Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулсан торхтой гоёлын моднууд эзэнгүй, хогийн сав болж хувирчээ. Моддыг навчсаа гөвсний дараа торхыг нь арчилж торддог хүн бараг байдаггүй. “Зуны гурван сар үүргээ гүйцэтгэсэн, одоо хэрэггүй” гэж байгаа мэт л модон торхнуудыг “хог дээр хаядаг” байна. Үүний уршгаар моднууд хугарч гэмтэн, торх нь тамхины иш, архины шил, хог, шороогоор дүүрчээ. Өдгөө гадаа хаврын урь орж, хэзээ мөдгүй мод, бут гөлөглөх нь. Иймд холбогдох байгууллагууд гоёлын моддыг нахиалахаас нь урьтаж арчилж, хог, шорооноос нь салгах хэрэгтэй болов уу.
Эргэн сануулахад, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд торхтой гоёлын моднууд байршуулах ажлыг таван жилийн өмнөөс эхлүүлжээ. Торхтой моддыг зүлэг ногоо, бут, сөөг тарих боломжгүй газруудад байршуулахаар төлөвлөсөн байдаг. Үүний дагуу 2020 оны хоёрдугаар сард торхтой модны сав нийлүүлэх тендер зарлаж, улмаар аравдугаар сард ажлыг гүйцэтгэсэн байна. Албаныхны мэдээлснээр нийтийн эзэмшлийн, мод тарих боломжгүй 84 байршилд 1200 ширхэг торх байршуулжээ. Торхонд мөнх ногоон гацуур, монос, голт бор, даланхальс, гүйлс, буйлс зэрэг гоёлын мод тарьсан аж.
Гэвч иргэд соёлгүйгээс эвдэлж сүйтгэн, бохирдуулснаас болж өнгөрсөн хугацаанд цөөнгүй нь үрэгдэж, хулгайд хүртэл алдагдан, нийтээрээ хог шороонд дарагдаж. Уг нь торхонд мод тарьж, байршуулах нь нийслэлийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээс гадна инженерийн шугам сүлжээг гэмтээхгүй байх, зөөж сэлгэх боломжтойгоороо давуу талтай. Иймд Улаанбаатар шиг утаа, тоостой, ногоон байгууламж муутай газар иргэн бүр мод, зүлгийг гэмтээхгүй, арчилж, хамгаалбал тустай сан.
О.Ундрах