах тагтаанууд нар шингэмэгц сүм, дуганы оройд цуглардаг юм байна.
“Гандантэгчэнлин” хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас зарим зүйл тодруулахад “Сүүлийн жилүүдэд “Гандантэгчэнлин” хийд болон соёлын үнэт өв байршиж буй газруудад эмх замбараагүй байдал үүсэн, хүмүүсийн эрүүл мэндэд эрсдэл учирч буйтай холбоотойгоор тагтаа шувуу хооллохгүй байх ажлыг 2014 онд санаачлан, хэрэгжүүлээд явж байна. Энэ хийд бол нийслэлийн түүхэн газар, цаашлаад Монгол Улсын хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг хадгалж, хамгаалдаг хүндэтгэлийн өргөө.
Тиймдээ ч төрийн болон төрийн бус албан айлчлалууд энд явагддаг. Гэтэл тагтааны тоо толгой өссөнтэй холбоотойгоор орчны бохирдол дээд цэгтээ хүрч, соёлын өвүүдэд аюул нүүрлэж эхэлсэн. Мөн хийдийн ажилчид, лам хуврагуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, нүдний өвчин, янз бүрийн арьсны харшил, ханиад томуу дэгддэг болсон. Эдгээрт үндэслэн, “Гандантэгчэнлин” хийдийн захиргаанаас тагтааг хооллохгүй байх журам гаргасан юм. Үүний дараа үй олноороо үржсэн эдгээр амьтдыг хаана суурьшуулах, хооллох талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцсөн.
Өдгөө Тасганы овооны орчимд хооллож байгаа. НЭМГ, НМХГ, БОАЖЯ, ХААИС-ийн судлаачид хамтраад тагтааны биологийн процессыг судалсан. Тэдний хэлж буйгаар хүмүүсийн буруугаас тагтаа генетикийн өөрчлөлтөд орж, маш хурдан үрждэг болсон байна. Байгальдаа амьдрах чадваргүй болсны дээр арьс өнгө, гэдэс, амьсгалын замын халдварт өвчин тээн, тарааж байх эрсдэлтэйг тогтоосон. Тиймээс ганцхан “Гандантэгчэнлин” ч биш олон хүн цуглардаг газарт тагтаа хооллох нь зохисгүй гэж дүгнэсэн юм.
Энэ бүхний эцэст Баянгол дүүргийн XVI хорооны Засаг дарга захирамж гарган, Гандангийн дэнжид будаа зарах, тагтаа хооллохыг хориглосон л доо. Архи уудаг, орон гэргүй, ядарсан иргэд будаа заран, амьдралаа залгуулж буй ч нөгөөтэйгүүр тэд эмх замбараагүй байдал үүсгэсэн. Тиймээс будаа заруулахгүйн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтраад тэднийг ажилд зуучилж, цөөнгүй хүнийг хоолтой нь залгуулсан. Гэтэл ажил хийх дургүй, эрс татгалздаг хүмүүс ч байна. Ямартай ч бид Гандангийн хашаан дотор будаа заруулахгүй, байгууллагынхаа дотоод журмыг мөрдсөөр байгаа. Гэлээ гээд асуудал шийдэгдэхгүй байна.
Хашаанаас гарангуут нөгөө л эмх замбараагүй байдал хэвээр. Төв хаалганаас Дөрвөн замын уулзвар хүртэл тагтаа олноороо машинд дайруулан үхсээр байна. 10 гаруй хүн байнга будаа зардаг. Уг нь хаалганы гаднах асуудлыг Баянгол дүүргийн ЗДТГ, XVI хорооны ажилтнууд зохицуулж, хяналт тавих ёстой. Гаргасан тушаал шийдвэрээ эргэж харахгүй бол болохгүй нь. Бурхны номонд амьтан хооллохыг буян гэж үздэг ч өнөөгийн нөхцөлд эцсийн үр дүнг харах нь чухал. Бидний тэжээсэн амьтад эргээд хүн рүү дайрвал тэр буян мөн үү гэдэг асуудал яригдана” гэсэн юм.
НЭГ БҮЛ ЖИЛД 12-15 КГ САНГАС ЯЛГАРУУЛДАГ
Одоо ч гэсэн тагтаанууд сүм, дуганы дээвэрт үүрээ засан, соёлын өвүүдийг гэмтээсээр байна. 2014 онд Гандангийн ажилчид их цэвэрлэгээ хийхэд зөвхөн Мэгжид Жанрайсаг дуганы дээврээс л гэхэд 3-4 машин сангас гарсан байна. Өдгөө тэд улиралд нэг удаа сүм, дугануудынхаа оройг цэвэрлэж буй юм билээ. Ингэхэд нэг удаад ганцхан дуганаас л 1-2 машин сангас гарч байгаа гэнэ. Тагтааны сангас нь фосфорын хүчил, бусад хүчиллэг бодис ихээр агуулдаг тул төмрийг хүртэл иддэг “шидтэй” гэлцдэг. Дээвэрт дагтаршсан сангас нь сүм, дуганы давтагдашгүй нарийн хээ, модон эдлэлүүдийг гэмтээсэн талаар Ж.Одгарьд хэлсэн юм. Мэгжид Жанрайсаг бурхны өргөөний дээвэр дээр овоорсон сангаснаас болоод хана, тааз нь цуурсан байсныг өнгөрсөн онд засчээ.
7-10 тагтааг нэг бүл гэж үздэг. Тэгвэл нэг бүл жилд 12-15 кг сангас ялгаруулдгийг судлаачид хэлсэн юм. Тагтаанаас гурван сарын хугацаанд хэр их сангас гарах нь ойлгомжтой. Тэр нь их хүнд. Ингээд зогсохгүй тагтаанууд дээвэр дээр сүргээрээ суухдаа байшинд ихээхэн даралт үүсгэдэг талаар барилгын инженер О.Цоож ярив. Тэрбээр “Дээр үеийн шувуун нуруутай, хуучны мансардтай барилгуудад л шувуу үүрээ засдаг. Учир нь нөмөр нөөлөг сайтай, булан тохой ихтэй байдаг. Гэхдээ шувуудыг үй олноороо тэнд үүрлэчихнэ чинээ хэн санах билээ. Тагтааны жин, ялгаруулж буй сангас нь нийлээд барилгын хана, таазыг ганхуулах хэмжээнд хүрсэн нь үнэн. Холбогдох байгууллагууд анхааралдаа авах цаг болоод байгаа. Харин сүүлийн үеийн барилгуудын дээвэр шувуун нуруугүй. Дээврийг нь 70-80 см зузаан материалаар дулаалж, индүүдэж байгаа учир шувууд үүрлэх ямар ч боломжгүй гэсэн үг. Хавтгай хийдэг болсон шүү дээ. Шувуун нурууг өдгөө хийхээ больсон” гэв.
“ТАГТАА БИШ ХҮҮХЭД ХООЛЛО”
Тагтаа 60 гаруй төрлийн нян, вирус тээж явдаг. Энэ нь иргэд тэр дундаа хүүхэд, өндөр настанд аюултай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Тэгвэл Зоонозын өвчин судлалын болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн “Тагтаанаас хүнд халдсан өвчин бүртгэгдээгүй тул судлах шаардлагагүй” гээд тоохгүй сууна лээ. Зохиомлоор үржсэн тагтааны сүрэг нийгмийн эрүүл мэнд болон нийтийн үнэт зүйлсэд заналхийлж байхад нэг дүүрэг, хорооны хэмжээнд ярих бус нийслэл даяар энэ асуудалд анхаарах хэрэгтэй болжээ.
Нэг газарт эл амьтныг хооллож, үржүүлээд байгаагаас өсөж хөгжихөд нь сөргөөр нөлөөлөн, халдварт өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж буйг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэнд, осол гэмтэл хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайхан хэлсэн юм. Тэрбээр “Гадаадын олон оронд тагтааг зохиомлоор өсгөхгүй, зохистой түвшинд тоо толгойг нь барьсаар байна. Хүмүүс тэгтлээ буян хиймээр байгаа бол ядарсан, тэнэмэл хүүхдүүдийг хоолло л доо.
Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд олон байна. Тэгэхгүй бол тагтааны өд, сангас орчныг бохирдуулан, тоосонцор үүсгэж, ханиад томуу дэгдээх үндэс болж байна. Гандангийн дугануудын дээвэр дээр үхсэн тагтаа, сангаснаас их юм алга. Тагтаанаас шууд дамждаг халдварт өвчин бүртгэгдээгүй ч шувууны томуу дэгдвэл хүнд халдаах эрсдэлтэй. Өвчин гарлаа гэхэд маш богино хугацаанд халдвар тараах хэмжээнд хүртлээ тоо толгой нь олширчээ.
Арьс, өдөнд нь хогжруут, уураглаг төрлийн бодис агуулагддаг учир тэр нь гуужихдаа хүмүүст харшил үүсгэх өндөр эрсдэлтэй. Гандангийн ажилчдын дунд харшилтай хүн цөөнгүй. Тиймээс иргэд энэ асуудалд ухаалагаар хандан, эдгээр амьтныг байгалиараа амьдрах, өсөж үржихэд нь туслах хэрэгтэй” гэж ярилаа. Өнөөгийн бодит төрх нэг иймэрхүү байна. Тагтааг энх тайван, эрх чөлөө, аз жаргалын бэлгэ тэмдэг хэвээр үлдээхэд хүмүүс, бидний хичээл зүтгэл хэрэгтэй шүү, та минь ээ.