Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ныг Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн “Хайрын өнгө” хэмээх үзэсгэлэнг Монголын театрын музейд өчигдөр нээлээ. Энэ сарын 5 хүртэл дэлгэх эл үзэсгэлэнд Соёлын тэргүүний ажилтан, уран сийлбэрч Б.Гонгор, зураач Б.Хувьт тэргүүтэй 32 уран бүтээлчийн амьдралын олон өнгийг харуулах 50 гаруй бүтээлийг дэлгэжээ. Мөн эдгээр бүтээлийг сонирхсон хүмүүс худалдан авах боломжтой юм. Бас зарим бүтээлийг дуудлага худалдаагаар арилжих юм байна. Урлаг, соёлоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш хамруулах боловсролыг дэмжих зорилгоор Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургууль, Монголын аутизмын холбоо, Монголын театрын музейнхэн хамтран найм дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.
У.Цэцэг