Монголын уул уурхайн үндэсний ассоциацын 2024 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган өчигдөр болж, өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан, энэ оны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталжээ. Мөн 2024 онд УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан эрдэс баялгийн салбарынхны зүгээс улс төрийн нам, хүчнүүдэд хандан уриалга гаргахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, сонгуулийн жилийн улс төрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд эдийн засгийн тулгуур салбарыг “оноо авах” зорилго, сэдлээр ашиглах, тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлөх аливаа үйлдлээс татгалзаж, улс орны нийтлэг эрх ашгаа мартахгүй байхыг уриалав.
Манай улсын ДНБ-ий 25, аж үйлдвэрлэлийн 70, төсвийн татварын орлогын 30 орчим, экспортын 90 гаруй хувийг дангаар бүрдүүлж буй эрдэс баялгийн салбар нь эдийн засгийн тогтвортой байдлын тулгуур багана, өсөлтийн зүтгүүр болохыг дээрх уриалгад онцолжээ. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд одоогоор ашиглалтын 1721 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 10 хүрэхгүй хувьд нь буюу 170 талбайд ашигт малтмал ашиглах байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж. Ийм цөөн тооны уурхайгаас ашигт малтмал олборлон, боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулан, дээр дурдсан хувь нэмрийг эдийн засагт үзүүлж байгаа юм.
Иймээс нэгдүгээрт, мөрийн хөтөлбөртөө тус салбарын хөрөнгө оруулалт, хууль, эрх зүйн орчны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхүйц аливаа төсөл, арга хэмжээ, хөтөлбөр тусгахгүй байхыг хүсжээ. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны явцад судалгаа, тоон мэдээлэлд суурилаагүй, бодит бус аливаа мэдээллийг ашиглан уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, хууль, эрх зүйн орчны тогтвортой байдлыг алдагдуулахуйц сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсэж буйгаа илэрхийллээ.