Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийнхөн дэргэдээ Арьс, ширний болон Вирусгүй төмсний бичил булцуу өсгөвөрлөх үржүүлгийн лабораторийг шинэчлэн байгуулж, өнгөрсөн баасан гарагт нээлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Өнгөрсөн 55 жилийн хугацаанд тус төвд шинэчлэл хийгээгүй. Харин өдгөө хоёр том лабораторитой болсноор салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх шинэ хуудас нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэх, шилдэг инновацуудыг эх орондоо нутагшуулах боломж бүрдлээ” гэсэн юм.
1970 оноос хойш технологийн шинэчлэл хийгээгүй Арьс, ширний төв лабораторийн тоног төхөөрөмжийг Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн 1.1 сая ам.долларын санхүүжилтээр байгаль орчинд ээлтэйгээр ийнхүү бүрэн шинэчилжээ. Ингэснээр лабораторийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, арьс, ширэн түүхий эд, хагас болон гүн боловсруулсан савхи, бэлэн бүтээгдэхүүнд 60 гаруй нэр, төрлийн шинжилгээ хийхээр болсон байна. Эдгээр шинжилгээг арьс, ширний, хими, физик, механикийн, гутлын чанарын, GMP стандартын, бохир усны гэсэн үндсэн таван лабораторид хийх аж.
Харин Вирусгүй төмсний бичил булцуу өсгөвөрлөх үржүүлгийн лабораторийг улсын төсвийн 500 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ. Энд ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, нутагшуулсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, төмсний үр, үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгох гэнэ. Тус лабораторийнхон “Манай улс төмснийхөө дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа. Гэсэн ч сүүлийн жилүүдэд төмсөнд эмгэг төрүүлэгч мөөгөнцөр, бактери, вирусний хор хөнөөл нэмэгдэж буй нь ургац бууруулах нэг хүчин зүйл болж байна. Энэхүү хор хөнөөлийг бууруулах арга нь вирусгүй үрийн төмс буюу бичил булцуу гарган авч, үрийн аж ахуйд нийлүүлэх явдал юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд жилд 350-400 мянган ширхэг бичил булцуу шаардлагатайгаас 50 хувийг нь Ургамал газар тариалангийн хүрээлэн, 20 орчим хувийг нь Ургамал хамгааллын хүрээлэнд үйлдвэрлэдэг. Харин бид үлдсэн 30 хувийг нь үржүүлж, улсын хэрэгцээг хангах юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд дутагдаж буй төмсний булцууны үрийг бүрэн хангаснаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох төмсийг экспортлох боломж нээгдэнэ” хэмээв.
О.Ундрах