Оксфордын их сургуульд хүмүүний газар зүйн чиглэлээр докторт сурч буй Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
-Оксфордын их сургуулийн докторын хөтөлбөрт хэрхэн тэнцэж, тэтгэлэг авсан талаараа манай уншигчдад хуваалцахгүй юу?
-Би МУИС-д суралцаж байхаасаа л дэлхийн томоохон сургуульд докторын зэрэг хамгаалахыг мөрөөдсөн. Үүний тулд хэл сурах, академик ур чадвар эзэмших, судалгаа шинжилгээний дөртэй болох шаардлагатай байлаа. Хэт гоц гойд ухаантай, ур чадвартай биш л бол томоохон сургуульд шууд сонгогдох, тэнцэх боломжгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө тодорхой түвшинд бэлтгэхэд цаг хугацаа зарцуулсан. Америк, Английн сургуулиудад докторт сурахаар цар тахлаас хойш л материалуудаа илгээсээр байсан юм. Аз болж Оксфордын их сургуульд тэнцсэн. Оксфордын их сургуулийн нэг дутагдалтай тал нь Монгол зэрэг хөгжиж буй орны бидэн шиг иргэдэд тэтгэлэг бага олгодог. Ер нь Английн сургуулиуд тэтгэлэг багатай.
Харин Америкийн сургуулиудад докторын тэтгэлэг их. Англид докторт сурахад зөвхөн сургалтын төлбөрт жилд дунджаар 30 мянган фунт стерлинг буюу 120 орчим сая төгрөг төлөх шаардлагатай. Үүн дээр амьдрах зардал нэмэгдэхээр санхүүгийн хувьд нэлээд их ачаалал үүрэхээр байв. Үүнээс нь болоод “Больдог ч юм уу” гэж бодсон үе бий. Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчны сургуулийн багш, одоо миний удирдагч багшаар ажиллаж буй Ариэль Эхарн Монголоос Оксфордын их сургуульд түүхийн чиглэлээр докторт суралцдаг нэг хүн байдаг талаар тухайн үед хэлсэн юм. Хэрэв би тэнд докторын хөтөлбөрт суралцвал Монголоос гурав дахь хүн нь болохоор байлаа. Үүнийг сонсоод л “асчихсан”. “Докторын хөтөлбөрт Монголоос тэр бүр хамрагддаггүй юм байна шүү дээ. Зүтгэснээрээ зүтгээд үзвэл яадаг юм” гээд л тэтгэлгийн боломжууд хайж эхэлсэн. Тэгээд сургалтын төлбөрийн тэтгэлэг олоогүй ч бусад зардлынхыг олж чадсан. Яг тэр үед Монголд Засгийн газрын тэтгэлэг (хуучнаар Ерөнхий сайдын нэрэмжит) зарлаж таарсан юм. Оксфордод тэнцсэн гэсэн хариугаа үүнээс хэдхэн хоногийн өмнө авчихсан байсан учраас материалаа эргэлзэх зүйлгүй илгээсэн. Ингэж л надад докторт тэтгэлгээр суралцах боломж нээгдсэн дээ.
-Таныг Монголд ирснийг мэдэлгүй, цахимаар ярилцах хүсэлт тавиад ийнхүү нүүр тулан уулзах завшаан тохиолоо. Ажлын шаардлагаар түр хугацаагаар ирэв үү, амарч байна уу?
-Би Оксфордын их сургуульд хүмүүний газар зүйн чиглэлээр суралцаж байгаа. Өмнө нь МУИС-д антропологичоор суралцаж, төгссөн. Эдгээрийн аль алинд нь хээрийн судалгаа хийдэг. Антропологи, хүмүүний газар зүйн ухаанд хээрийн судалгаа хийнэ гэдэг нь хүнтэй уулзаад, хоёр цаг ярилцаад өнгөрдөг зүйл биш юм. Асуулга бөглүүлээд болчихдог ч эд биш. Судалгаа хийж байгаа газартаа суурин байж, хүмүүстэй нь хамт амьдарч, өдөр тутам хийдэг зүйлсийг хийж, иддэгийг нь идэх ёстой. Ингэж байж тухайн хүнийг, нийгэм, соёлыг нь таньж мэдэх боломжтой.
Докторын хөтөлбөрийн эхний жилд тодорхой сургалтуудад хамрагдсан. Онцлог нь бакалавр, магистрынх шиг ямар нэгэн дүн тавьдаггүй. Харин энэ сургалтаар олж авсан онол, арга зүйгээ тайлангаар хамгаалдаг. Дараа нь ёс зүйн зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Үүнд багагүй цаг зарцуулна. Энэ зөвшөөрлийг авч байж хээрийн судалгаагаа албан ёсоор эхлүүлэх эрхтэй. Би өнгөрсөн оны сүүлчээр эрхээ авсан учир жил орчмын хугацаанд хээрийн судалгаа хийхээр Монголдоо ирээд байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл эндээ суурин байж судалгаагаа хийнэ. Гурав дахь жилд нь хээрийн судалгаагаар цуглуулсан зүйлдээ үндэслэн өгүүллээ бичиж, дөрөв дэх жилдээ багтаан түүнийгээ хамгаалах ёстой.
-Тэгэхээр таны хээрийн судалгаа докторын зэрэг хамгаалах үндсэн сэдэв тань гэж ойлгож болох уу?
-Тийм. Миний судалгаа “Монголын малчдын нийгмийн өөрчлөлт” гэсэн ерөнхий сэдэвтэй. Тэр дотроо монгол малчдын ахуй амьдралд гарч буй дижитал шилжилттэй холбоотой өөрчлөлт, нөлөөг онцгойлон судалж байгаа. Антропологи, хүмүүний газар зүйн ухааны гол онцлог нь эхлээд судалгааны датагаа цуглуулах ёстой, дараа нь тухайн сэдвээрээ өмнө нь хийсэн ажлуудын үндсэн санаа, аргументийг няцааж, сөрж, шүүмжлэх ёстой гэж үздэг. Манай Монголд л нийгэм, хүмүүнлэгийн ухаан гэж сулхан гарсан сувс шиг салбар болчхоод байгаа юм. Ер нь баруунд, гайгүй сургуулиудад бол ямар нэгэн шинэ санаа гаргахгүйгээр судалгааны өгүүлэл хэвлүүлэх боломжгүй, эрдмийн зэрэг ч хамгаалах аргагүй. Уржигдархан би МУИС-д нэгэн оюутны бакалаврын ажлын судлагдсан байдлын тоймыг нь харахад хоёр нүүрэнд 10 гаруй судалгаа эшилчихсэн байв. Гэтэл өнгөрсөн хавар доктор хамгаалсан өөр нэг хүний ажлыг сөхөөд үзтэл судлагдсан байдлын тоймдоо тавхан судалгаа дурдсан байсан. Нэг нь бакалаврын, нөгөө нь докторын ажил шүү дээ. Хөгжилтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг, ийм утгагүй байдал бий болчхож. Үүнийг нь хэлж шүүмжлэхээр хувь хүн дээрээ хүлээж авдаг, намайг мууллаа, доромжиллоо гэдэг. Монголд бол асуудалтай тэмцээд хэрэггүй юм билээ. Асуудал ярихаар хувь хүнд төвлөрч хүлээж авдаг. Ямар нэг асуудлыг шийдэх гэж байгаа бол хүнтэй нь тулчихсан нь хамаагүй амар. Манайх бүх л албан бичигтээ тэр улсын зэрэгт хүрнэ, ингэж хөгжүүлнэ гэж тусгасан байдаг ч үүнийхээ төлөө юу ч хийдэггүй. Энэ нь шинжлэх ухааны судалгааны бүтээлийн чанар, түвшнээс харагддаг. Ер нь шинжлэх ухааны судалгаа гэдэг бол заавал шинэ юм бүтээж байх ёстой. Зүгээр нэг санаа бодож олчхоод, түүнийгээ баталсан, өөрт таалагдсан баримтаа түүхийг хэлдэггүй байх нь. Үүнийг англиар “сherry pick” гэдэг шүү дээ. Нэн тэргүүний чухал зүйл нь датагаа хангалттай сайн цуглуулах. Үүндээ үндэслээд өмнө нь байсан онол, санааг үгүйсгэж, өөрийн гэсэн шинэ санаа гаргаж ирэх ёстой. Ерөнхийдөө Монголд байгаа судалгааны хандлагаас тэс ондоо байдаг.
-Таныг докторт суралцахын зэрэгцээ Оксфордод багшилж байгаа гэж дуулсан. Ийм боломжийг хүн бүрд олгодог уу, эсвэл онцгой тохиолдолд уу?
-Үүнийг монгол хэл рүү хөрвүүлэхээр багшлах гэж орчуулахаас аргагүй болчхож байгаа юм. Англиар бол tutor буюу заагч, чиглүүлэгч гэдэг. Оксфорд, Кэмбриж бусад сургуулиас ялгаатай нь гурван семистртэй. Найм найман долоо хоногоор хичээллээд, дундаа сар гаруй амардаг. Тиймээс докторын оюутнуудад заагч, чиглүүлэгчээр ажиллахыг санал болгодог юм. Мэдээж үүнээс урьдаар тодорхой шаардлагуудыг хангах ёстой. Хангасан тохиолдолд нэг хичээлийн оюутнуудыг, ер нь голдуу бакалаврын хөтөлбөрийн цөөн тооны суралцагчийг хариуцуулж, удирдуулж ажиллуулдаг. Ерөнхий үйл явц нь манай семинарын хичээлтэй төстэй боловч сургалтын хэлбэр нь арай өөр. Тодорхой хугацаа өгөөд эсээ бичүүлнэ, өнөөхөө шалгаж хянана, тухайн сэдвээрээ ярилцана. Нэг ёсондоо багшийн туслах гэж ойлгож болно. Систем нь өөр учраас орчуулахад их төвөгтэй. Жишээлбэл, Америкт бүх багшийг профессор гэдэг бол Монголд зөвхөн ийм цолтой хүнийг л профессор гэж дууддаг шиг л ялгаатай ойлголт юм. Би эхний семистртээ Төв Азийн хүрээлэн буй орчны засаглал гэдэг хичээлийн хүрээнд 27 оюутны чиглүүлэгчээр ажилласан. Жижигхэн өрөөнд 2-3-аар нь суулгаж байгаад л эсээг нь уншина, ярилцана, чиглүүлнэ. Ингэж ажиллаад цагийн 15 фунт стерлингийн цалин авдаг. Монгол мөнгөөр бодоход их юм шиг боловч тэндхийн амьдралын өртөг, хичээл заахаас өмнөх бэлтгэлд зарцуулж буй цаг хугацаа зэрэгтэй харьцуулахад бага үнэлгээ шиг санагдсан. Англид цагийн ажлын дундаж үнэлгээ нь 11 фунт стерлинг байдаг юм.
Их сургууль мэдлэгийн бүх салбарт мэргэжилтэн бэлтгэдэг байх ёстой
-Дэлхийн нэр хүндтэй, чансаа өндөр сургуулиудыг яаж ийгээд өөртөө хамаатуулах, нэрнийхээ чимэг болгох гэдэг хандлага Монголд их. Ялангуяа улс төрийн хүрээнд Харвардаар намтраа чимдэг, имиж болгодог хүн цөөнгүй. Босго, шалгуурын хувьд Оксфорд монголчуудад хэр ойр вэ?
-Ер нь мэргэжлээрээ дагнаад, түүндээ карьераа зориулаад, 4-5 жил хангалттай зүтгэсэн хүнд бол зөвхөн Оксфорд гэлтгүй бусад сургуульд ч докторт сурах нь боломжийн. Гол нь тухайн улсынхаа нөхцөл байдлаас л болж байгаа юм. Жишээ нь, манай улс хэчнээн эрдэмтэнтэй билээ, тэдний хэд нь барууны шинжлэх ухаантай хөл нийлүүлж өгүүлэл бичиж чадах вэ, цаашлаад магистр, докторт сурах хүн хэр олон бэ гээд хувьчлаад тооцохоор маш бага. Магадгүй хүн амын тоо өндөр бол өөр байх. Гэхдээ менежмент хийж болно. Манайх жаахан сэтгэдэг, боддог хүмүүсээ талын нэг тараачихсан. Багш, судлаачдаа таван сургуульд хуваачихсан. Дээр нь ШУА гэж төвөгтэй байгууллага байна. Монгол бол хүний нөөц хомс, хязгаарлагдмал орон шүү дээ. Хэрэв үнэхээр энэ хүмүүсээр юм хийлгүүлмээр байгаа бол нэгтгэх хэрэгтэй. Энд тэнд тарааж хаячхаад, хоёрын хооронд цалин өгөөд суулгачихаар юу хийх вэ дээ. Өөрөөр хэлбэл, Монголд авьяастай хүн цөөн. Солиотой санагдаж магадгүй, гэхдээ надад шийдэх эрх мэдэл нь байвал би улсын гуравхан сургууль л байлгана. ШУА-ийг татан буулгана. Одоогийн манай улсын сургуулиуд ЗХУ-ын үеийн нэг мэргэжилтэн дагнаж бэлтгэдэг, ТМС (одоогийн МСҮТ) шиг утгагүй тогтолцоотой. ШУТИС-ийнхан “Манайх л ганцхан инженер бэлддэг” гэж таахалздаг. Багш нар нь хичээлээ бараг заадаггүй, бүгд хувийн компанитай, сургуулийнхаа нэрээр халтуур хийж мөнгө олдог, зөвлөх инженерийн гарын үсгээр төслөөс нэг хувийн цалин аваад сууж байдаг. Гэтэл бусад салбар нь хог болчихсон. Уг нь мэдлэгийн бүх салбарт мэргэжилтэн бэлтгэхийг л их сургууль гэдэг шүү дээ. Монголд хамгийн аятайхан, их сургуулийн дүр төрхтэй нь МУИС. Гэтэл МУИС-д анагаах, амьдралын шинжлэх ухаан гэгддэг хөдөө аж ахуй байхгүй, инженер нь сул. Яг ийм байдлаар л хүний нөөцөө талын нэг тараагаад, тарамдчихсан байгаа. Үнэхээр л болгоё, бүтээе, хөгжүүлье гэвэл менежмент хийх хэрэгтэй. Тэрнээс монголчууд авьяасгүйдээ, эсвэл мэдлэг, чадваргүйдээ гологдоод байгаа юм биш. Би Харвард, Кэмбриж, Оксфорд гээд өчнөөн сургуулиар явж үзлээ. Тэнд академик хүрээнд суралцаж, ажиллаж байгаа монголчууд гойд шүү дээ. Яг үнэндээ энэ сургуулиудын босго тийм ч айхавтар өндөр, дааж давшгүй биш. Докторт суралцана гэдэг нь академик карьер хөөх гэж буй учраас л хэцүү болчхоод байна. Хүмүүс үүнийг карьер гэж харахгүй байх магадлал өндөр. МУИС-ийн доктор, ахлах багш хүний цалин 20 хувийн нэмэгдэлтэйгээ л 1000 ам.доллар шүү дээ. Энэ мөнгө хангалттай юу гээд тооцоод үзээрэй. Судалгааны санхүүжилт, эх үүсвэр тэдэнд байдаггүй.
-Та дэлхийн томоохон сургуульд докторт сурах мөрөөдлөө биелүүлжээ. Ийм сонголт хийхэд нэгдүгээрт, тухайн сургуулийн үнэлэмж, нэр хүнд нөлөөлсөн байх. Хоёрдугаарт, хувь судлаачийнхаа үүднээс өсөж дэвшихийг, суралцахыг хүссэн болов уу. Үүнээс гадна Монголд эрдмийн зэрэг, цол, хэргэм олгодог академик тогтолцооны үнэлэмж тодорхой хэмжээнд нөлөөлсөн үү?
-Тэгэлгүй яах вэ. МУИС-ийн III дамжаанд суралцаж байхад Д.Бум-Очир багш Кэмбрижэд доктор хамгаалж ирээд, хичээл зааж байсан юм. Тухайн сургуульд Монголоос докторын зэрэг хамгаалсан гурав дахь хүн байсан санагдана. Тэр нь надад урам зориг төрүүлж, би ч гэсэн суралцаж болох юм байна гэсэн төсөөлөл бий болгосон юм. Тэгээд л “How are you” ч үгүй байсан хүн англи хэл бие даан сурах гэж хичээсээр зохих оноог нь авсан. Данийн Копенхагены их сургуульд зочин судлаачаар суралцаад, дараа нь Кэмбриж, Нью-Йоркийн их сургууль руу мөн тэтгэлгээр явсан. Ингэж явах үедээ магистрт сурахаар шийдэж, Австралийн Мельбурний их сургуульд хөгжил судлалаар зэрэг хамгаалсан. Би энд Д.Бум-Очир гэдэг хүнийг магтах, тодруулах гэсэнгүй. Гагцхүү багш хүний нөлөө ийм байдаг гэдгийг л хэлэхийг хүссэн юм. Эмч нар хүнийг нэг нэгээр нь, харин багш нар зуу зуугаар нь алдаг гэдэг шүү дээ. Муу багш олон хүний ирээдүйгээр тоглодог бол сайн сурган хүмүүжүүлэгч эсрэгээрээ олон хүнд урам зориг төрүүлж, мөрөөдлийнх нь замыг нээдэг. Аз болж би дандаа сайн багш нартай таарсан, тэднийхээ ачаар өдий зэрэгтэй явна.
Оюуны хулгайтай тэмцэх хамгийн сайн арга бол эрдмийн зэрэг, цолыг нь хураах
-Антропологи, хүмүүний газар зүйн ухаанд докторын хээрийн судалгаа хийхийн өмнө ёс зүйн зөвшөөрөл авдаг гэдэг нь сонирхол татлаа. Ер нь шинжлэх ухааны салбарын судлаач, эрдэмтэд хэр ёс зүйтэй байх ёстой юм бэ?
-Бүх хүнд ёс зүй чухал. Нэгэнт бүгдийг журамлаж чадахгүйгээс хойш ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг үлгэрлэл болгохоос, мөрдөхөөс аргагүй. Шинжлэх ухааны ёс зүйн асуудлаар би нэлээд хэдэн жилийн өмнөөс хэсэг бүлэг хүмүүстэй нэгдээд, дуугараад яваад байгаа. Биднээс өмнө ч гонгинодог, дуугардаг хүн өчнөөн байсан. Монголчуудын ёс зүй, ёс суртахууны үнэлэмж барууны орнуудынхаас их өөр. БНСУ-ын к-поп соёлоос болсон уу, сүүлийн үед манайхан “cancel culture” гэж их ярьж байна. Гэвч үүнийгээ Өмнөд Солонгос, эсвэл барууны жишгээр хэрэгжүүлж чаддаггүй. Хэрэгжих ч үгүй байх. Монгол хүний ёс зүйн үнэлэмж, нэгнийгээ шийтгэдэг байдал тэс өөр шүү дээ. Хэн нэгэн хүн муу зүйл хийлээ гэж бодъё. Ингэхэд тухайн хүнийг дам маягаар шүүмжилж, дам байдлаар шийтгэх гэж оролддогоос биш нүүрэн дээр нь хэлж чаддаггүй. Харин жинхэнэ “cancel culture” бол тухайн гэм буруутай хүн рүү шууд чиглэдэг, сэхэх, өндийх боломжгүй болтол нь “дайрдаг”. Монголчууд бол байнга нэгэндээ боломж өгдөг. Энэ ч үүднээсээ манай улсын шинжлэх ухааны салбарт оюуны хулгай, хуурамчаар зэрэг, цол хүртэж, төсвөөс цалин урамшуулал авдаг явдал гаарсан. Үүнийг мэддэг, нийгмийн сүлжээнд бичдэг, ил цагаан хэлдэг хүн олон. Гэтэл нөгөө талд нь огт тоодоггүй, мулайгаад зүтгэдэг дүүрчихсэн гарууд ч байгаа. Яагаад монгол соёлд аливаа хэргийг хүнээр өөрөөр нь хүлээлгэдэг байсан юм бэ. Хүн улайлгана гэж ярьдаг байсан шүү дээ. Хүн гэм хийсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Тиймээс л гэмийг нь хүлээлгэж байж л шийтгэдэг, хүлээхгүй аваас есөн эрүү тулгах зэргээр тамладаг байж. Баруунд бол нотлох баримт л байвал чамаас юу ч авахгүй, шаардахгүй. Чи гэмээ хүлээхгүй, хэчнээн гүрийгээд ч нэмэргүй.
Ёс зүй, ёс суртахуун гэдэг бол хүний амьдралд маш чухал. Үүн дээр унаж байгаа хүн амьдралд бүдэрдэг, балардаг. Эрдэм шинжилгээний хүрээнд хийсэн үүнтэй холбоотой “гэмт хэрэг” хожим хойно ч илэрдэг. Дипломын ажил, эсээ бичихдээ бусдынхаас хуулсан, худал зүйл бичсэн, амжилттай яваа маш олон хүн, улс төрчид хожим баригдаж, огцорсон түүх бий шүү дээ. Оюуны хулгайн асуудал Монголд ч гэлтгүй дэлхий дахинд байдаг. Гол нь тэд тэмцдэг, үнэнийг илчилдэг. Монголд л тоохгүй байна.
-Оюуны хулгай бол дэлхий нийтэд байдаг асуудал гээд тоолгүй орхиж болохгүй шүү дээ. Үүнтэй ер нь яаж тэмцэх ёстой вэ?
-Барууны орнууд дахь эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд нь бүгд ёс зүйн хороотой байдаг. Тэр хороо нь ажлаа хийдэг. МУИС-д ёс зүйн хороо байгуулсан ч өнөөх нь ажилладаггүй юм билээ. Ёс зүйн асуудлаар хуралдаж, буруу, зөвийг тогтоох байтал “Тэрэнтэй харилцаагаа муутгаад, хэрэлдээд яах вэ” гэж болгоомжилдог шиг байна лээ. Би тэгж анзаарсан. Шийдлийн хувьд хамгийн шилдэг тэмцэл нь гэвэл зэрэг, цолыг нь хураах шүү дээ. Ийм тохиолдол дэлхийд өчнөөн. Манай улсад ингэвэл Монголын хамаг л нэр төртэй эрдэмтдийн зэрэг, цолыг хураах шаардлагатай болно. Яагаад гэхээр манайд үүнийг шалгаж, хянадаг тогтолцоо байгаагүй. Социализмын үед үзэл суртлыг маш сайн хянадаг байсан учраас оюуны хулгайг ч нэлээд шүүдэг байсан юм билээ. Тэгээд ардчилалд шилжсэнээс хойш бүх зүйл задгайрч, ёстой дураараа болцгоосон. Боломжтой бол оюуны хулгайн бүтээлүүдийг бүгдийг нь цуглуулж, дата үүсгээд, нийтэд ил болгох юм сан. Замбараагүй их дата үүсэх байх.
-Орчин цагт хиймэл оюун ухааны тусламжтайгаар дипломын ажил, эсээ, бие даалтаа зовлонгүй хийдэг болсон гэлцэх. Их сургуулийн багш нар нь хүртэл ингэж ярьж, бичиж байгаа. Ийм боломж бий юү?
-Саяхан яг ийм гарчигтай ярилцлага нэгэн сайтад харсан юм. “Сайхан худлаа ярьж байна даа” л гэж бодсон. Монголд бол техникийн нөхцөлөөсөө хамаараад ийм хулгайг илрүүлж чадахгүй байж болно. Харин хөгжингүй орнуудад, ялангуяа англи хэлээр бичсэн эрдэм шинжилгээний ажилд бол хоёрхон холбоо үг, өгүүлбэр хуулбарлахад л гаргаад ирнэ. Тэгэхээр техникийн нөхцөлөө сайжруулах байдлаар энэ төрлийн хулгайг хязгаарлаж болно. Мөн дипломын ажлыг хянаж, шалгах ёстой хүмүүс нь ажлаа хийх шаардлагатай. Америкийн зарим сургуульд доктор хамгаалсан хүмүүст ажил өгдөггүй. Докторын зэрэг хэрхэн хамгаалуулдаг, ямар хүмүүс төгсгөдгийг нь мэддэг учраас тэр. Нэг талаасаа “Танай сургууль ч дээ” гэж ялгаварлаж байгаа хэрэг. Гэхдээ тэртэй, тэргүй академик салбар нь хүний нөөцөөр хахчихсан байгаа улс хамгийн шилдгийг нь л ажиллуулна шүү дээ. Монголд бол судлагдсан байдлын тоймдоо тавхан эшлэл авчихсан хүнийг л докторын босго давуулчхаж байна. Маш өнгөц зүйл ярихад л ийм байгаа.
Шинжлэх ухааны салбарт ч “долоогч”, долигоногч бий
-Шинжлэх ухааны салбарынхан өөрсдөө бас маш хүлцэнгүй, дорой, чимээгүй байдаг. Саяхан гэхэд эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэгэн судлаач оюуны хулгай илрүүлсэн талаараа нийгмийн сүлжээнд бичжээ. Гэвч хэргийн эзэн буюу гол буруутныг дурдалгүй, маш тойруу, бүрхэг байдлаар үнэнийг “илчилсэн” байна. Тогоо руугаа нулимахгүй, асуудлаа дотроо шийднэ гэх хандлага түгээмэл ажиглагддаг. Харин та нэр устай зарлаж байгаад л нэлээд чанга дуугардаг шүү дээ.
-Ер нь аливаа салбарын дампуурал тэр салбарынхаа хүмүүстэй холбоотой байдаг. Шинжлэх ухааны салбар уруудан доройтож, буруудаж, чанар чансаа нь унаж байгаа бол тэнд ажиллаж буй хүмүүстэй л холбоотой. Энэ бол эзэнтэй асуудал. Толгой хагаравч малгайн дотроо, тохой хугаравч ханцуйн дотроо гэх явуургүй үгээр хаацайлж, муу муухайг өөгшүүлж дэвэргэх хүн шинжлэх ухааны салбарт цөөнгүй. Арга ч үгүй шүү дээ. Даргад долигонож, ая тал засаж байж л тухайн салбарт ажилладаг, хүлээн зөвшөөрөгддөг хогийн тогтолцоог Монголд угсарчихсан юм. Улс төрд л “долоогч”, долигоногч байдаг юм биш, шинжлэх ухааны салбарт ч бий. Энэ бохир тогтолцоог задалж, үүнээс салах гэж л бид үглэж дуулдаг юм. Ерөөсөө энэ бүхний суурь шалтгаан нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны боловсрол муутай холбоотой. Ялангуяа дарга, цэргийн дарамтын асуудал байгалийн шинжлэх ухаан болон инженерийн салбарт их. Нийгэм, хүмүүнлэгт ч тодорхой хэмжээнд бий. Багш, судлаачид нь төрөөс өгч байгаа төсвөөс хамааралтай, үүнээс болж хоорондоо алалцдаг учир дарга нэртэй хэдхэн хүнээс хараат болдог. Нэг бол их сургууль руу явна, үгүй аваас ШУА руу очно. Тэнд очоод хэн нэгэн даргад долигонохоос аргагүй. Энэ асуудал цаашлаад засаглалын хэлбэр, тогтолцоотой холбоотой. Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн даргыг яагаад мэдлэг, чадварт нь үндэслэж, мерит зарчмаар томилдоггүй юм бэ. Яагаад тэнд ажилладаг багш нар болон ажилчдын саналаар сонгодог вэ. Өөрөөр хэлбэл, мэдлэг, чадвараар үнэлэгддэг биш, улс төрөөр ажилладаг тогтолцоо угсарчихсан байна. Тэгэхээр улс төрийн хов хутгахаас аргагүй.
-ШУА-ийг тойрсон шүүмжлэл их. Нүсэр бүтэцтэй, тэгсэн хэрнээ бүтээмжгүй ийм байгууллагыг төсвөөс санхүүжүүлж заавал байлгах шаардлагатай юу гэдэг асуудал ч яригддаг. ШУА-ийг яг одоогийн тогтолцоогоор явуулбал бид ямар үр өгөөж хүртэх вэ?
-Ямар ч үр өгөөж хүртэхгүй. Л.Энх-Амгалан БШУ-ы сайд байхдаа үүнийг нотолчихсон шүү дээ. “ШУА-ийнхан 180 тэрбум төгрөгийг 5000 гаруй төсөлд зарцуулжээ, үр дүн нь тэг” гэж хэлсэн. Энэ бол салбарын сайдынх нь хэлсэн үг. Яг манайх шиг ийм тогтолцоотой, ШУА-тай улс дэлхийд цөөн. Хуучин ЗХУ-ын жишгээр бий болгосон, одоо хойд хөршид л байгаа тогтолцоо шүү дээ. Харин бусад орны академиуд нэтворк байдлаар буюу хүрээлэнгүүддээ төвлөрч ажилладаг. Манайд хэдэн хүн хүрээлэнгээсээ гарч ирээд, нэгнийгээ сонгож даргаар томилоод, төсөв мөнгө хуваарилдаг, улс төрчдийг лоббидож академидаа элсүүлээд илүү их санхүүжилт авахыг боддог. 2021 оны статистикаас харахад, ШУА-ийн зөвхөн урсгал зардал болон ШУТС-гийн санхүүжилтэд нийт 30-аад тэрбум төгрөг төсвөөс хуваарилсан байсан. Гэтэл тэдний хийж байгаа судалгаа нь хэцүүхэн. Байгалийн ухааны салбарынхныг мэдэхгүй юм, манай нийгмийн ухааныхан бол сумын ой тэмдэглээд л явж байдаг шүү дээ. Налайх дүүргийн ой тэмдэглэчихсэн, төрсөн сумынхаа улс төрчийг хошхируулж байгаад ийм тийм судлал нэртэй ном хэвлүүлчихсэн хүмүүс байна. Сүүлдээ Л.Энх-Амгалангийн сонгуулийн ажилд хүртэл оролцсон шүү дээ. Шинжлэх ухаан яагаад ийм байдалд хүрэв. Төсөв санхүүжилт бага байдагтай нь л холбоотой. Заавал дарга, улс төрчид ая тал засаж байж мөнгө авдаг, үгүй бол хоосон хоцордог тогтолцоотой. Одоо ШУА-ийн бүх хүрээлэнг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж байгаа. Төсөв санхүүжилтийг нь нэмэх юм гэсэн. Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр юу хийх вэ дээ. Боловсролын сайд байхдаа юу ч хийгээгүй хүн шүү дээ.
-Академийн удирдлагууд шинжлэх ухааны салбар ийм дорой буурай байгаа нь санхүүжилттэй л холбоотой гэж зовлон ярьдаг.
-Санхүүжилтийг нь нэмээд нэмэргүй, юу ч өөрчлөгдөхгүй. ШУА-ийн удирдлагууд, тэндээс төрөн гарсан академичдыг “Google”-ээс хайгаад үзээрэй, нэр нь ч гарч ирэхгүй. “Google”-дээд нэр нь гарч ирэхгүй хүн шинжлэх ухаанд юу хийх юм бэ. “Мөнгө өгвөл л болчих гээд байна” гэж бүгд ярьдаг. Авьяас билиггүй, шинжлэх ухаан гэж юуг хэлдэг талаар наад захын ойлголт, мэдлэггүй баахан хүн энэ хүрээлэнд байдаг. Тийм учраас л дүүргийн 100 жилийн ой тэмдэглээд явж байна. Бичсэн, хэвлүүлсэн бүтээлүүд нь гэж авах юмгүй. ШУТС-гийн цахим хуудсанд нэвтрээд санхүүжүүлсэн төслүүдийнх нь нэрийг хараарай, 150 үгтэй хураангуйг нь уншаарай. БШУЯ-ныхан социализмын үед зарладаг байсан “Шинэ бүтээл, оновчтой санаа” уралдааныг 2018 онд зохион байгуулахад бэлгэвчний автомат машиных түрүүлсэн шүү дээ. Тэгээд 10 сая төгрөгөөр шагнуулсан. Энэ машин чинь барууны орнуудын баар, цэнгээний газар, гудамж, талбайд энд тэндгүй байж байдаг, ариун цэврийн цаас шиг л зүйл. Гэтэл манайхан үүнийг шинэ бүтээл гэж шалгаруулсан. Ийм л байна. Би тэр үедээ бухимдаад пост хүртэл бичиж байлаа.
-Бид их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байгаа бүх хүнийг судлаач гэдэг. Ер нь орчин цагт ямар хүнийг судлаач гэж хүлээн зөвшөөрдөг юм бэ?
-Дэлхийн томоохон их сургуулиуд, Монголынход ч байдаг нийтлэг журам бий. Тэр нь дэлхийд томоохонд тооцогдох мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэх, дэлхийд үнэлэгддэг хэвлэлийн газраар номоо хэвлүүлэх. Байгалийн ухааны салбарынхан бол “Томсон Ройтерс”, “Скопус”-т бүртгэлтэй сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлж байж хүлээн зөвшөөрөгддөг. Судлаач гэчхээд англиар уншдаггүй, бүтээл хэвлүүлдэггүй бол тэр хүн судлаач биш. Ингэж хэллээ гээд зөвхөн кирилл бичигтэй ах, эгч нар, найз нөхөд маань дургүйцэх л байх. Гэхдээ уучлаарай, чи монгол хэлээр шинжлэх ухааны байтугай энгийн мэдлэг ч олж авч чадахгүй. Судлаач гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хөндлөнгийн үнэлгээтэй, чансаа өндөр сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн байх ёстой. Ийм журам МУИС, ШУТИС, Оксфорд, Кэмбриж гээд бүх сургуульд бий. Магадгүй ШУА-д байхгүй болов уу.