Цэргийн төв эмнэлгийнхэн Монгол Улсад “Ковид-19” цар тахлын халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн цагаас өндөр ачаалалтайгаар ажиллаж ирсэн. Тус хамт олонд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүнээс сэтгэлийн хандив, итгэлийн талархлыг хүргүүлжээ. Тодруулбал, нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулж, сэтгэлийн хандив болгон “YUWELL 9F-3AW” загварын 5 литрийн зөөврийн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 10 литрийн хүчилтөрөгчийн 2 баллоны хамт Цэргийн төв эмнэлгийнхэнд тус ангийн захирагч Д.Шатаррагчаа гардуулан өгч, талархал илэрхийлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Цар тахлын хүнд нөхцөлд хоёргүй сэтгэлээр ажиллаж буй хос тангарагтай алба хаагчид болон арын албанд нь сэтгэл зүйгээр нь дэмжиж байгаа гэр бүлд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. “Ковид-19” өвчнөөр халдварласан иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, хүндрэлийг багасгахад эдгээр төхөөрөмж тус болно гэдэгт итгэж байна. Хамтдаа хичээж, хамтдаа даван туулъя” гэсэн юм. Мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлагчийн зөвлөлөөс санаачлан “Ковид-19” цар тахалтай тэмцэх ажлын тэргүүн шугамд яваа Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар болоод иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны бүрэлдэхүүнд сэтгэлийн хандив өргөсөн байна.