Эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн эмийг хямд үнээр хангах тогтолцоог бүрдүүлэхээр нэг эх үүсвэрийн худалдан авалтыг манай улс эхлүүлсэн билээ. Эхний ээлжид БНСУ-ын эмийн үйлдвэрүүдтэй үнийн хэлцэл байгуулсан юм. Үүний хүрээнд тус улсаас 18 нэр, төрлийн эм оруулж иржээ. Эдгээрийг ЭМДС-гаас хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангуудаар худалдаалж эхэлжээ. Тодруулбал, БНСУ-ын эмийн дөрвөн үйлдвэрээс нийлүүлсэн 18 нэр, төрлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож буй гэнэ. Тухайлбал, зүрх судас, чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний эмгэг, эрэгтэйчүүдийн болон дотоод шүүрлийн өвчний үед өргөн хэрэглэдэг эмийг боломжийн үнээр Монголын зах зээлд нийлүүлсэн байна. Тухайн орон нутгийнхаа Өрхийн эрүүл мэндийн төв болон улс, хувийн эмнэлгийн эмчийн бичсэн код бүхий жороор эдгээр эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.