НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хэмжээнд өсвөр үе, залуусын 50 гаруй хувь нь цахим дээрэлхэлтэд өртдөг гэсэн судалгааг гаргажээ. Хамгийн түгээмэл хэлбэр нь доромжлол, гүтгэлэг аж. Судалгааны энэхүү дүн нь залуусын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нь дэмжих цогц арга хэмжээг төр засгаас авч, хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэж буйг албаныхан хэлсэн.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Дижитал эрин зуунд өсвөр үе, залуусын цахим аюулгүй байдлыг хэрхэвч мартаж болохгүй. Монгол Улс залуучуудад ээлтэй, аюулгүй дижитал ирээдүйг бүтээн, цахим дээрэлхэлтээс ангид байхад нь бид тууштай хамтран ажиллах болно” гэжээ. Цахим орчин нь хүүхдүүдэд сурч хөгжих боломжийг олгодог ч кибер аюул занал, цахим дарамт, худал мэдээлэл, залилан зэрэгт өртөхөөс сэргийлж чадахгүй байгаа юм.
Иймд залуус зөвхөн хэрэглэгч байхаас гадна тэднийг нийгмийн сүлжээнд биеэ зөв, боловсон, соёлтой, хариуцлагатай авч явахад нь эцэг, эх, асран хамгаалагч, багш нар нь тусалж дэмжин, хамтран ажиллах ёстойг мэргэжлийнхэн зөвлөсөн. Ташрамд дурдахад, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн, найруулсантай холбоотойгоор Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмыг боловсруулан, батлуулжээ.
О.Оргилох