Монгол Улсын зохион бүтээгч цол тэмдгийн эзэн М.Батсүхтэй ярилцлаа. Өдгөө 66 настай тэрбээр багын мөрөөдлөө ажил хэрэг болгож, өөрийн гараар онгоц, завь, мотоцикл бүтээжээ. Нэгдэлд жолоочоор удаан хугацаанд ажилласан түүний хувьд хүүхдүүдээ бүгдийг нь сургууль төгсгөчхөөд санаа амарч, улмаар мөрөөдлөө биелүүлэхээр шийджээ. Түүний эхнэр О.Нармандах “Батсүх анх надтай гэрлэхдээ л нисгэгч болох мөрөөдөлтэй байлаа. Хүн болж төрснийх агаарт гараад үзчих юм сан гэж үргэлж хэлнэ. Ингэж явсаар ханийн минь мөрөөдөл миний ч мөрөөдөл боллоо. Гэвч олон хүүхэдтэй айлд санхүү мөнгөний асуудал мундахгүй. Тиймээс юу ч гэсэн бүсээ чангалаад, хүүхдүүдээ л мэргэжил боловсролтой болгохоор зорьсон. Тэгтэл хоёр жил гаруйн өмнө хүүхдүүд маань аавынхаа мөрөөдлийг биелүүллээ. Аавынхаа хүсэж, мөрөөддөг онгоцыг нь нууцаар аваад ирэв. Нөхөр маань уйлаад л, сэтгэл нь их хөдөлсөн. Үүнээс хойш өөрөө хоёр ч онгоц бүтээлээ. Би аль чадлаараа л дэмжих гэж хичээнэ. Гэхдээ надад техник сэтгэлгээ байхгүй шүү дээ. Тиймээс нөхөр, хүүхдүүдээ дэмжихэд л анхаардаг. Нутгийнхан минь намайг нисгэгчийн эхнэр гэдэг юм” хэмээлээ.
-Та ээжийнхээ, хүүхдүүд тань таны мөрөөдлийг биелүүлсэн гэх юм билээ. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юү?
-Би бага ангиасаа эхлээд л нисэх загвар сонирхсон. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн физик, математикийн Нармандах багшийн шавь болж, хамгийн анх нисэх загвараар хичээллэж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүсэл мөрөөдлөөсөө ухарч, няцсангүй. Ер нь багаасаа л техникт сонирхолтой байлаа.
Аав багш, ээж эх баригч бага эмч мэргэжилтэй. Ээж минь өдгөө 86 настай. Би багаасаа л нисгэгч болох юм сан гэдэг хүүхэд байв. Тиймээс ээж намайг их дэмжинэ. Хүү нь хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт үргэлж итгэдэг байлаа. Энэ мөрөөдлийг хүүхдүүд минь биелүүлж өгсөн юм. Ер нь би онгоц хийх гэж өч төчнөөн удаа бүтэлгүйтсэн. Өөрөө онгоц хийгээд туршилтаар нисгэж байгаад хэд хэдэн удаа унасан. Тэгээд л ер нь больё. Олон хүүхэдтэй хүн осолдчихвол тэднийг минь хэн харах билээ гэж бодсон. Найз нөхөд ч уулзахаараа “хэрэггүй ээ, чи уул, ус, цас гээд л бүхнийг туршиж үзлээ. Одоо болно” гэдэг байв. Тэгтэл одоогоос хоёр жилийн өмнө хүүхдүүд маань онгоц авч өгсөн. Ёстой огт төсөөлөөгүй явсан л даа. Их үнэтэй шүү дээ. Жаахан юм шиг л санаж явсан хүүхдүүдээ тийм том болчихсоныг тэр үед л ойлгосон. Тэгээд л зам шулуудна гэдэг шиг онгоц бүтээх боллоо.
Ээжийн талд гарын ур дүйтэй хүн олон бий. Би ээжийгээ дуурайсан байх. Хүмүүс хааяа ээжтэйгээ адилхан харагддаг л гэдэг. Ер нь ээжийн талынхныг судлаад үзэхээр техник сэтгэлгээ сайтай, гарын ур дүйтэй хүмүүс байдаг юм билээ.
-Гэр бүлийн хүн тань таны мөрөөдлийг их дэмждэгээ хэлсэн. Гэвч өндөр зардалтай хоббитой байх нь заримдаа хэцүү юү?
-Бид нэг ангийн хоёр. Цэргээс халагдаж ирээд эхнэртэйгээ гудамжинд таарч байлаа. Тухайн үед гурван жилийн алба хаадаг байв. Ер нь цэргээс ирээд л гэр бүл болчихсон. Өдгөө зургаан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Бага, залуугаасаа нэгнээ мэдэж, ханилан суусан юм болохоор хүсэл мөрөөдлийг минь хорьдоггүй. Харин ч дэмждэг. 43 жил гэдэг богино хугацаа биш шүү дээ. Хань минь намайг надаас дутахааргүй мэднэ. Бид эхлээд хүүхдүүдээ их сургууль төгсгөж эмч, багш, инженер болгосон. Харин дараа нь хагас жил хэвтэрт байхдаа багын мөрөөдлөө санаж, хийж үзэх зориг, хүсэл тэмүүлэлтэй болсон юм. Ингээд зузаан цасан дээр явдаг мотоцикл, далай дээгүүр зорчиход зориулагдсан, ямар ч үед осолдохгүй завь гэхчлэн ёстой л толгойд бодогдсон болгоноо хийж эхэллээ. Энэ ажилд гэр бүл болон найз нөхөд маань маш их тус хүргэснийг дурдвал дуусахгүй. Ямартай ч ингэж явсаар саяхан нэг хүний онгоц бүтээгээд байна.
-Тэгэхээр хүнд өвчин туссан нь мөрөөдлөө биелүүлэх хөшүүрэг болсон гэж ойлгож болох уу?
-Хүн ер нь аливаа зүйлийг хийе гээд зоригловол заавал их мөнгө гаргахгүйгээр биелүүлж болдгийн нэгэн жишээ нь би гэж боддог. Байгаагаараа л болгох гэж хичээх хэрэгтэй. Юмхнаар юм хийх ухаанд суралцах ёстой юм. Би бурхан шүтдэггүй. Харин гэр бүл, байгаль эх, найз нөхөд зэрэг бодит зүйлийг л шүтэж амьдардаг. Намайг таньдаг бүхэн миний хувьд бурхан. Харин олж хараагүй, мэдэхгүй зүйлээ шүтэх нь өрөөсгөл. Ингэж хэлэхээр зарим хүн дургүйцэх л байх. Гэхдээ хүн бүр харилцан адилгүй шүү дээ. Миний, чиний амьдралыг үзэх үзэл, хандлага ялгаатай. Найз нөхөд, гэр бүлийнхний минь ачаар ажил төрөл бүтэмжтэй, үргэлж олз омогтой байдаг. Ер нь аливааг оролдоод үзье, болгоё гэсэн санаа хүнд өвчин тусаж, хэвтэрт хагас жил гаруй болсноос үүдэлтэй. Хүн хөдөлж ч чадахгүй хэвтэрт орсныхоо дараа үзээд алдахгүй яав даа гэж боддог юм билээ. Тэгээд л бие тэнхэрсний дараа ёстой л амьдрах итгэл найдвар дүүрэн хүн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр шаргуу зүтгэж эхэлсэн. Энэ хугацаанд амьдралын үнэ цэнийг илүү ойлгосон гэх юм уу. Зовлон үзэж байж л жаргалаа мэдэрдэг юм билээ.
-Олон жилийн мөрөөдлөө биелүүлээд тэнгэрт хөөрөх мэдрэмж ямар байсан бол?
-Би нисгэгч биш. Гэхдээ нисэх онгоцны загваруудыг өөрийн гараар хийж, нисгэсэн туршлагатай. Тиймээс надад бага ч гэсэн суурь мэдлэг байсан юм болов уу. Гэвч нисэх үед энэ бүхэн худлаа санагдсан. Үндсэн суурь, онолын мэдлэг байсан ч яг тэнгэрт хөөрөх мөчид юу хийхээ мэдэхгүй төөрөлдчихсөн. Хүн газрын амьтан гэдэг шүү дээ. Энэ үнэн юм билээ. Газраас 3-4 метрийн өндөрт хөөрөхөд л тархи яаж ажиллахаа мэдэхгүй гацна. Ингэж олон удаа давтсаар нисэж сурсан. Агаарт гараад их жаргалтай болдог. Өмнө нь хэт өндөрт нисэх уйтгартай санагддаг байлаа. Харин нам дор нисэж, орчин тойрноо ажиглах дуртай. Харин одооноос нэлээд хүнд гэж тооцогддог нислэгүүдийг сурах гэж байгаа. Ер нь би их экстрем зүйлд дуртай хүн бололтой.
-Таны хүү болон ач хүү тань энэ мэргэжлийг өвлөн авсан гэж сонслоо. Эрсдэлтэй, зардал өндөр гэх мэтээр та хориглож байв уу?
-Яагаад ч юм аав нь дуртай болохоор хүү маань өвлөөд авчихсан. Ач хүү ч мөн адил. Жаргал, зовлонг нь мэддэг болохоор нэг бодлын их хэцүү. Гэхдээ бас сайхан. Хүсэл мөрөөдлийг нь боож, болохгүй, бүтэхгүй гэж хэлүүлэх ямар хэцүү гэдгийг мэддэг болохоор хүүхдүүдээ огт хүчилдэггүй юм. Ер нь хүн үр хүүхдийнхээ араас санаа зовохоор сайн зүйл боддоггүй юм байна. Үргэлж л тэгчих болов уу, ингэчих вий гээд л бүтэмжгүй зүйл бодож, шанална. Гайхалтай сайхан зүйл ер бодохгүй. Хүүхдээ гадаадад сургахаар явуулчхаад өлсөж, цангаж байгаа болов уу гээд боддогтой адил юм билээ. Харин сүүлдээ хувь тавилан юм байна гэж итгэдэг боллоо. Гэхдээ хүүхдүүдээ заавал миний хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлээрэй гэж хэлдэггүй. Мэдлэг, мэргэжилдээ үнэнч байхад л болно. Тэд ч бас хүсэл мөрөөдлөөрөө амьдрах эрхтэй.
-Ач хүү тань нисгэгч мэргэжлээр Москвад суралцаж байгаа гэж сонссон. Тэгэхээр гурван үе дамжсан нисгэгч болох нь.
-Том ач хүү маань ерөнхий боловсролын сургуулиа онц дүүргээд, Москва руу нисгэгчийн сургуульд явсан. Одоо гуравдугаар курсийн оюутан. Нялх балчир наснаас нь эхлээд л онгоцны талаар ярьсан минь тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх. Ер нь ач, зээ нар цөмөөрөө л онгоц сонирхож, нисгэгч болно гэх болжээ. Том хүү маань бага охиноо хажуудаа суулгаад нисдэг. Үнэхээр дуртай.
-Өөрийн зохион бүтээсэн онгоц, завь, цасны мотоцикл зэрэг бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулсан уу?
-Монгол хүн хийж, зохион бүтээсэн гэхээр итгэдэг хүн маш ховор. Ер нь тоодоггүй. Дээхнэ үед “Аэросайне” гэдэг цасан дээр гулгаж, усан дотор явдаг завь хийсэн. Дараа нь аяллын чиргүүл ч хийлээ. Тэгээд л оюуны өмчөө баталгаажуулж, патент авъя гэхээр өгдөггүй. Уг нь татвар, төлбөрөө өгөөд л албан ёсоор үйл ажиллагаа эрхэлье гэж байгаа юм. Гэтэл гаалийн бичиг нэхээд л зогсоочихдог. Мөн өөрийн зохион бүтээсэн “Аэролот” загварын бүтээлээ ОБЕГ-ын аврагчдад үнэгүй өгөхийг хүссэн. Тэгтэл зөвшөөрөөгүй. Гол шалтгаан нь монгол хүн хийсэн болохоор л тэр шүү дээ. Уг нь би бизнес хийж, мөнгө олох гэж бус, олон хүний амийг аврахад нь хэрэгтэй гэж л бодсон юм.
-Энэхүү бүтээлээ хэдий хугацаанд хийв. Материалаа яаж сонгодог талаараа мэдээлэл өгөхгүй юү?
-Мэдээж өртөг өндөр. Хөгшин бид хоёрын тэтгэвэр, үр хүүхэд, найз нөхдийн дэмжлэгээр л хийж байна. Нэг үеэ бодвол сүүлийн үед материалын сонголт нэмэгдэж, аливааг хялбарчлах боломж бүрдсэн. Тэгэхээр ер нь тун дажгүй шүү. Гэхдээ онгоц бол мотоцикл, эсвэл завьтай харьцуулшгүй хүнд ажил. Судалгаа, олон удаагийн туршилт шаардлагатай болдог юм.
-Одоогоор хэчнээн бүтээл хийгээд байна вэ?
-“Аэросайне”, “Аэролотка”, “Дельтаплат”, дөрвөн дугуйт гэх мэт нэлээд хэдэн бүтээл бий.
-Таны цаашдын зорилго юу бол?
-Манай нутагт Дэдэн Түмбэн хэмээх 2910 метрийн өндөр уул бий. Энэ уулын оройд цасны мотоциклтойгоо гарахаар бэлтгэж байна. 2026 онд багтаахаар төлөвлөсөн. Бас л миний нэг хобби гэх юм уу.
У.Цэцэгсүрэн